Улсаа дампууруулахгүй байх арга байна уу? Эрх баригчид аа

Манай улсын зээлжих зэрэглэл буурч бүрэн дампуурлаас нэгхэн шатны дээр очсон байна.

Энэ бол шалгалтанд арай чүү тэнцсэн, дараагийн шалгалтанд тэнцэх эсэхийг тэнгэр мэднэ гэсэнтэй ижил сонсогддог байлаа. Тэгвэл манай улсын зээлжих зэрэглэл буурч бүрэн дампуурлаас нэгхэн шатны дээр очсон байна. Энэхүү муу мэдээг дэлхийн улсуудын зээлжих зэрэглэлийг тогтоодог Moodys Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцээд энэ сарын 18-ны өдөр ийм шийдвэр гаргажээ. Манайх өмнө нь B3 ангилалд байсан бол өдгөө Саа1 гэсэн ангилалд шижлсэн байна. С ангилал нь удаан хугацааны зэрэглэл дундаа хамгийн доод бөгөөд Са, С гэсэн шатлалтай байдаг аж. Гэтэл Монгол Улсын Засгийн газар, Монголбанк хамтарсан мэдэгдэл хийж “бодит бус” шийдвэр гэж үзэж буйгаа зарлаадхав.

Тус мэдэгдэлд “Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүнүүдийн дэлхийн зах зээлийн үнэ өсч, гадаад худалдаанд эерэг хандлага гарч эхэлсэн нь дээрх бодлогын арга хэмжээний үр дүнг сайжруулахад эерэг нөлөө үзүүлэх юм.

Үүний зэрэгцээ Засгийн газар болон Монголбанкнаас Олон улсын валютын сан (ОУВС)-гийн хөтөлбөрийг авч хэрэгжүүлэх хэлэлцээрийг үргэлжлүүлж байгаа бөгөөд ОУВС-гийн ажлын хэсэг урьдчилсан байдлаар энэ оны 12 дугаар сард Монгол улсад ирж ажиллахаар байна. Засгийн газар бусад олон улсын санхүүгийн байгууллагуудтай улсын төсөвт санхүүгийн дэмжлэг авах талаар үр дүнтэй хамтран ажиллаж байна.

Эдгээр шат дараалсан арга хэмжээний үр дүнд Монгол Улсын эдийн засаг богино хугацаанд тогтворжиж, цаашдын төлөв эерэг болохоор байна” гэсэн байх юм. Үүнээс харахад эрх баригч намын Засгийн газар Монголбанк мөн л урьд урьдны түүхийг давтан сэрүүн зүүдэлсээр байгаа бололтой.

Эрх барьсан нөхдүүд үеийн үед “Эдийн засгаа сэргээж, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэн импортлогч бус экспортлогч улс болж байж хөгжинө” хэмээн ам уралдан ярьдаг ч бахь байдгаараа л байсаар байна. Манай улсын эдийн засаг хүчтэй савладаг нь уул уурхайгаас хэт хамааралтай гэж мэргэжлийн хүмүүс хэлдэг. Гэтэл олон улсын байгууллагаас гаргасан шийдвэрийг “хулхи” гэгчид маань үүнийгээ батлахын тулд мөн л дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өссөнийг бахархангуй дурдсан байх юм. Тэгээд ч зэс, нүүрснийхээ үнэ өслөө гэж мянга бардамнаад манай зээлжих зэрэглэлийг дээшлүүлэх боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй баймаар. 

Ирэх оныхоо төсвийг хоёр их наяд илүүтэй төгрөгийн алдагдалтайгаар баталж, өмнөх бондын өрөө дахин өр тавьж дарахаас өөр аргагүй гэдгээ эрх баригчид хүлээн зөвшөөрсөн.

Одоо тэгэхээр Засгийн газар, Монголбанк Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагаас нэгэнт гаргачихсан шийдвэрийн араас гоншигнон хөөцөлдөхөөс илүүтэй эдийн засгаа үнэхээр сэргээж, нэн яаралтай зээлжих зэрэглэлээ дээшлүүлэх, улсаа дампуурлаас аврах хэрэгтэй байна. Үүний тулд хийж хэрэгжүүлэх, санаж сэрэх олон зүйл байх ёстойг хэлэх нь илүүц.

Ямартаа ч манай улс бүрэн дампуурлын яг дээд талын ангилал дээр зогсож буйг дахин сануулъя.

Т.ДАРХАН