Улс орныг өөрчлөн төвхнүүлэх ерөнхий тойм

НАМУУДЫН ТУХАЙ ЯРИЛЦЪЯ
 
АН бусдыгаа ялгаварлан гадуурхах өвчинд нэрвэгдэж засаг төрийн толгойд ганцаар даналзаж байхыг мөрөөдөж байна. Ингэх байсан бол анхнаасаа яах гэж олон намын асуудал сэдсэн билээ, яагаад МАН-ыг үргэлж үзэн ядаж байдаг билээ.
 
Хувьсгал хийхдээ оготнын хамраас ч цус гаргаагүй гэдэг. Хамтран тэмцэгч С.Зоригийнхоо урссан цусыг хараагүй гэж үү, сонгуульд ялагдсандаа хорсож сонгогч олонд гаргах уураа МАН-д гаргаж, олон залуусыг зориуд архи, шийдмээр хангаж байрыг нь шатааж баахан хүнийг цуслах ажил зохион байгуулаагүй гэх үү. Тэгээд зогсохгүй тус намыг улс төрийн тавцангаас арчиж хаяхын тулд өөр намтай нууц гэрээ байгуулж, тагнаж чагнаж ирснийг хүмүүс сайн санаж байгаа. 
 
МАН, социализмтай холбоотой бүхэнд нүд нь хорсож, социализмын үеийнх бол сайн ч байсан муу, хаанчлалын үеийнх бол хар ч байсан цагаан гэсэн атаархуу хонзогносон үзэл бодлоор асуудалд хандаж ирэв. Их удирдагч Д.Сүхбаатар, Ю.Цэдэнбалын гавьяа зүтгэлийг аль болхоор бүрхэгдүүлэхийг хичээж, Сүхбаатарын талбайг Чингисээр нэрлэж, энд тэнд босгосон хөшөө дурсгал, хаалгатай тулалдаж ирсэн мөртлөө Монголын түүхэнд хар мөр үлдээсэн, үлдээх олон шашин, хутагт, хувилгаадын хойд дүр, даншиг /харь үг/ наадам гэх хөгжилд нэмэргүй элэнц хуланцын зан үйлийг ил далд өөгшүүлэн дэмжиж өдөөн дэвэргэж ирэв.
 
Гаднаас ганц шашин орж ирээд Чингисийн ургийн монгол толгойг төвд толгой болгож чадсан юм чинь энэ олон нам, шашин хамжихаараа монгол ухааныг минь тал тал тийш тасчин Есүс, Ислам, Мүүнийн болгон зэрэмдэглэж чадна биз дээ. Чадахын ганц жишээ гэвэл улсынхаа нийслэлийн нүүр царайг монгол гэж танигдахааргүй болтол англи, солонгос, хятад хаяг, зар самбараар эрээлснээс харагдаж байна. 
 
Харь үгээр чамирхсан энэ ажлыг хүнийссэн дотортой этгээд хийсэн үү гэхээс эрүүл монгол хүн хийгээгүй нь лавтай. Нийслэлд амьдардаг, амьдардаггүй хүмүүс очих газраа олохын тулд хаяг тайлагч гуйх, дагуулах удаа байнга давтагддаг ажээ.
 
Ингэж зардал, чирэгдэл уддагаараа нэг цонхны ба нэгдсэн үйлчилгээтэй харшилж байна. Хойд дүр тодруулах нэрийдлээр Төвд дахиад манай дотоод хэрэгт оролцдог болжээ. Төвдөөс IX богд тодруулж, том лам нар илгээдэг болов. Манайхныг дааж байгаа нь тэр гэнэ. Монгол Төвдөөр түшүүлэх болтлоо доройтчихсон юм байх даа. Шашин хүртэл гадаадаас хараат.
 
Баяр наадам, зугаа цэнгэл, амралт чөлөө, ажилгүйдэл, архидалт, шашин нь хэтэрсэн Монголыг даншиг мэтийн давхар наадам улам нэрмэж байна. Харь хэлээр 1000 лам дүнгэнээд, дутууг гүйцээхгүй, улам л хорооно. Буян бус нүгэл л болмоор юм. Шашин мандсанаар хөдөлмөрөөс хөндийрөтид, баялгаас хороогчид, хөгжлөөс хойш татагчид олширно. 
 
Ардчиллаар овоглогчид иймэрхүү бусармаг явдлуудтай эвлэршгүй тэмцэж баймаар, үгүй юм аа. АН нь МАН-д өсөрхөхдөө азай буурлуудаа хүртэл чөлөөт бус гэж ялгаварлан бүх шатны ахмадын хорооны хажуугаар "чөлөөт холбоо" гэгч шал хэрэггүй давхар орон тоо бий болгож давуу эрх эдлүүлэн улсын төсвийн мөнгөөр угжиж ирэв. Тэглээ гээд ахмадуудын амьдралд ахиц гарсангүй. Ганц үүгээр зогсохгүй төрөл садан, тойрон хүрээлэгчдээ төсвийн мөнгөөр тойвлосныг тоочих аргагүй. Намд уг нь улс орныг дээш татах тархи зүрх баймаар атал АН доош татдаг дөнгө болон хувирчээ.
 
АН төрийг хоёр удаа барихдаа хоноцын сэтгэлээр хандаж ирэв. Төр засгийн эрхэнд МАН гарахаараа ард түмэн, эдийн засгаа овоо өөд татдаг, АН гармагцаа ааглан хэгжүүрхсээр самраад хаячихдаг хачин зуршил тогтлоо. Түрүүчийн төр засаг үндсэндээ АН-ын бүх удирдлага, тэрбумтан олигархиудаас бүрэлдэж байв.
 
УИХ мордохын хазгай гэгчээр анхнаасаа хууль бусаар байгуулагдаж, эрхээ олонтаа хэтрүүлж цөөнх, цөөнхийг сонгосон сонгогчдын эрхэнд зүй бусаар халдаж хязгаарлаж ирэв. Засгийн газар нь хамсаатнуудаа бөөцийлөх бордооны цэгийн үүрэг гүйцэтгэв. Түүхэнд байгаагүй их мөнгөн дээр туйлсан тул урьд үзэгдээгүй ихийг хийх байх гэж горьдоцгоосон, эрх баригчид ч ихийг хийснээ гайхсан, хийх үүрэг хүлээсэн юм чинь хийсэн бүтээсэн юм байгаа.
 
Гэвч өнгөрсөн дөрвөн жилд ард түмэн, эдийн засаг ихээхэн гулрав. 26000 орчим аж ахуйн нэгж хаалгаа барьжээ. Эдийн засгийн гол үзүүлэлт 17-г зааж байснаа 10 дахин буурчээ. Нэг хүнд ногдох ДНБ 3850 ам доллар байснаа -2000 болж. Гадаад өр 23,5 тэрбум ам долларт, төсвийн алдагдал 1,5 их наяд төгрөгт хүрч, улсын сан хөмрөг хоосроод байна. Нэг доллартай харьцах төгрөгийн ханш 2200 даваад байна. Эх орон минь их өрийн тулам болов. 
 
Монгол банк мангас долларын зууш болжээ. Панзчин наймаачид гаднаас бадар барихын аргагүй болж байна. Тэр их мөнгө эх орон, ард иргэдэд нялзахгүй хаашаа ордог байнаа гэж сонгогч олон ундууцаж сонгуулиар АН-д муу дүн тавив.
 
Орж ирүүт баялаг, өртөг бүтээхэд зориулагдах ёстой бонд, зээлийн мөнгө эрх дархтнуудын тусгай төсөв болж "угаагдсан" ч гэлээ тэдгээрийн хагас хаачсан нь одоо болтол тодорхойгүйг бодоход эргэж төлөгдөх тэр их өр Н.Батбаярын айлдсанаар "өглөг" дүрд хувилаад босгосон эздийнхээ буяны үйлсэд нөөцлөгдсөн байх гэж таахаас. АН ингэж өөрсдийгөө "эдийн засгийн алуурчид" болгожээ. Энэ бүхэн АН амьдралд тохирохгүй гологдож хоцрогдсоныг гэрчилж байна. 
 
Тэд сонгууль бүрд "Ажилтай, орлоготой монгол хүн" гэсэн сайхан хөөсөөр туйлшрагчдын толгойг угаадаг. Ялагдсаны нь дараа харахад өөрсдийгөө дүүргэчихсэн, улс орноо дундалчихсан, ерөөл нь хараал болчихсон байдаг. Төр уул нь аль нэг хурьцагчийн ашиг хонжоо амар хялбар олох дөт зам, том зах биш баймаар. 
 
Тийн атал төрийн албанд тэнцэх эсэхээ мэдэхгүй, амташсан хэрээ шиг сонгогдох эрхээ өмнөө барьж дахиад тийш тэмүүлдэг. Монгол орон нийтийн эрх ашгаас явцуу сонирхлоо дээгүүр тавьж ирсэн хүчний буруу бодлого, алдаа завхралын золиос болоод хохироод үлдэх ёсгүй. Хууль үйлчилдэггүй давхаргыг хуу татаж хаяхыг улс орон хүлээж байна. АН тэгж л байдаг юм гээд тоохгүй уучлаад байхаар удирдлагууд нь улам л даварсаар ирсэн, цааш даврах нь зайлшгүй, даварч ч байна. Өнгөрсөн хавар зун яасан их даврав аа, бие биенээ болон бусдыг муу муухай үгээр мөн ч их буудлаа. 
 
Өмхий үнэр нь одоо болтол үргэлжилсээр. Булхайгаа булах, хаацайлах, бусадтай хуваалцах гэж үхэр буугаа тавьж ил тод дүр эсгэн жүжиглэсээр байна. Дотроо наманцар болж жанчилддагаараа, өөр намтай атаархан сөргөлддөг бас хуйвалддагаараа, ард иргэдтэй тэрсэлддэг ашиг сонирхлоороо АН ангижирсан нам болсноо харуулаад удлаа. Хайран нэрийг яйран болголоо. Холбодог ганц сэжим нь хувийн ашиг завшаан гээд бод доо. 
 
Эрүүл саруул хүчин нь удирдлагуудтайгаа хариуцлагын тооцоо бодож, их цэвэрлэгээ хийж эрүүлжих цаг болжээ. Улс төрөер 26 жил улангаслаа, сагалаа. Хэн нь хэн бэ гэдгийг гадаад, дотоодгүй андахаа больсон. Өчүүхэн бүлгийн явцуу ашиг сонирхлыг илтгэсэн "улс төржих" гэсэн увайгүй үг ч үүслээ. Улс орондоо үнэлэгдсэн улс төрч ч тодорсонгүй. 
 
Улс төрийн шуурганд түмэн олон минь төөрөлдлөө, улс орон минь улс төрөөс үнэхээр уйдаж залхлаа. Ардчиллаар 100-гаад жил амьсгалж ирсэн ард түмэн минь 20 гаруй жил холимог хиймэл амьсгал, хэрүүлийн хар энергиэр амьсгалж ирлээ.
 
Намууд дангаараа эсвэл хоорондоо эвсэл болж ажиллаад ч олигтой үр дүнд хүрсэнгүй. Хоёрхон болбол зөрчил бүр хурцдахыг өнөөдрийн байдал харуулж байна. Олон нам монгол хүний өвөрмөц араншин, үндэсний онцлогт тохирохгүйг 26 жилийн амьдрал үйлс харууллаа. Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг намууд нэр нүүрээ барсан нөхцөлд нэг намтай байгаад ч нэмэргүй, нэртэйгээр нь нэг ч үгүй болбол яасан юм бэ гэдэг санал дэвшүүлж байна. Ноднин нэг намтай болъё гэж сонинд бичээд тоогдоогүй. 
 
Монголд төрт ёс тогтсоноос хойш 2130 жил намгүй байжээ. Монгол 200 мянга орчим морьтон ардын хүчээр дэлхийн талыг эзэлж чадсан юм чинь намгүйгээр улсаа хөгжүүлж дэлхийн чихийг дэлдийлгэж яагаад болохгүй гэж. Бодоод байхаар болох л юм шиг байна. Намгүй болоод яах тухай дараа дурдана.
 
АН-ынхан гэж олон удаа дурдлаа. Нэг үхрийн эвэр цохивол бусдынх нь бас доргидог гэсэн. Жирийн гишүүд нь зэвүүцэж л байгаа. Уучлаарай, төр засагт том алба хашиж ирсэн удирдлагуудтай чинь холбож ярьсан юм шүү.
 
ТӨРТЭЙ ХОЛБООТОЙ СЭДВЭЭР ТОВЧХОН ЯРИЛЦЪЯ
 
Төр төвшин бол түмэн олон амгалан гэдэг. Тэгвэл түмэн олон төрдөө итгэхгүй түгшүүртэй болсоор 20 жилийг үдлээ. Маргаашдаа итгэхгүй өнөөдрийгөө арай ядан аргацааж байгаа өрх дийлэнх олонхи болон өсчээ. Дэлхийд хамгийн аз жаргалгүй 10 орны долоод Монгол жагссан байна. Бидний амны хишиг, аз жаргал хаачив гэвэл хаачаа ч үгүй, эх орон, элэг нэгтнүүддээ луйвардуулчихсан юм байна. 
 
Төр засаг намуудад боорлуулсаар төвхнөж чадсангүй, төвхнөх ч аргагүй байлаа. Баячууд намыг санхүүжүүлж, нам тэдэнд үйлчилж ирэв. Мэргэжилтэй хүчин, сонгох сонгогдох эрх, нэр дэвших зөвшөөрөл, албан тушаал цөм бэл бэнчинтэй хүний худалдаж авдаг, зарж борлуулдаг бараа адил болжээ. 
 
Төрийн анхаарлын төвд хүн биш хөрөнгө мөнгө гол байр эзэлсээр ирэв. "Хүн төв" бол хүүхэд хуурдаг чихэр жимс юмсанжээ. Хэн их мөнгөтэй нь төрийн толгойд тонгочиж ирэв. Тэгэхээр авилга, хээл хахууль мандахаас бөхөхгүй нь тодорхой. Одоогийн олигархиудын дийлэнх ажил үйлдвэрлэлийн талбараас бус төрийн албанаас тодрон гарчээ. 
 
Төрөөс төрсөн тэрбумтнууд биеэ, гэрээ яаж булхдаг, төрөө яаж хоосолж сандаадгийг түрүүчийн засаглалын жишээнээс тун сайн ойлгож мэдэв. Төр баячуудад дөт, барлагуудад алс явж ирсний үнэн учир ийм буюу. Хүнд хүртээх баялгаас төр дээрээс нь зооглодог болохоор ард түмэн төрдөө хөрөхгүй байхын арга алга. 
Манай улс 186 оронтой дипломат харилцаа тогтоожээ. Тэр бүгдэд элчин сайдын яам ажилладаг бол манайх 200 яамтай ч юм шиг. Яам бүр багаар бодоход нэг цэцэрлэг барих зардал үрнэ.
 
Нийгмийн сайн сайханд зориулах ёстой мөнгө онцын шаардлагагүй юм руу урсаж ирсэн бололтой. Монгол хэрээ мэдэж хүний, өөрийнхтэй харьцмаар байна. Төрд шургалсан даврагчид бүх ард түмэнд хамааралтай улсын өмч, үндэсний хэл, соёлыг "төрийн", улсын цэцэрлэгийг "төрийн өмчийн цэцэрлэг" гээд ярьдаг болж. Ард түмэн, эх орон, эдийн засаг, нийслэлээ "төрийнх” гэх дээрээ тулаад байна. Төрийн өмчийн нийслэл гэх үү. Хомхой сэтгэл гэгч ёроолгүй сав юм аа. Улс, төр гэдэг заагтай ойлголт билээ.
 
Улсын дотор төр байдаг, төрийн дотор улс байдаггүй, төр харин тэдгээрийг хамгаалах үүрэгтэй. Яаж хамгаалдгийг хором бүрд хэрэглэдэг хэл дээр аваад үзье. УИХ хуулиараа эх хэлээ мөн ч их эвдэн эрлийзжүүлж байна. "Тамхины хяналтын хууль" гэгч нэрнээсээ эхлээд тэр аяараа монгол хэлийг мод болгожээ. Хэлээ төрийн болгочихвол монгол угсаатнууд яаж ярилцах билээ. Төрийн хэл гэхгүй "хэлний төрийн зөвлөл" гэвэл зүйтэй санагдана. Ам нээснийх уушиг нээе.
 
Аймаг, сумдын Засаг даргын тамгын газар гэх тун ч таагүй сонсогддог. Албан нэгж болгон тамгатай. Сургууль бол захирлын тамгын газар биш сурган хүмүүжүүлэх алба. Наад зах нь энэ мэтээс авахуулаад төр засгийн хүрээнд засан залруулах ажил асуудал олон байна. 
 
УИХ хэн сонирхсон, сонгогдох эрхтэй, мэдлэгтэй, хэлэмгий болгоны тэнцдэг зөөлөн сэнтий биш, ажил амьдралаараа хүнлэг, туйлбартай чанараа харуулсан, олондоо хүндлэгдсэн, холч мэргэн ухаантай, нэр цэвэр монгол хүний залардаг хатуу суудал гэж сэтгэж байна. УЙХ-д нэр дэвшигчдэд хэд хэдэн хязгаар тогтоож, Үндсэн хуульд тусгах нь зүйтэй санагдана. Ашиг завшаан хайгчид төрийн хэрэгт хутгалдах ёсгүй. Ардач чанар ардчиллын амин сүнс болсон цагт төр төвхнөж түмэн олон тайвширна гэж бодож байна.
 
Хүн, хүний эрх, хөгжлийн тухай хөөрөлдье. Өнгөрсөн 26 жил монгол сэтгэлгээгээ баруунжсан урсгалд булаалгасан, гаднын эрхшээлд буун өгч, автсан зэвүүн цөвүүн он жилүүд байлаа. Мөн монгол хүний мөс чанарыг дэлгэн харуулсан зурвас үе байлаа. Сайнаас саарыг нь илүү харуулсан бололтой. Хүн хүндээ ад болжээ. Үүнийг манайхан хүний мөс мууджээ хэмээн ярьдаг болсон. 
 
Айл бүхэн хол, ойрын таних, танихгуй хүнийг таатай угтан авч, хооллож ундалж, хонуулж өнжүүлж, хүндэлж үйлчилдэг үнэ төлбөргүй зочид буудал байсан бол одоо хаалганыхаа гаднаас хөөж туудаг хажиг харамч хардагчид болж, дэлхийд гайхуулдаг зочломтгой чанараа гээжээ. Хотынхон гэхэд хаалга, хананаасаа цаадахтай харьцахгүй, нэг орцныхноо танихгүй насыг элээдэг жишээтэй. Хөдөөгийн нэг баг, сумтай харьцуулбал хотынхны нийгэмшил өдөр шөнө шиг ялгаатай болжээ. Дөрвөн буудлын зайтай амьдардаг дотно явсан хүнийхээ царайг харалгүй хагацаж ч байх шиг.
 
Яагаад ийм болов гэвэл хүн хүн чанараа, монгол чанараа алдсантай холбоотой санагддаг. Хүн цаг үе, орчноо дагаж үргэлж өөрчлөгдөж байдаг бүтээгдэхүүн. Цаг үе хүнээс бие дааж ажиллаж, амьдрахыг шаардаад байхад бидний хийх бүтээх багадаад ярих ямбалах ихдээд байна. Ам нь түрүүлээд ажил нь хоцорчээ. Бид амьдрал, шаардлагын эсрэг эвдэрч өөрчлөгдсөн байна. Үүнийгээ өөрсдөө мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй.
 
Бүгд хөгжиж, ногоорч байгаа юм шиг сэтгэлээ хуурч байна. Хүний эрх, "хүний хөгжил", "хүн төв”, ногоон хөгжил гэж нэг их ярьдаггүй байсан үед хүн бүр ажил хөдөлмөртэй, хариуцлага сахилгатай, хүмүүжилтэй, элдэв зөрчилд өртдөггүй байсан бол одоо сахил хүртээд шал дордов гэгч болчихоод байна. Хятад ардчилал ярихгүйгээр дэлхийд тэргүүлэх гүрэн болж чадсан. Сүржин монголын даржин сэтгэлгээ гэж эзнээ мөн ч их мансууруулах юм даа. Улс орны хөгжлийн гол хэмжүүр бол хүн, хүний хөгжил билээ. Хүн хичнээн сайн хөдөлмөрлөнө, төчнөөн сайн хүмүүжинэ, хөгжинө. 
 
Мөнгө гаднынханд гар баригдахгүй болж, амьдрал дээшилнэ. Гэтэл манайх ажиллах хүчнээ ажилгүйчүүдийн хар зах болгожээ. Нэг компани дампуурахад юуны өмнө хөрөнгө мөнгөө хадгалж хамгаалаад ажилчдаа халж, гудамжинд гаргаж байна. Гудамжны гуйлгачид, нүх шуудуунд орогногчид, хог хаягдлаар хооллогчид Монголын түүхэнд урьд өмнө огт байгаагүй, орчин цагийн гутамшиг болжээ.
 
Хүн бол хөдөлмөр, мэдлэг, соёл, хүмүүжлийн цогц нэгдэл юм. Аль нэг нь доголдвол хүн хүнээ байна. Монгол хүн оюун ухаанаараа хаа ч гологддоггүй атлаа хөдөлмөр ялангуяа хүмүүжлээрээ гадаад дотоодгүй гологддог болжээ. Хүний эрхийг хэт хөөрөгддөг болсноос хойш хүмүүжил гэдэг үг хогонд булагдаж, хүүхэд залуус эцэг эх, ахмад үеэ сонсохоо больж, эрээ цээргүй дарвиж давардаг болсон байна. 
 
Ахлах ангийнхан дотор архи, тамхи хэрэглэдэггүй хөвгүүд их цөөрчээ. Японд хүүхдээ бага балчраас нь зориуд "япон хүн" болгон хүмүүжүүлдэг бол Монголд аль болохоор гадаадчилахыг урьдчилж эрлийз сэтгэлгээнд дасгаж байна. Үүнийгээ зарим нь хүний эрх гэж хаацайлдаг. Хүн бүр хэмжээт эрхтэй. Монголд хүний эрх эдлэхэд хэцүү эрх болжээ, хэтрүүлбэл өөрийн ба бусдын эдлэх эрхийг эвддэг.
 
Хүн судлал, сэтгэлзүй шохоорхдогийн хувьд өчүүхэн би бээр амьдралаас овоо юм ажиж харжээ. Монголчууд яльгүйн тухай ямарч мэдрэмжгүй яравгар хүмүүс юм. Жорлонгийн цаастай харьцахаас эхлээд том асуудал дээр ч энэ нь илэрч байдаг. Оросын их эрдэмтэн Лев Гумилёв эртний монголчуудыг дэврүүн аашт хувь хүмүүс гэж тодорхойлжээ.
 
 
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин