Монгол хаадын сархдын хэрэглээ

Антон Моастертийн Монгол судлалын төвийн оюутны эрдэм шинжилгээний "Эрдмийн хэлхээ" сэтгүүлд хэвлэгдсэн "Монгол хаадын генд холбогдох асуудалд" өгүүллийг хүргэж байна.

Антон Моастертийн Монгол судлалын төвийн оюутны эрдэм шинжилгээний "Эрдмийн хэлхээ" сэтгүүлд хэвлэгдсэн "Монгол хаадын генд холбогдох асуудалд" өгүүллийг хүргэж байна.

 
Монгол хаадын генд холбогдох асуудалд

Эхлэл хэсэг: Монгол угсаатан бүрэлдэн тогтож, Монголын эзэнт гүрэн байгуулагдсан хийгээд Монгол ген тархах болсон нөхцөл шалтгааныг дурдсан.
    Дэд хэсэг: Монгол хаад сархадын хэт хэрэглээтэй байсан болохыг баталсан Монгол генийн талаарх судалгааны үр дүнг сурвалжийн болон судалгааны бүтээлүүдийг ашиглан  нягтлахыг зорьсон ба  Монгол хаад сархадыг хэрхэн хэрэглэж байсан тухай дурдсан.
    Төгсгөл хэсэг: Монгол хаадын сархад хэрэглэх болсон учир шалтгааныг тодруулан гаргахыг зорилоо.                    

Монгол угсаатан \этнос\ “бүрэлдэж эхэлсэн түүхэн он цагийг Л.Билэгт XII зууны сүүлч XIII зууны эхэн гэж заах нь зүйтэй”[1] хэмээн үзэж Монгол угсаатан бүрэлдэх үйл явцыг Чингис хааны байлдан дагуулалтай холбон тайлбарлажээ. Н.Ишжамц ч мөн адил “1206 онд Монголын феодалын нэгдсэн тулгар төр байгуулагдсаны дараа XIII-XIV зууны үед Монгол оронд феодалжих явц төгсгөл болж феодализм бүрэн тогтсон энэ нь Монгол угсаатан бүрэлдэх урьдчилсан гол нөхцөл болсон билээ”[2] гэж үзээд “Монгол угсаатан нь XIII зууны II хагас гэхэд бүрэлдсэн”[3] хэмээн үзсэн байна. Монгол угсаатан бүрэлдсэн цаг үест буюу XIII зуунд Монголчууд хүчирхэгжин нүүдэлчдийн төдийгүй хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн том газар нутгийг эзэлсэн байдаг. Монголын эзэнт гүрэн нь  Хятад, Түвд, Солонгос, Иран, Перс, Болгар, Орос зэрэг евразийн өргөн уудам нутгийг эзлэн оршиж байв. Мөнх хааны үеэс Их Монгол улс тусдаа дөрвөн улс болон задрах үндэс суурь тавигдаж Төв азид Юань улс, Дундад азид Ил хаант улс, Цагаадайн хант улс, Орост Алтан орд улс тус тус байгуулагджээ. Эдгээр улсуудыг үндэслэн байгуулагчид нь цөм Чингис хааны залгамжлагчид байсан билээ. Ш.Чоймаа  Чингис хэмээх бие хүн төлөвшин нийгэмшихэд өвөг дээдсийн яруу алдар, уг удмын дайчин шинж чанар нөлөө үзүүлсэн хэмээгээд “Монгол хүмүүстэй адил төстэй удамшлын нийтлэг шинж (ген ) агуулсан байсан нь магад юм. Нөгөө талаас Тэмүүжинд өвөг дээдсийн “мэргэн”, “сэцэн”, “баатар” шинж хувь хүний хувьд удамшсан”[4] хэмээн дурджээ.

Үүнээс үзэхүл Чингис хааны угсааны Монгол хаад ч мөн дээрх шинжүүдийг агуулсан нь лавтай юм. Үүнийг нотлон гаргахын тулд өдгөөгийн Монгол угсаатан болон Монгол генийг агуулсан ард түмний нийтлэг шинжийг судлах зайлшгүй шаардлага гарч байгаа юм. Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтаж байсан улс үндэстний дотор Монгол ген агуулсан ард түмэн нилээдгүй байдаг. Учир нь Монгол ген тархах болсон шалтгаан нь Монголчуудын байлдан дагуулалтай салшгүй холбоотой бөгөөд Монголчуудын байлдан дагуулал эхэлсэн тэр үеэс генийн байлдан дагуулал ч мөн эхэлсэн нь лавтай юм. Монголын эзэнт гүрний байлдан дагууллын үед урт удаан хугацаагаар Монгол цэргүүд эх нутаг ар гэрээсээ хол аялан байлдах шаардлага гарч байсан бөгөөд Монгол ноёд эзлэн авсан нутаг орондоо суурьшин, гэр бүл болж үр удмаа үлдээж байжээ. Монголын Хаант улсууд нэгэн зууны туршид эзлэн авсан нутаг орноо захиран сууж байсан нь Монгол ген тархах үндсэн нөхцөл болжээ.

Сүүлийн жилүүдэд генетикийн шинжлэх ухаан эрчимтэй хөгжиж 2000 оноос Монгол хаадын буюу Чингис хааны У-ДНК судалгааг эрчимтэй хийх болсон. 2003 онд Их Британи, Итали, Хятад, Узбекистан болон Монголын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар Монгол Улсыг тойрсон Азийн 16 улс үндэстний 26 угсаатны бүлгүүдээс У-ДНК шинжилгээг авч тэр дунд 15-н маркер дээр хамгийн их давтагдаж байгаа 8%-ийнх  нь У-ДНК кодыг Чингис Хааных гэж “The American journal of  human genetic” сэтгүүлд нийтэлсэн байна.[5] Энэхүү судалгаанаас харахад дэлхий дээр Чингис хааны угсааны 16 сая орчим хүн амьдарч байгаа нь тодорхой байна.

Хятадын эрдэмтэн Жоу Хуаньминь “Бид цэвэр монгол удмын 199 хүний геномыг судлахаар төлөвлөж байна. Энэ нь генетикийн мэдээллийн бааз бий болгох бололцоог олгох болно. Ингэснээр бид тэдний шилжилт нүүдэл болон угсаатных нь хөгжлийг тодорхой судлах боломжтой. Түүнчлэн зөвхөн Монгол үндэстэнд байдаг онцлог шинж чанаруудыг анагаах ухаанд хэрэглэж болох юм”[6] гэж мэдэгдсэн байна. Үүнээс үзэхэд Монгол хаадын ген нь хамгийн их тархсан төдийгүй бусад үндэстнүүдийн генээс ялгаатай болох нь тодорхой байна.

Оросын Эрүүл мэндийн яамны наркологийн судалгааны төвийн Владимир Нужный “Монгол төрхтөн, түүний дотор монголчууд өөрөө,  хятад, солонгос, япон хүмүүсийн согтууруулах ундааг задлах фермент нь Европын цагаан арьстнуудынхаас өөр болох нь илэрхий юм. Монгол төрхтнүүдийн цус нь согтууруулагч бодисыг илүү шингээдэг бөгөөд харин түүнийг задладаг ба согтууруулахыг багасгадаг ген нь монгол төрхтнийх байдаг” гэж тайлбарласан байна. Оросын эрдэмтэд Монгол ген давамгайлсан хүмүүс бор дарсанд илүү дурлаж байна гэж дүгнэсэн бөгөөд Владимар Нужный Москва хотод амьдарч байгаа бор дарсанд дурлагсдаас авсан судалгаагаар тэдний 50-с илүү хувь нь Монгол ген агуулсан хүн байсныг тогтоожээ.[7] П.Волт “этанолын солилцооны ба архийг мэдрэх мэдрэлийн системийн ялгаат чанар нь удамшлын үндэстэй байх боломжтой”[8] хэмээн үзсэн байдаг. Энэ нь монгол ген нь сархад төдийгүй бусад хүчин зүйлсийг тэсвэрлэх чадвар нь өөр улс үндэстнүүдийнхээс давуу болохыг тодорхой харуулж байна.

“Монголын байлдан дагуулагчидийн сархадын хэт хэрэглээ нь тэдний үр удамд удамшсан нь орчин үеийн генийн судалгаагаар батлагдсан” хэмээн Жорж Лейн дурдсан байна.[9] Тэгвэл Монгол хаад сархадад хэрхэн хандаж байсан тухай сурвалжийн мэдээнд тулгуурлан авч үзье.

Хүн төрөлхтөний түүхийн бүх л цаг үеийн туршид хаад ноёдын амьдралд зугаа цэнгэл, найр наадам, бор дарсны хэрэглээ нь энгийн үзэгдэл байсаар ирсэн билээ.  Монгол хаад цэргийн гарамгай жанжин, шилдэг улс төрчид байсныг түүх сударт олонтаа тэмдэглэснээс гадна Монгол Хаад сархадыг нилээдгүй хэрэглэдэг байсан тухай ч дурдсан байдаг.  Ж.Саундерс “Их Чингис хааны бие бялдар хүч чадлыг удам угсааныхан нь өвлөн авсангүй. Тэдний нас архины архаг донгоос болж ихэнхдээ маш богино байлаа” хэмээн дүгнэн бичсэн байна. Үнэхээр ч Монгол хаад маш бага насалж байсан байна. Жишээлвэл Ил хаадын дотроос 50 насны сүүдрийг зооглосон хүн үгүй бөгөөд Хүлэгү хаан, Абага хаан нар 48 насалсан байдаг. Ж.Н.Смит Монгол “эрчүүд архины донтой байсан тул магадгүй эмэгтэйчүүд урт насалдаг байсан”[10] бөгөөд Монгол эрчүүдийн дундаж наслалт 35-38 байсан гэж үзжээ.

Монгол хаадын сархадын хэт хэрэглээ нь тэдний наслалтад нөлөөлөөд зогсохгүй үр удмаа үлдээх чадварт ч нөлөөлж байсан байна. Ж.Н.Смит архинаас шалтгаалан Монгол хаадын ур удмаа үлдээх чадвар муудсан тухай өгүүлэхдээ зарим монгол хаадын үр хүүхдийн тоонд харьцуулалт хийсэн байна.[11]

Харьцуулалтаас үзвэл Өлзийт хаан, Газан хаан нар хэдий олон хатантай байсан ч тэдний үр хүүхдийн тоо бага, дээр нь бага насандаа ихэнх нь эндэж, амьд үлдсэн нэг нь үр удмаа үлдээж чадаагүй байжээ. Монгол хаад сархадыг хэрхэн хэрэглэх болсон шалтгааны тухай сурвалж бичгүүдэд дурдагдсан баримтаас үзвэл:

Өгөдэй хаан

МНТ-ны 281 дүгээр зүйлд “...хаан эцгийнхээ их сууринд сууж, улс иргэдээ би дээрээ тээж явж бөгөөтөл бор дарсанд ялагдах минь буруу болов зэ...”[12] хэмээн Өгөдэй хаан Чингис хаанаас хойших өөрийн алдаа оноогоо дэнслэн өгүүлсэн нь өөрийгөө дүгнэх чадвартай ухаалаг хүн байсны тод илрэл юм. Академич Ч.Далай “Өгөдэй хаан гэм нь сархадад бага зэрэг дуртай байсан гэж зарим түүх сударт тэмдэглэсэн байдаг. Тэр талаар эцэг Чингисийн зэмлэлийн хүлээж байсан удаатай”[13] хэмээн бичсэн байна Жувейни “Өгөдэй хаан амьдралынхаа сүүлийн жилүүдийг дууч эмсээр хүрээлүүлэн уянгат сайхан дуу сонсон, амтат сайхан дарс шимэн өдөр цагийг цэнгэл жаргалаар өнгөрөөх болов”[14] гэж өгүүлжээ. Сурвалжийн мэдээнээс үзвэл Өгөдэй хаан сархдыг амьдралынхаа сүүлийн жилүүдэд  нилээдгүй хэрэглэж байсан бололтой. Түүний сархадад дурлах болсон шалтгаан нь Толуй их ноёны үхлийн шалтгаантай холбоотой байж болох юм. Тиймээс Толуй их ноёны үхлийн шалтгааныг цаашид тодруулан судлах нь зүйтэй юм.  Судрын чуулганд Өгөдэй хаан Хятад орныг байлдан дагуулахаар одоход Толуй их ноён үхсэн ба Өгөдэй хаан түүнээс хагацсандаа байнга л санаа алдан хөлчүүрхсэн үедээ уйлдаг байсан  хэмээн өгүүлжээ.[15] Мөн “би дүүгээсээ хагацсандаа маш их харамсаж байна. Ийм учраас хорвоогийн бүхнээс хөлчүү байхыг урьтал болгодог боллоо. Чингэвэл хоромхон зуурч гунигийн дөл минь унтрах болов уу”[16] хэмээн Өгөдэй хаан өгүүлж байсан зэргээс үзэхүл сэтгэл гутралаас шалтгаалан бор дарс хүртэж байсан гэж үзэж болохоор байна. 1241 онд Өгөдэй хаан өөрийнхөө дэргэд ажиллаж байсан Одолхуам [Абдурахман][17] гэгч харь омгийн нэгэн түшмэлтэй шөнөжин сархад хүртэн найрлаж хоноод маргааш өглөө нь нас барсан байдаг.[18] Түүний үхлийн шалтгаан нь сархад хэтрүүлэн хүртсэнээс болсон нь тодорхой байна. Ийнхүү Өгөдэй хаан нас барснаас Монголын их цэрэг баруун Европоос буцсанаар дэлхий тэр чиргээрээ Монголчуудад эзлэгдэх аюул заналаас ангижирсан билээ.

Гүюг хаан

Өгөдэй хааныг нас барсны дараагаар Их Монгол улсын хаан ширээнд Гүюг хаан суусан бөгөөд тэрээр сархадад дуртай[19] байсан тухай Ч.Далай дурдсан байна. Судрын чуулганд “Дөргөнө хатан хааны зарлиг гэрээслэлийг зөрчин үргэлжид ужиг хууч өвчтэй байдаг агсан Гүюгийг хаан ширээнд суулгав”[20] хэмээн бичсэн байна. Харин Жорж Лейн Гүюг хаан өглөөнөөс орой болтол, үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол сархад залгилан, үзэсгэлэн гоо шивэгчдээр хүрээлүүлэн өнгөрөөдөг байсан[21] гэж дурдсан бол Б.Бямбажав Гүюг хааны биеийн байдал “... хар бага наснаас биеийн байдал төдий чийрэг биш дээр нь бор дарсанд хэтэрхий орж гар хөл нь салгалдаг саа өвчтэй болсон”[22] байна гэж бичжээ. Түүний сархадад дурлах болсон шалтгаан нь магадгүй биеийн байдал сайн биш байсантай холбоотой байж болох юм.

Гүюг хаан Бат хаантай тулалдахаар цэрэг хөдөлгөсөн бөгөөд Энэ үед Гүюг хаан 400 мянган цэрэг, Бат хаан 200 мянган цэрэг тус тус гаргах чадвартай байсан хэмээн Оросын судлаач К.А.Пензев дурдсан байна[23]. Гүюг хаан Самарканд орчимд буудаллан найр үүсгэж байгаад нас барсан байдаг.[24] Зарим Монгол түүхчид түүний үхлийн шалтгааныг хорлогдсон байж магадгүй хэмээн үздэг.[25] Магадгүй түүний үхлийн шалтгаан нь хорлогдсон гэхээсээ илүүтэй сархдаас болсон байж болох юм. Миний бодлоор Гүюг хаан нас барснаар Монгол цэргүүд Монгол цэргийнхээ эсрэг илд далайх аюул нэгэн удаадаа арилсан билээ.

Мөнх хаан

Монголын 4 дэх Их хаан Мөнх сархадад хэрхэн ханддаг байсан тухай В.Рубрукийн тэмдэглэлд зарим нэг зүйлийг дурдсан байна. В.Рубрук нэг жил гаран аялан явсаар Хархорумд хүрэлцэн ирж Мөнх хаанд анх бараалхахад Мөнх хааныг халамцуу байсан тухай тэмдэглэн үлдээсэн байна.[26] Мөн өөрсдийн хүч чадалгүй байдлаа нуухын тулд сархад хүртдэг”[27] гэсэн дүгнэлтийг хийсэн бол Ч.Далай Мөнх хаан “...Дяоюйчэн хотыг эзлэхээр тулалдаж байхдаа цэргүүдээ зориг оруулах зорилгоор цэргүүддээ сархад өгч байсан...”[28] хэмээн бичсэнээс үзвэл айдсаа дарах, сул дорой байдлаа нуух зорилгоор сархадыг хэрэглэдэг байсан байж болох юм. В.Рубрук  “Мөнх хааны дэргэд байх хугацаанд Мөнх хаан 4 удаа л сархад хүртсэн байсан”[29] тухай дурдсан байна. “Мөнх хаан Сүн улсыг дайлах үедээ өвчин тусаж өвчнийхөө эсрэг дарс хэрэглэдэг байсан”[30] нь өөрийн биеийн өвчнийг намдаахын тулд сархадыг хэрэглэж байжээ гэж үзэж болохоор байна.

Хубилай хаан ба бусад хаад, Ил хаад

Хубилай хааны хайртай хатан Чаби, түүний хүү Чингүм нар нас барж, Хүү Чингүмийнхээ үхэлд өөрийгөө буруутгадаг байсан[31]  тул Хубилай хаан сэтгэлээр унан сархад хүртэн төрийн хэргээс хөндийрч байсан байдаг. Мөн айраг их уудаг байсан тул үе мөчний шархираа өвчтэй болсон байжээ.[32]

Хайсан хүлэг хаан мөн адил бор дарсыг хэрэглэж байжээ. Хайсан хаан идэр залуу насандаа тэнгэрт хальсан нь Монголын Юань улсад хаан ширээний төлөө тэмцлийн эхлэлийг тавьсан билээ.[33] Ил хаант улсын хаад ч мөн адил сархадад дурлаж байсан байдаг. Ил хаант улсын II хаан Абага 1282 оны IV сарын 1-нд нас барсан байна. Ж.Саундерс Монголын байлдан дагуулал номондоо Абага хааныг хэт архи ууснаас солиотой болж эцгийнхээ насан дээр өөд болжээ[34] хэмээн дурдсан байна. Харин түүний үхлийн тухай Сандай “Абага хаан  Багдад руу дайлж явах үед түүний дүү Мөнхтөмөр томоохон ялагдал хүлээсэнд Абага хаан цэргээ татан нутаг буцаж явах замдаа архи хэтэртэл хэрэглээд нас барсан”[35] хэмээн дурдсан байна.  Мөн түүнчлэн тэр оройдоо “Абага хаан гадагш гарах үед модны мөчир дээр нэгэн хэрээ сууж байхыг хараад цэргүүддээ харваж алах тушаал өгсөн ч цэргүүд нь харахгүй байсан”[36] гэдэг. Энэ нь Абага хаан сэтгэцийн ямар нэгэн өөрчлөлттэй болсон бөгөөд хий юм  хардаг байсан тухай нэгэн баримт юм. Магадгүй сэтгэцийн өөрчлөлттэй болсон нь  Монгол ноёдын  архины хэт хэрэглээтэй холбоотой байж болох юм. Абага хаан сархадад хэдий үеэс дурлах болсон тухай мэдээ үгүй бөгөөд миний бие түүний сархадад дурлах болсон шалтгааныг сэтгэл гутралтай холбоотой байж болох юм хэмээн үзэж байна. Учир нь эцэг Хүлэгү хааны байгуулсан улсад эзэн сууж, Алтан ордын Бэрх хантай тулалдаж олонтаа ялсан бөгөөд ялагдал гэгчийг үзээгүй байсан тул Багдад руу дайлсан дайнд түүний дүү Мөнхтөмөр ялагдал хүлээсэн нь өндрөөс унахад хатуу байдгийн үлгэрээр ялагдалдаа гутран сэтгэл санаагаар унан бор дарсанд дурлах болсон байж болзошгүй гэж үзэж байна. Рашид ад-Дин Абага хаан буцаж ирээд найр үүсгэн найрлаж сархад хэт ууснаас болж нас барсан хэмээн бичжээ. Иймээс ялагдалдаа гутарч сархдыг их хүртсэнээс болж нас барсан бололтой.

Ил хаант улсын 5 дахь хаан Гайхалту хаанчлалынхаа туршид нэлээн хөнгөн явдалтай, сайхан бүсгүй, сархадад хорхойтой нэгэн байсан байна. Түүний тухай  Судрын чуулганд  “Гайхату бол зан араншингаар муу, үрэлгэн архинд орсон хүн байлаа” гэжээ.[37]

Харин Цагаадайн улсын хаадаас Есөнмөнх “...ууж наргихаас огт буцдаггүй өглөөнөөс үдэш болтол архи уугаад үргэлж согтуу байдаг” байжээ.[38]

Монгол хаадын нас баралтын шалтгааныг данц ганц сархадтай холбон үзэх нь өрөөсгөл бөгөөд идэр залуу насандаа хаан ширээний тэмцлийн төлөө золиос болсон хаад ч нилээдгүй байдаг билээ. Хэрэв Монгол хаад залуудаа хорвоогийн мөнх бусыг үзүүлээгүй бол ямар их үйлийг бүтээх байсныг тааварлашгүй юм.

Хэдийгээр Монгол хаад сархдыг хэрэглэж байсан ч үүнээсээ болж төрийн хэргийг цалгардуулсан нь үгүй бөгөөд өөрсдийн үүргээ чанд ухамсарлаж байсан нь Монголын нууц товчоонд өгүүлсэн Өгөдэй хааны гэмшил, Судрын чуулганд дурдсан “ ... Хубилай хааны хүү Өлзийттөмөр хаан бага залуу насандаа архинд дуртай байсан төдийгүй Риза гэгчтэй байнга архи дарс уух болсон, Хубилай хаан түүнийг уухыг нь хориглон зэмлээд, бүр аргагүй болсон тул гурвантаа ташуурдан, харуул тавиулж байсан боловч Өлзийттөмөр хаан суугаад архи уухаа больсон”[39] зэргээс тодорхой харагдаж байгаа юм.

Иймээс Монгол хаадыг сархдын хэт их хэрэглээтэй байсан гэж үзэхээс илүүтэйгээр тэдний сархад хэрэглэх болсон цаад мөн чанар, учир шалтгааныг ухаж ойлгох хэрэгтэй юм.

Дүгнэлт

Монгол хаад генийн онцлогоос гадна тухайн цаг үеийн нийгмийн амьдралын хэв маяг, байгаль цаг уурын орчин нөхцөл, сэтгэл санааны байдал зэргээс шалтгаалан бор дарсыг ихээр хэрэглэдэг байсан бололтой. Тухайн цаг үеийн нийгмийн амьдралын хэв маяг: Тухайн цаг үед Монголчууд архи дарс уун хөлчүүрхэхийг нэг их буруушаадаггүй байсан тухай Монгол нутагт ирж байсан элч төлөөлөгч нар тэмдэглэн үлдээсэн байдаг. Жишээлвэл П.Карпини Монголчуудын зан байдлын тухай дурдахдаа “...архи ууж согтоцгоох нь их, ийм байхдаа огт муудалцахгүй”[40] хэмээн дурдсан байдаг. Энэ нь Монгол хүний уужим тайван сэтгэлийн тод илрэл юм. Рубрук ч мөн Монголчууд сархад хүртэхийг буруушаадаггүй тухай тэмдэглэжээ. Тэрчлэн зочид гийчдээ сархдаар дайлдаг байсан бөгөөд Ж.Н.Смит “Монголчууд нь ирсэн зочноо хэр сайн согтоож чадвал тэр нь нөгөө хүнээ хүндэтгэж байна гэж үзэх бөгөөд тэдний хувьд ууж хөлчүүрхэх нь бахархалтай зүйл юм”[41] хэмээн бичжээ.

Байгаль цаг уурын орчин нөхцөл ба кило калори: Монгол орны эрс тэс уур амьсгал, амьдралын орчин нөхцөлөөс шалтгаалан Монголчууд илчлэг их хоол хүнсийг хэрэглэх зайлшгүй шаардлагатай байсан байна. Хамгийн илчлэг ихтэй хүнс нь адуу болон хонины мах[42] байсан байна.  Үүнд: үхрийн мах- 1,073 кило калори, хонины мах -1,834 кило калори, адууны мах-1,855 кило калори илчлэгтэй байна. Ийм хэмжээтэй илчлэгийг биедээ авсан хүний архи шингээх чадвар өндөр байдаг ажээ. Мөн түүнчлэн Монгол хүүхдүүд бага наснаасаа айраг ууж өсдөг нь бор дарсанд дурлах бас нэгэн шалтгаан байж болох юм. Владимир Нужный  “Нүүдэлчид гүүний сүү буюу айргийг хэрэглэдэг нь тэдний сархдыг шингээх чадварыг нь нэмэгдүүлдэг байж болох юм”[43] гэсэн байдаг. Учир нь айраг нь хэдий тэжээллэг чанартай боловч спиртийн агууламж нь 3.25% байдаг байна.

Сэтгэл санааны байдал: Монгол хаад өөрийн ойр дотны хэн нэгнээ алдсан болон дайн,  бусад шалтгаанаас болж үүссэн сэтгэл санааны гутралаасаа болж бор дарсыг хэрэглэж байсан байна.

Эх сурвалж: http://kok-tolboton.blogspot.com

Түүхч С.Ууганбаяр