ЕРӨНХИЙЛӨГЧ АСАНД ЦААЗЫН ЯЛ ОНООХЫГ ПРОКУРОРЫН ЗҮГЭЭС ШААРДАЖ БАЙНА


Бат-Осор
1-р сарын 14
20 цаг 23 минут

СӨҮЛ. БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлыг төрийн эргэлт (бослого) зохион байгуулсан хэрэгт буруутган шалгаж буй шүүх хурал лхагва гарагийн үүрээр өндөрлөлөө. Тусгай прокурорын баг түүнд цаазын ял оноох саналыг шүүхэд гаргасан ч эцсийн шийдвэрийг шүүх 2026 оны хоёрдугаар сарын 19-нд гаргахаар төлөвлөжээ.

Шүүх хурал мягмар гарагийн өглөө Юны өмгөөлөгчид бичмэл нотлох баримтыг шалгах ажиллагаагаар эхэлж, ойролцоогоор 11 цаг үргэлжилсний дараа тусгай прокурорууд эцсийн байр сууриа илэрхийлж, ял шийтгэлийн саналаа танилцуулсан байна. Хурал нийт 15 гаруй цаг үргэлжилж, лхагва гарагийн 02:25 цагт дуусжээ.

Тусгай прокурорын туслах Пак Ок Су “Ерөнхийлөгч асан Юн эрх мэдлээ удаан хадгалахын тулд шүүх, хууль тогтоох байгууллагыг хүчээр хяналтдаа авах зорилгоор онц байдал зарласан” хэмээн мэдэгдэж, “улсын хамтын ашиг сонирхолд зориулагдах ёстой цэрэг, цагдааг улс төрийн зорилгоор ашигласан нь маш ноцтой гэмт хэрэг” гэж онцолсон байна.

Прокурорууд ял шийтгэлийн саналаа танилцуулах үеэр Юн шүүгдэгчийн суудлаас үл ялиг инээмсэглэсэн бол, шүүх танхимд сууж байсан түүний дэмжигчид хараал зүхэл дэгдээжээ.

Юн Сок Ёл 90 минут үргэлжилсэн эцсийн мэдэгдэлдээ өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдэж, “Ерөнхийлөгчийн Үндсэн хуульд заасан онц байдал зарлах эрхийг хэрэгжүүлсэн нь төрийн эргэлт байж таарахгүй” хэмээн мэдэгдсэн байна. Тэрээр уг шийдвэрээ “ард иргэдийг дарангуйлсан цэргийн дэглэм бус, харин эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалж, Үндсэн хуулийн дэг журмыг сэргээх оролдлого байсан” гэж тайлбарлажээ.

Мөн өөрт нь холбогдох мөрдөн шалгах ажиллагаа, яллах дүгнэлтийг “цэвэрлэгээ, хэлмэгдүүлэлтээр дүүрэн солиотой сэлмийн бүжиг” хэмээн шүүмжилсэн байна.

Юн Сок Ёлыг 2024 оны 12 дугаар сарын 3-нд дайн эсвэл түүнтэй дүйцэхүйц онц ноцтой нөхцөл байгаагүй байхад онц байдал (цэргийн дэглэм) хууль бусаар зарлаж, Үндсэн хуулийг унагах зорилгоор төрийн эргэлт зохион байгуулсан гэж прокурорууд буруутгажээ. Түүнийг Батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хён болон бусад хүмүүстэй хуйвалдан, цэрэг, цагдааг ашиглан Үндэсний Ассамблейг бүсэлж, парламентын гишүүдийг тогтоол хүчингүй болгохоос сэргийлэх, мөн УИХ-ын дарга болон эрх баригч, сөрөг хүчний тэргүүнүүдийг баривчлах тушаал өгсөн гэж үзэж байна.

Юн нь албан тушаал хашиж байхдаа баривчлагдан яллагдагчаар татагдсан анхны Ерөнхийлөгч болсон юм. Түүнийг өнгөрсөн оны нэгдүгээр сард баривчилсан ч гуравдугаар сард шүүхийн шийдвэрээр сулласан бөгөөд долдугаар сард онц байдлын хэрэгтэй холбоотой нэмэлт хэргээр дахин хоригджээ.

Энэ хэрэгт холбогдуулан:

  • Батлан хамгаалахын сайд асанд — бүх насаар нь хорих ял

  • Цагдаагийн ерөнхий газрын дарга асан Чо Жи Ход — 20 жил

  • Сөүл хотын цагдаагийн газрын дарга асан Ким Бон Шигт — 15 жил

  • Батлан хамгаалах тагнуулын газрын командлагч асан, хошууч генерал Но Сан Вонд — 30 жилийн хорих ял тус тус прокурорууд санал болгожээ.

Олон улсын “Amnesty International” байгууллага БНСУ-ыг цаазаар авах ялыг бодитоор хэрэгжүүлдэггүй улс гэж ангилдаг бөгөөд тус улсад 1997 оноос хойш цаазын ял гүйцэтгэгдээгүй байна.

Өмнө нь 1996 онд Ерөнхийлөгч асан Чон Ду Хван төрийн эргэлтийн хэргээр шүүгдэж, 1979 оны төрийн эргэлт, 1980 оны Кванжүгийн ардчиллын хөдөлгөөнийг цусаар дарсан хэрэгт нь мөн цаазын ял санал болгож байсан түүхтэй.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

public.mn © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 00000000, Мэйл: publicmn@gmail.com