Зураг бүхэн түүхийн гэрч

-ХАМГИЙН ОЛОН УРТЫН ДУУ ДУУЛСАН УРТЫН ДУУЧИН-

Уртын дуу гэдэг маш урт амьсгаа, маш олон хэв шинжийг агуулсан үндэсний сонгодог урлаг юм. Монгол ардын уртын дууг шинэ утга агуулгаар баяжуулан тайзны урлаг болгон хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж, уртын дуу дуулах арга зүй, дууны ая дэг, давтагдашгүй онцлог шинжийг судлан, анх удаа уртын дууг нотолсон хүн бол “Зууны манлай” уртын дуучин, МУГЖ Ж.Дорждагва юм.

Бид энэ удаагийнхаа “Зураг бүхэн түүхийн гэрч” буландаа “Зууны манлай” уртын дуучин, МУГЖ Ж.Дорждагва, “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнд хамгийн олон удаа дуулсан МУГЖ Ц.Дагванамдал нарын 1953 онд авахуулсан түүхэн зургийг онцолж байна.

Жигзавын Дорждагва 1904 онд Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу, өнөөгийн Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг, “Дэрсэн Ханд” хэмээх газар мэндэлжээ. Багадаа хийдэд шавилан сууж, 19 насандаа харлан, Нийслэлд ирсэн түүхтэй аж. Түүний аав маш сайн дуулдаг хүн байсан гэдэг. Өөрөө юмханаар юм хийчихдэг гарын уртай, эгэл даруу нэгэн байжээ. Тэрээр зөвхөн уртын дуучин байсан гэвэл өрөөсгөл ойлголт аж. Бөмбөгөр ногоон театр гэж байхад Монголын анхны хормейстер буюу найрал дууны багш, судлаач, уртын дууг хамгийн анх нотолж үлдээсэн, Монголын урлагт асар их хувь нэмэр оруулсан уран бүтээлч ажээ.

Монголчууд уртын дуугаа Боржигон, Хурх, Биндэр голдуу Баянбараат аялгуугаар дуулдаг байж. Ж.Дорждагва агсны хувьд ямар ч түүртэх зүйлгүй бүх дууг аялга, аялгуугаар нь маш чадварлаг ялган дуулдаг байсан аж. Түүний хоолой маш өргөн цараатай. Нэгээс гурван октавын хооронд дуулдаг, чадалтай, уянгалаг байжээ.

МУГЖ Ж.Дорждагва сонсгол их сайтай, дуулж буй дууныхаа цохилго, хаялга, нугалаа, хугалаа, шуранхай, бөнжигнөх зэрэг чимгүүдийг маш уран чадварлагаар хийдэг.  Тийм ч учраас ард түмний сонголтоор “Зууны манлай уртын дуучин” гэх эрхэм цол хүртсэн байна.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач Ч.Буянхишиг “Ж.Дорждагва Монголын урлагт асар их хувь нэмэр оруулсан” хэмээн дурссан байдаг.

Мэргэжлийн дуучдыг бэлтгэж буй их, дээд сургуулиуд бүгд энэ эрхэм хүний дуулах арга барилыг сургалтын программдаа хэрэглэдэг. Тэрээр 1973 онд “Зууны манлай” уртын дуучин Н.Норовбанзад гуайтай хамтран Монголын анхны уртын дууны курс байгуулжээ. Энэхүү курсээс маш олон чадварлаг уран бүтээлч төрөн гарсан аж. Тухайлбал, МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУГЖ А.Нэргүй, МУГЖ Ц.Түвшинжаргал, МУГЖ н.Сарантуяа, МУГЖ н.Баттөмөр зэрэг шавь нар нь одоогийн уртын дуучдыг бэлтгэн гаргаж байгаа мундаг багш нар болжээ.

“Зууны манлай” уртын дуучин МУГЖ Ж.Дорждагва хамгийн олон уртын дуу дуулсан уртын дуучин бөгөөд бүтээлүүдийн тоо нь 300 хүрсэн байна. Монголын радиогийн фондонд 60 гаруй дуу дуулж үлдээжээ. Түүний дуулснаар ард түмний сэтгэлд хоногшиж үлдсэн дуунуудаас “Дуртмал сайхан”, “Цэвцгэр хурдан шарга”, “Дөрвөн цаг”, “Сэтэрт шарга”, “Цэвцгэр хурдан шарга”, “Түмэн эх”, “Гишгэдэл сайт”, “Хүрэнгийн жороо”, “Эртний сайхан” зэрэг олныг дурдаж болно.

Түүний төрсөн нутаг Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын “Омгийн хийдэд” Гэсэр театр байгуулагджээ. Монголын Театрын музейд түүний амьдрал уран бүтээлтэй холбоотой гэрэл зураг, хувцас хэрэглэл, гар бичмэл, одон медаль зэрэг үзмэрүүд тавигдсан байдаг. Мөн их дуучны тухай “Талын их дуучин” баримтат кино хийгджээ.

,