Д.Сосорбарам: Дүрд тоглох биш дүрээр амьдрах хэрэгтэй


Б.Монголмаа


-Д.Сосорбарам гэдэг хүн яагаад ч юм өөрийн өнгө аястай. Дуулахдаа хөгөн дээр нь өөрийн аялгуугаа нэмж, дүрд тоглохдоо билэг танхай зан чанараа шингээх шиг санагддаг. Энэ таны онцлог уу?
-Би дүрд тоглох биш, дүрээр амьдрах ёстой гэж боддог. Би бүтээсэн дүрүүдээрээ амьдарсан л хүн. “Илүү сартай зун”-аар дэлгэцэнд, “Атга нөж”-ийн Чингис хаанаар тайзнаа амьдарсан. Тоглоно гэдэг хоцрогдчихсон шүү дээ. Би богинохоон гараад өнгөрөх дүрд ч хүртэл амьдардаг, дуулахдаа ч бас бүх эд эсээрээ мэдэрч, дуугаараа амьдардаг. Ингэж байж оюуны эрч хүч, мэргэжлийн таашаал авдаг юм. Тэгээд ч би, бүтээл үлдээх гэж хийдэг болохоос хэн нэгэнд зориулдаггүй. Тиймээс ч, сүүлийн үед цөөн үзэгчдэд уран бүтээлээ барьдаг болж, Бөхийн өргөө, АСА цирк гэх мэт газруудаас татгалздаг болсон.


-Яагаад. Та АСА циркт болсон ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн тоглолтод оролцсон. АСА цирк ч гэлээ цэнгүүний эзэнд нь татагдан тэнд дуулсан хэрэг үү?
-Шоу үзэх дуртай хүн олон болжээ. Яахав, шоу бол урлагийн нэг төрөл л дөө. Гэхдээ, хэтэрхий гэнэн, хөнгөн зүйлээр өөрийгөө хуурдаг хүн олширчихож гэж хардаж явлаа. Лхагвасүрэн ахын “Луу цаг” цэнгүүн дээр жинхэнэ мэргэжлийнхээ амтыг мэдэрч, жүжигчний жаргалаа эдэлсэн. 3000 орчим “мэргэжлийн” үзэгч ирсэн юм шиг санагдсан. Ямар их мэдрэмжтэй, боловсролтой юм бэ гэж бахархсан. Урлагийг, уран бүтээлийг жинхэнэ утгаар нь мэдэрч хүлээж авч байна билээ. Ийм үзэгч олон болоосой гэж ерөөе. Жанцанноров, Гончигсумлаа, Мөрдоржийн симфонийг бүтэн сонсоод гарч чаддаг үзэгч олон болоосой гэж хүсэх юм. Би бүтээлээрээ амьдарсан шиг амьдарч, үзэгч маань хүлээж авсан шиг аваасай гэж бодсон учраас цөөн үзэгчийг хүлээж авах болсон.


-УДЭТ түүхэн жүжиг тавихад орон тооны жүжигчингүй юм уу даа гэж бодогдсон. “Атга нөж”, “Тамгагүй төр”-ийн гол дүрүүдэд чөлөөт уран бүтээлчдээ урьж авчирлаа. УДЭТ нь орон тооны Чингисгүй, хаангүй байж болох уу. Ер нь, та мэтийн уран бүтээлчид яагаад театраас гадуур яваад байна вэ. Энэ санхүүтэй холбоотой юу, алв эсвэл….?
-Би чөлөөтэй байх дуртай. Тиймээс ч байгууллагад харъяалагдахгүй. Одоо бол, Драмын театрын тайзнаа Чингис хаанаас өөр дүрд тоглохгүй. Чингис хааны дүрийг бүтээчихээд өөр ямар нэгэн дүрд хэрэггүй биз дээ. Драмын театрт орон зайгаа эзэлж яваа залуучуудыг би хувьдаа үгүйсгэдэггүй. Залуу үе ирчихээд хаалга тогшвол зайгаа тавьж өг, үүцээ май гээд өг, “залуу”, “нусгай” гэж битгий гол гэж хэлэх дуртай. Би өөрөө залуудаа дандаа хэн нэгэнд түлхэгдэж ирсэн учраас одоо залуу хүнийг их дэмждэг.


-Яагаад Чингисээс өөр дүрд үгүй гэж. Арай биеэ тоож буй хэрэг биш үү?
-Уран бүтээлч хүн тэгж чаддаг байх ёстой.


-Хэзээ нэгэн цагт Чингист тоглохоор үс, сахлаа ургуулаад бэлтгээд байтал гэнэт гологдож, гэртээ хариад уйлж байсан Д.Сосорбарамыг өнөөдөр найруулагч нар энэ цаг үеийн цорын ганц Чингис хэмээн үнэлж, тэр ч байтугай Чингисийн дүрээр төрийн шагнал хүртлээ. Тэгэхээр таны цаг үе ирсэн юм болов уу даа?
-“Миний харсан Чингис бол Сосорбарам. Чингис ганцхан учраас надад дагалдан жүжигчин ч гаргаж өгөөгүй. Намайг гурван найруулагч Чингист урьсан юм. Жигжидсүрэн, Нямгаваа, Баатар найруулагч л даа. Гэхдээ, энэ цаг үеийг миний оргил гэхэд арай эртэднэ. Намайг улам оргилуун, хүчтэй байлгах бүтээлүүд хүлээж байна. Одоо миний ширээн дээр гурван том жүжгийн зохиол англи хэлээрээ байна. Энэ бол оюун сэтгэлгээнд маш том тэсрэлт авчрах зохиолууд. Энэ жүжгүүдээр дахин нэг алхам хийнэ. Мөн Цогтсайхан агсны бүтээлүүдийг үйл явдлаар баяжуулаад жинхэнэ монгол мюзикл хийх төлөвлөгөө бас байна. Одоо үүнээс ч том харж уран бүтээлдээ орно.


-Та хошин урлагтаа ч бас эргэн орохгүй юу?
-Нас өнгөрчээ. Одоо миний салбаганаж явдаг нас биш.


-Ингэхэд, танд чаддаггүй зүйл байна уу гээд асуучихвал бараг болох юм шиг ээ. Тайз, дэлгэц, хошин шог, уран илтгэх, унших гээд урлагийн бараг бүх салбар руу орж үзсэн шүү дээ?
-Урлагийн олон салбарт эр бяртай ажиллаж байна. Гэхдээ би нугарч чадахгүй.


-Бас та “Монголын нууц товчоо”-гоос эхлээд түүхэн ном, Равжаагаас эхлээд түүхэн хүмүүсийн тухай их уншдаг байх л даа. Тэр хүмүүсээс өөртөө хэр их зүйл шингээж авсан бэ?
-Унаж боссон өвөг дээдсийнхээ түүхийг мэдэхгүйгээр монголчууд урагшаа явахгүй. Зөндөө уншсан даа. Чингис хааны тухай тоглохдоо түүний тухай бүхнийг уншсан. Модунь Шаньюгийн түүхээс эхлээд л. Ингэхдээ, түүхийн алдаа, оноог өөрийнхөөрөө дэнсэлж чаддаг байх ёстой. Энэ нь хүмүүст янз бүрээр л тусдаг байх. Хүмүүс хэлдэг л дээ. Равжаагаас, Чингисээс Сосорбарамын үнэр давхар ханхалдаг гэж. Уран бүтээлч хүн өөрийнхөө ааш араншинг оруулж, дүрээ зөвтгөж бүтээж чадахгүй л юм бол ажиллаад ч хэрэггүй. Хүний үг цээжилчихээд, эсвэл хүний хэлснийг дагаад явж болохгүй. Жүжигчин бол найруулагчийн боол биш. Харилцан ажилладаг хүн байх учиртай.


-Д.Урианхай гуайн шүлгийг хүмүүс тэр бүр дуу болгож зориглодоггүй. Гэтэл “Үлэмжийн чанар” цэнгүүнд Д.Урианхай гуайн шүлгийг барьж авсан байсан?
-“Үлэмжийн чанар” бол өөрийнхөөрөө хийсэн бүтээл л дээ. Хүмүүс бүрэн хэмжээний концерт гэж ярьдаг бол би цэнгүүн гэж нэрлээд байгаа юм. Үнэхээр ч, Урианхай найрагчийн шүлгийг тэр болгон хүн тайзан дээр амилуулж зүрхэлдэггүй. Би Урианхай гуайн гүн ухаан шингэсэн шүлгүүдийг барьж авч, энэ цэнгүүнээ хийсэн. Энэ бол намайг нэлээд шахаж, өмнөх бүтээлүүдэд маань тааруухан дүн тавьж, намайг өөрөөр нээсэн цэнгүүн байлаа. Мэргэжлийн болоод гүн ухааны маш том шалгуурыг давсан бүтээл юмаа.


-“Үлэмжийн чанар”-ыг дуулахдаа монголчууд 108 удаа маань уншсантай дүйцүүлж бэлгэшээдэг. Тэгвэл та энэ цэнгүүнээ хийснээр өөрийгөө асар их буян хурааж, гэгээрэлд хүрлээ хэмээн бэлгэшээж байгаа юу. Тийм ч болохоор ард түмний оюун санаанд шинэ түвшинд хүргэсэн хэмээн тодорхойлогдсон байх?
-Равжаагаас хойш “Үлэмжийн чанар”-ын гоо зүй, гүн ухааны мэдрэмж гээд олон зүйл алдагдсан. Равжаагийн нэрийг хэлэхээс айж, ардын дуу гэж хүртэл ярьж явсан удаа бидэнд бий. Тийм болхооор би Үлэмжийн чанарыг шинэ түвшинд гаргасан гэж бодож байгаа.


-Та ингэхэд, дээлээр их гангардаг?
-Гангалдаггүй юмаа. Зүгээр л дээл надад зохидог юм. Монгол дээл биед эвтэйхэн, дулаахан. Хэрвээ анзаарсан бол би үнэтэй торго биш дандаа л хямдхан даавуун дээл өмсдөг. Харин нэг онгирчиход, хямдхан эдийг үнэтэй болгож харагдуулдаг чадвар надад бий.


-Төгсгөлд нь, танай гэр бүлийг сонирхож болох уу. Хүү тань уран бүтээлээ түр завсарлаад байгаа юм уу, нэг л чимээгүй байх боллоо?
-Миний хүү Очирхуяг мэргэжлийг маань өвлөсөн. Би чинь хоёрхон хүүхэдтэй. Охин, хүргэн хоёр маань оюутан. Охин маань маамуулж, би зээтэй болсон. Хүү маань хуулийн сургуульд оруулах гэтэл өөрөө кино драмын ангид нууцаар элссэн байсан. Удахгүй уран бүтээлээ туурвиж, ард түмэндээ хүргэх байх аа. Уг нь эхнэр маань ч гэсэн мэргэжлийн жүжигчин. Гэхдээ нэг гэрт нэг л жүжигчин байя гэж үзээд ажлаа орхисон. Надаас болж жүжигчиний ажлаа хийж чадаагүй ээ, миний хань. Хэрвээ ажлаа хийсэн бол яггүй, сайн жүжигчин байх байсан.

JANUARY 2012