Оюутолгойгоос хүртэх ашиг 2 жилд 10 жилээр хойшилсоор байна

2012оны тавдугаар сарын 05-ны өдөр Сангийн яамнаас уул уурхайн сайд Д.Ганхуягт хаяглаж, Оюутолгой ХХК-ийн анхны хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлтийг шалгасан тухай ажлын хэсгийн дүгнэлт ирүүлсэн байдаг.

 

Үүнд, Ил уурхайн анхны хөрөнгө оруулалтын дүнг 4,698 сая ам.доллараар гэрээ хийсэн ч гүйцэтгэлээр 6,110 сая ам.доллар байгаа нь хөрөнгө оруулалтын зардал 1,4 тэрбум ам.доллараар хэтрээд байна гэдгийг мэдэгдсэн. Хоёр жил гаруй үйл ажиллагаа явуулахдаа Монголын Засгийн газрыг толгой дохиулж гэрээлсэн дүнгээ 30 хувиар хэтрүүлж,  гэрээний заалтыг ноцтой зөрчсөн хэмээн тухайн үеийн Н.Алтанхуягийн буюу хамтарсан Засгийн газар үзэж энэ тухай УИХ-ын индэр дээрээс олон нийтэд мэдээлж байв. Энэ хоёр жилийн хугацаанд Оюутолгой компанийн ТУЗ-д Монголын талыг төлөөлж гээд уг нь хэдэн “мануухай” сууж л байсан. Хамтарсан Засгийн газрын хийсэн шалгалтаар Монгол Улсад хийгдээгүй, Хятадад хийгдсэн хөрөнгө оруулалтын зардлыг Монголын талын зардал дээр нэмсэн, зах зээлийн үнээс өндөр үнээр бараа материал нийлүүлсэн, зээлийн хүүг улиралд хуримтлуулсан хүү орсон дүнгээс дараа улирлын хүү тооцсон, ТЭЗҮ-д тусгагдаадгүй ажлыг гүйцэтгэсэн гэх зэргээр дэлхийд алдартай, олон улсын томоохон уул уурхайн компанид байж боломгүй зөрчлүүд илэрсэн. Мэдээж энэ бүх зөрчлүүд Оюутолгойн талд ашигтай бөгөөд Монголын талаас  боломжоор “шомбодох” ажиллагаанууд бөгөөд энэ хэрээр өр нэмэгдсэн байв.

2015 онд Дубайд хийсэн “Далд уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөө” гэх алдартай гэрээний “ачаар” олон улсын арилжааны 15 банкнаас доод тал нь  LIBOR+2.5, дээд тал нь LIBOR+4.75 хувийн хүүтэй 6.5 тэрбум долларыг зээлж, хөрөнгө оруулалтын дүн 11,4 тэрбум ам.долларт хүрсэн. Олон мянган хүнийг ажилтай орлоготой байлгаж байна, нийгмийн хариуцлагаа онц сайн ухамсарладаг компани гэх үгээр Монголын талын “амыг” дарж амташсан тус компани зохих ёсны татвараа ч хуулийн дагуу төлөхөөс татгалзсаар өнөөдрийг хүрэв. 2010 оны 10 дугаар сарын 6-нд Монгол Улсын Засгийн газартай гэрээ байгуулснаас хойш даруй 10 жил өнгөрчээ.

Хөрөнгө оруулалтын анхны гэрээгээр Монгол Улс 2023 оноос ашиг хүртэх ёстой. Өөрөөр хэлбэл 2 жилийн дараа бид Оюутолгойн ордоос ашгаа хүртэхээр байлаа. Гэвч саяхан Оюутолгой ХХК-тай гэрээ хэлцэл хийж, хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах зорилгойтой байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсгийг ахалж буй ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгын хэлснээр бид 2051 оноос ашиг хүртэх тухай ярьж болох гэнэ. 30 жилээр хойшилжээ.

2019 онд 11 дүгээр сарын 21-ний өдрийн УИХ-ын чуулган дээр Монгол Улс 2041 оноос ашиг хүртэх нь. Эзэмшлийн 34 хувьдаа 1,6 тэрбум ам.долларын өртэй байна гэсэн тоо баримт яригдаж байсан юм. Ердөө хоёр жилийн дараа ашгийг татвар хүртэх нь 10 жилээр ухарчээ.

ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго “Оюутолгой ХХК 2020 онд танилцуулсан шинэчилсэн ТЭЗҮ-ийн санхүүгийн тооцооллоос харахад үр өгөөж нэлээд буурахаар байгаа. Тодруулбал, Далд уурхайгаас Монгол Улс 2051 он хүртэл ноогдол ашиг хүртэхгүй, цаашлаад 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоог “Рио Тинто” компани Засгийн газарт өгсөн. Үүнээс гадна Оюутолгой ХХК ААН-ийн орлогын татварыг 2051 он хүртэл ердөө дөрвөн жилд нь төлөхөөр тооцоог өгсөн байгаа. Компани 40 жил үйл ажиллагаа явууллаа гэхэд дөрөвхөн жилд нь ААН-ийн орлогын албан татвар төлнө гэдэг бол маш чамлахаар үзүүлэлт” гэсэн тайлбар өнгөрсөн сард хэвлэлд өгч байсан юм.

Анхны хөрөнгө оруулалтын зардал 2 жилийн дотор 30 хувиар өссөн шиг ашиг хүртэх жил ч 10, 10-аар хойшилсоор өдөр ирэх тусам хөрөнгө оруулалтын зардал, зээлийн хүүгийн төлбөр нэмэгдэж, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн хэлсэнчлэн Оюутолгойн 34 хувь өдөр бүр “өр үйлдвэрлэсээр” байна.

Харин Засгийн газрын зүгээс ярьсаар байгаа ч дорвитой гаргасан шийдвэр, хийсэн ажил алга. Татварын Ерөнхий газраас 2016-2018 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд нь шалгалт хийж, 649 тэрбум төгрөгийн нөхөн ногдуулалтын акт тогтоосон байдаг. Засгийн газар бид татварын өрөө авч эхэллээ хэмээн сүртэйхэн мэдээ цацсан боловч, Оюутолгой ХХК-ийн зүгээс “ Нөхөн ногдуулалтын актад дурдсан асуудлууд нь олон улсын арбитрт хандсан асуудлуудтай үндсэндээ ижил төстэй, зарим нь адилхан байгаа тул тус компани Нөхөн ногдуулалтын акттай холбоотой шинэ асуудлуудыг олон улсын арбитрын шүүхэд явагдаж буй ажиллагаанд нэмж оруулах хүсэлт гаргахаар бэлдэж байна” гэсэн мэдэгдэл хийснийг мартаж болохгүй. Монгол Улсын Засгийн газар “гэрээгээ цуцлая” гээд чангахан дуугарч чадахгүй учраас хэрхэн яаж хөөрхөн аргалаад байхаа тэд мэдэж байгаа.

Н.Бат