"БОДЬ" -ИЙН БАЯСГАЛАНГИЙН БОГ БОЛОН БОД ХОЁР


Бат-Осор
1-р сарын 14
19 цаг 30 минут

 

Хотын дарга Х. Нямбаатар цоохор дээлтэй хүнтэй холбоо хамааралгүй гэж ил цагаан зарладаг. Гэхдээ улстөрийн хутгуур түмний боломжийг үгүй хийгч төрд арав хорин жилээр нь алдагдсан боломжийг бий болгогчийн хувьд хотын даргыг нэг ч удаа муулж байсангүй. 

Хуульзүй дотоод хэргийн сайд байхад нь яагаад худлаа яриад хүн гүтгээд байна улаан нүүрэн дээр минь хэлчихээрэй гэж ерөнхийлөгчийн хувиар цоохор дээлт Х. Нямбаатартай уулзаж байсан. 

Улстөрд мөнхийн эрх ашиг л байдаг гэдгийг батлах мэт баримт тэгвэл байна. Х. Нямбаатарын хотын даргын хувьд наанаа цоохор дээлтийг муулдаг ч цаагуураа хэтэвч нэг байж магадгүй гэсэн хардлага төрж байна. Ингэж хардах ч үндэслэл байна. 

Хотын даргын нэгдүгээр орлогч Д. Даваадалай гэдэг дарга нь хотын даргын орлогчийн албан тушаалыг авахаасаа өмнө 2021 онд Бодь группын охин компанид төсөл хариуцсан захирал, 2022 онд "Бодь группын" R&D төвийн даргаар ажиллаж байсан байдаг. 

Алдарт ногоон автобусны дуулианыг нам дарахын тулд үтэр түргэн дараагийн автобусуудыг оруулж ирэх үүрэг Х. Нямбаатарын толгой дээр буусан. Тэгвэл саагуу саарал гэдэг автобусыг оруулж ирэх тендерт "Yutong Bus" гэх хятадын компани шалгарсан гэдэг ч энэ тендерт "Бодь групп" оролцсон гэдэг эх сурвалжийн мэдээлэл бий. 

20 ТЭРБУМ УУ 43 ТЭРБУМ УУ RFID  ТЕХНОЛОГИД ЯГ ХЭДИЙГ ЗАРЦУУЛСАН БЭ???

Цахилгаан соронзон утасгүй хэрэглээг RFID  утасгүй технологи гэж олон улсад нэрлэдэг.  Радио давтамжийн илрүүлэлт нь хаягууд болон уншигчдын хоорондох харилцаа холбооны хэрэгсэл. Радио давтамжийн тодорхойлолт: RFID нь обьектуудад хавсаргасан хаягуудын тусламжтайгаар автоматаар дугаар тогтоох, хянах зорилгоор ашигладаг технологи. 

Нийслэл 20 орчим тэрбумын өртөгтэйгээр хийгдэхээр таван жилийн өмнөөс RFID технологийг нутагшуулах тендерийг хот ярьж эхэлсэн. Энэ ч утгаар хоёр ч удаа 6,5 тэрбум төгрөгийн тендерийг зарлаж үүнд нь "Бодь групппын охин компани болох "Бодь электроникс" компани хоёууланд нь шалгарсан. 

Эхний байдлаар гурван тэрбум төгрөгийн тендерийг зарласан.  Зам тээвэр хөгжлийн яамны зүгээс гурван багц бүхий 4,5 тэрбум төгрөгийн тендерийг 2023 онд зарлахад мөн л өнөөх "Бодь электроникс" компани өрсөлдөгчгүйгээр шалгарсан байдаг. 

Товчхондоо бол Нийслэлийн засаг даргын тамгын газар болоод Зам тээврийн яам ямар ч ач холбогдолгүй автомашинуудыг цахим гэрчилгээжүүлэх төсөлд төсвийн 7 орчим тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан болж таарна.  Ямар ч ач холбогдолгүй мөнөөх автомашиных цахим гэрчилгээжүүлэх төслийг сайжруулна гэдэг тендер өнгөрөгч оны сүүлээр ч Зам тээврийн яамны зүгээс зарлаад мөнөөх тендерт нь өнөөх л "Бодь электроникс" компани шалгарсан байх жишээтэй. Энэ бол хотынхон төсвийн төрийн мөнгөөр хэрхэн тоглосны эхний нэг жишээ. 

УРТ ЦАГААНЫ ГУДАМЖИЙГ ТОХИЖУУЛАХ 44 ТЭРБУМЫН ТЕНДЕР 

Өнгөрөгч оны долоон сард нээлтээ хийх байсан ч өнөөдрийг хүртэл таг чиг байгаад байгаа Урт цагааны гудамжны тохижилтын ажилд 44 тэрбум 175 сая төгрөгийг нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас төсөвлөж нээлттэй тендер зарласан. Тухайн тендерт  38 тэрбум 987 сая төгрөгний саналыг ирүүлснээр "Бодь групп" охин компани "Бодь пропертиз" тус тендерт шалгарсан байдаг.

 

Ажлын гүйцэтгэл өнгөрөгч оны 10 сард л 95 хувьтай байна гэж сайтуудаар мэдээлж байсан.

Өнөөдрийг хүртэл гүйцэтгэж байгаа ажлынхаа нээлтийг хийхгүй байгаагийн цаад агуулга нь тендерт туссан мөнгийг бүрэн авах зорилготой гэж хардмаар. Бараг л хагас жилийн өмнө нээх учиртай байсан цэцэрлэгт хүрээлэнгийн ажил ямар учир шалтгаанаас болоод хойшлоод байгаа нь ойлгомжгүй.  Хотын иргэдийн хувьд ч өнөөх 44 тэрбум төгрөгний үнэтэй цэцэрлэгт хүрээлэнд нь сэтгэл дундуур байгаа. Эрээний нэг ногоон байгууламж ч энэ цэцэрлэгт хүрээлэнгийн хажууд гоё харагдана гэж шүүмжилсэн нь бодитой шүүмжлэл. 

БӨӨРӨЛЖҮҮТИЙН ЦАХИЛГААН СТАНЦАД ДАХИН 300 ТЭРБУМ ХЭРЭГТЭЙ!!!

Хоёр жилийн өмнө хот өөрийн гэсэн бонд босгосон. Гэхдээ эрчим хүчний найдвартай тав дахь эх үүсвэртэй болохын тулд "Бодь групп" -ын Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг түшиглэн байгуулагдах цахилгаан станцын төсөлд шууд л 300 тэрбумаа шилжүүлчихсэн.  Хотоос 120 километрийн зайтай Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт байрлах Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн баригдах цахилгаан станц нь 150мвт ын 4 блок байхаар зураг төсөлдөө тусгагдсан. Эхний ээлжийн 150 мвт ын станц баригдаад төвийн эрчим хүчинд цахилгаан нийлүүлж байгаа бол дараагийнх нь энэ онд ашиглалтанд орно. Харин гурав болон дөрөвдүгээр блок нь санхүүжилтгүй зогсох дээрээ тулжээ. Хөгжлийн банкнаас тухайн төсөл дээр 300 тэрбум төгрөгийн зээл гаргуулахаар судлуулж байгаа гэх мэдээлэл ч байгаа юм. Төсвөөс нийтдээ 600 орчим тэрбум төгрөгийг "Бодь групп" Бөөрөлжүүт төсөл дээрээ ямар ч өрсөлдөгчгүйгээр авах нь ээ...

- АХИАД Л ӨНӨӨХ "БОДЬ" -

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хуучин компьютерт программ суулгаад дахин ашиглах боломжийг бий болгох санамж бичигт Боловсролын яам болоод "Бодь групп"- санамж бичиг байгуулав. Тэгэхээд тухайн ажлыг хийхэд багагүй мөнгө шаардагдана. Үүнийг нь боловсролын яамны зүгээс санхүүжүүлээд явах бололтой юм билээ. Харин Бодь санхүүжилтийн нэг хувийг ерөнхий боловсролын сургуулийн цахим ангийг тохижуулахад зарцуулна. 

Энэ мэт "Бодь групп" болоод Хотын удирдлагуудын холбогдсон тендерийг бичвэл нилээн урт нийтлэл бичигдэнэ. Ингэс гээд бичвэрээ өндөрлүүлэе. Ерөнхийлөгчөөр цоохор дээлт Х. Баттулга ажиллаж байхад хамаг л өнгөтэй өөдтэй тендерийг "Бодь групп" хуу хамдаг байсан. Тэгвэл Х. Нямбаатар хотыг удирдаж байхад хамгийн гол тендерүүдийг "Бодь групп" өрсөлдөгчгүй авч байна. Метро байгуулахдаа ингэ тэг гэж Халтмаагийн Баттулга экс ерөнхийлөгч Хишгээгийн Нямбаатар хотын даргад айлдаж суугаа харагдсан. Тэгэхээр Х. Нямбаатарын хувьд өнгөн дээрээ цоохор дээлтийг үгүйсгэж үзэн ядагчийн дүрийг зүүх мөртөө начир дээрээ халаас нэгтэй хамууд гэдэг нь "Бодь" дээрхи эрх ашгийн нэгдлээс нь илэрхий харагдана. Тиймээ бэрийнхээ цүнхэн дотор оршиж байсан түүний үеэл Л. Оюун-Эрдэнэ засаглаагүй Х. Баттулга засаглаж байсан гэдгийг одоогийн хуульзүй дотоод хэргийн сайд Б. Энхбаяр бататгаж байсныг сануулая. Үеэлийнхээ үгээр байсан гэдгээ өнөөдөр ч FULLHAMM багт оруулсан 1,1 сая доллараар бататгасан Х. Нямбаатарын үг болоод үйлдлийн зөрүү цаашдаа ч улам бүр илчлэгдэнэ. 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

public.mn © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 00000000, Мэйл: publicmn@gmail.com