Д.Батбаяр: Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн биеэр үлгэрлэж монгол бичиг зааж буй хандлага нь бидэнд маш их урам өгч байгаа

Монгол хэлний тухай хуулийн дагуу 2025 оноос Монгол Улс хос бичигт шилжинэ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч бүх нийтээрээ үндэсний бичгээ сурахад уриалж, өөрөө хичээл заан олон нийтэд хүргэж эхлээд байгаа билээ. Бид Уран бичээч, уран бичлэгийн их мастер Д.Батбаяртай үндэсний бичиг үсгээ сурахын ач холбогдол, монгол бичгийн онцлогийн талаар ярилцлага өрнүүллээ.

 

-Монгол бичгийн хэрэглээг дэмжих, дэлгэрүүлэхийн ач холбогдол юундаа байна вэ?

 

Монгол бичгийн гарвал дэлхийн хэмжээний түүхэнд тооцогддог учраас дэлхийн бичиг үсгийн соёлд монголчуудын оруулсан өв хөрөнгө гэж үздэг. Тэгэхээр монголчууд босоо бичиг бол тэнгэрээс буусан, хийморийн бичиг гэж ярьдаг боловч энэ бичиг нь гайхалтай уртын дуу гэдгийг тэмдэглэж ирсэн байгаа. Тийм учраас “чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл” гэж хэлдэг. Агуу түүхийг тэмдэглэж ирсэн бичиг үсэг нь бидний оюуны сан хөмрөг юм. Тийм учраас эрт дээр үеэс улбаалж ирсэн түүхээ монголчууд бид өөрсдөө өвлөн залгамжилж хөгжүүлэх нь бидэнд ирсэн хойч үеийн захиас гэж ойлгож болох юм.

 

Монгол бичгийг хөгжүүлэхэд сүүлийн үед засаг төрөөс тодорхой хэмжээний анхаарал тавьж байгаа. Хамгийн сүүлийн үеийнх нь буюу Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн биеэр үлгэрлэж монгол бичиг зааж  буй  хандлага нь бидэнд маш их урам өгч байгаа.

 

-Залуучуудын дунд монгол бичгээ сурах, эзэмших хүсэл сонирхол хэр их байна вэ?

 

-Хүүхэд багачууд 1990 оноос хойш бичиг үсэг сонирхсон. Өнөөдрийг хүртэл бүтээлээ туурвиж буй уран бичлэгийн хэсэг бүлэг залуучууд байгаа. Орчин үед уран бичлэгээр мэргэшсэн залуучууд янз бүрийн уралдаан тэмцээнд оролцож байна. Гадаад, дотоодын уралдаануудад оролцоод амжилт гаргаж байгаа. Монгол бичиг, уран бичлэг гээд ярихад нэг гайхамшигтай үйл явдал 2007 онд болсон. Энэ нь АНУ-ын Индианагийн их сургууль монголчуудыг урьж монгол уран бичлэгийн анхны үзэсгэлэн гаргасан явдал. Дэлхийд алдартай монголч эрдэмтэн Кара Жорж гуай тус үзэсгэлэнгийн нээлтийг хийгээд, гайхамшигтай мэдээ дуулгахад хожим нь тэр хүн өөрийн англи хэлээр гаргасан монгол бичиг үсгийн судалгааны алдартай бүтээлдээ монгол уран бичлэгийн талаар дурдаж оруулсан нь бидний бичиг үсгийг хүндлэхийн зэрэгцээ үүгээрээ бидний бичиг үсэг ямар агуу соёл вэ гэдгийг нотлон харуулсан маш сайхан үйл явдал болсон юм.

 

Сүүлийн үеийн залуучууд бичиг үсгээ сайн суралцаад түүнийг хойч үедээ зааж сургах нь маш чухал. Миний хувьд 7-8 жилийн өмнөөс 10 жилийн сургуулийн сурагчдын дунд “Хичээнгүй бичигтэн” гэдэг уралдаан зохион байгуулсан. Энэ уралдаанд маань хот, хөдөөгийн хүүхдүүд бүтээлээ ирүүлэн оролцож байгаа. Зөвхөн нэг уралдааны хувьд аваад үзэхэд бидний өсөж хөгжиж буй энэ цаг үед бичиг үсэг маань олон түмний хүртээл болж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр “Мөнх тэнгэрийн бичиг” хэмээх уралдаан болдог. Энэ уралдаанд анх голчлон уран бүтээлчид оролцдог байсан бол сүүлийн үед хүүхдүүд ихээр оролцож байгаа. Энэ цаг дор төр засаг болон мэргэжлийн хүмүүс, ард иргэд бүгд халуун дулаан сэтгэлээр бичиг үсгээ дэмжиж байгаа нь урьд өмнө нь байгаагүй бахархууштай сайхан үйл явдал болж байна.

 

-Монгол бичгийг дэлхийд таниулсан ямар өв, соёл байдаг вэ?

 

-Монгол бичиг бол өв соёлын түүх юм. Монгол бичгийг дэлхийн соёлын байгууллага болох UNESCO Дэлхийн соёлын өвд бүртгэсэн явдал нь монголчуудын бахархал болохоос гадна монгол бичгийг дэлхийд таниулсан гайхамшигтай үйл явдал болсон юм. Үүний араас дэлхийн олон улсын хэвлэл мэдээлэл манай бичиг үсгийг хүчтэй сонирхож эхэлсэн. Монголчуудын бичиг үсэг босоо бичиг боловч дотор нь хичээнгүй, гүйлгэн, таталган, эвхмэл гэсэн төрлүүдэд ангилдаг. Судалгаа хийгээд үзвэл “Чингисийн чулууны бичиг”-ээс авахуулаад эртний эх сурвалжууд бий. Монгол бичгийн гүйлгэн, таталган, эвхмэл гэх мэт тигүүдэд буулгасан, хулсан үзгээр дэлхийг байлдан дагуулсан хаадын алдартай захидлууд байсан бол 19-р зуунаас эхлээд орчин үеийн буюу бийрийн уран бичээс түгэн дэлгэрсэн. Энэ бүхэн өнөөдрийг хүртэл хадгалагдан ирсэн нь бидэнд үлдсэн бичгийн гайхамшигтай өв соёл юм. Түүхэнд Дашням гүний нэрээр хадгалагдаж буй морины давхиан дунд бичсэн бичиг ч байдаг. Тэгэхээр бид энэ бичгийг ном, сониноос хуулж бичихдээ биш оюун санаа, зүрх сэтгэл, яруу найргаа, зохиол бүтээлээ энэ бичгээр тэмдэглэн үлдээсэн учраас маш том судлагдахуун байгаа юм. Ингээд бичиг үсэг, уран бичлэг хоёр дэгжин дэлгэрч монголчууд бичиг үсэгтээ сэтгэл оюунаа зориулж хичээх болтугай гэж ерөөе.