Хятад, Монгол, Оросын бизнес эрхлэгч залуусын чуулга уулзалт өгөөжтэй байв

Хятад, Монгол, Оросын бизнес эрхлэгч залуусын анхдугаар чуулга уулзалт үргэлжилж 9-р сарын 11-ний өдөр үндсэн асуудлаа хэлэцэхээс гадна төсөл танилцуулах хурал болон төслийн гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа боллоо.



Чуулга уулзалтын үндсэн форумд гурван орны холбогдох эрдэмтэн мэргэжилтнүүд илтгэл тавьлаа. Тухайлбал, ОХУ-ын Өвөр Байгалын улсын их сургуулийн дэд профессор Гусевскаягаас "Хятад-Орос-Монголын хамтын ажиллагааны хүрээнд Оросын сурган хүмүүжүүлэх ухааныг гадагш сурталчлах нөлөө", Монгол Улсын ахмад элчин сайд, олон улсын харилцааны эрдэмтэн Д.Баярхүүгээс "Хятад, Орос, Монголын эдийн засгийн коридор болон нээлттэй найдвартай БНХАУ-ын хаалга", Хятадын худалдааны яамны судалгааны хүрээлэнгийн гадаад хөрөнгө судлах төвийн захирал Ма Юй "Шинэ цагийн Хятад улсын гадаад нээлт нь Хятад, Орос, Монголын залуу ажил үйлс бүтээгчдэд өргөн боломж хангана" зэрэг сэдвээр илтгэл тавьсан юм.
Төсөл танилцуулах хуралд Хятадын Манжуур хот, ОХУ-ын Өвөр Байгалын хязгаар орон, Алтай Бүгд найрамдах улс, Монгол Улсын Улаанбаатар хот, Дорнод аймаг зэрэг газрын аялал жуулчлал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, мал аж ахуй, хоол боловсруулах, эрчим хүчний хамтын ажиллагааны салбарын 10 төслийг танилцуулжээ. Энэ удаагийн чуулга уулзалтад 600 сая юанийн өртөгтэй 12 төслийн гэрээнд гарын үсэг зурсан байна.
Энэ үеэр Монголын ахмад элчин сайд, олон улсын харилцааны эрдэмтэн Д.Баярхүү, Монгол Улсын Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хэлтсийн мэргэжилтэн С.Оюунномин нарын сэтгэгдлийг сонслоо.

Д.Баярхүү: -Гурван улсын залуу бизнес эрхлэгчдийн анхдугаар чуулганыг амжилттай зохион байгуулж байгаад талархлаа илэрхийлье. Энэ бол маш их ач холбогдолтой. Тэр дундаа Манжуур хотод болж байгаа нь бүр ч их ач холбогдлоо өгч байна. Яагаад гэвэл Манжуур хот нь гурван улсын гол цэг хот болоод байгаа. Өөр ийм гурван улсын хил дээр баригдсан хот байхгүй. Өчигдөр бид шинжлэх ухаан технологийн үзэсгэлэн үзлээ. Хятадад маш их шинэ зүйл бүтээж байна. Тухайлбал хиймэл оюун ухаан, мэдээллийн технологи 5G гэх мэт энэ салбаруудад хамтран ажиллах өргөн дардан зам нээгдэж байна. Одоо цаашдаа нэг нэгэндээ бараа таваар зараад байх явдал бол хоцрогдоно. Манжуур ч гэсэн бараа таваарын асар том агуулах болсон байна ш дээ. Энэ нь бол солигдоно гэж бодож байна. Яваандаа Манжуур хотыг мэдээллийн технологийн, онлайн худалдааны том төв болоосой гэж бодож байна. Хятадын эх газрын хамгийн том боомт хот гэдэг утгаараа ч тэр. Энэ удаагийн чуулган бол залуу бизнес эрхлэгчдэд маш том хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.
С.Оюунномин: -Гурван улсын залуучуудын энэхүү чуулганд Монголын барилгын ассоциац, салбарыг төлөөлөөд Улаанбаатар хотоос 8 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн. Манай ассиоцац бол Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 80 гаруй барилгын компаниудын холбоо. Үзэсгэлэнт сайхан Манжуурт энэхүү чуулганд оролцож байгаадаа баяртай байна. Салбарынхаа чиглэлээр эндээс шинэ ахицтай зүйлүүд юу байна гэдгийг олж харахаар ирсэн.