Д.Лхагвасүрэн: Зөвхөн долларын ханшийг бодоод бодлогын хүүгээ өсгөж байгаа нь буруу

Эдийн засагч Д.Лхагвасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-ЭРХ БАРИГЧ НАМ ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ АЖИЛ ЭРХЛЭЛТЭД АНХААРАЛ ТАВЬСАНГҮЙ–

-Монголбанкнаас ам.долларын ханшийг бууруулахын тулд мөнгөний бодлогын хүүгээ нэмэгдүүлж байгаа нь өөрөө хэр зохистой хэлбэр бэ?

-Бодлогын хүүг нэмэгдүүлэх замаар долларын ханшийг унагаж, төгрөгийг чангатгаж болно. Энэ бол ойлгомжтой арга. Өнөөдөр байгаа банкны системийг илүү тогтвортой болгоход хэрэгтэй нь ойлгомжтой. Гэхдээ, эдийн засгийн бусад хэсэг, салбарууд яах вэ,  Бодит эдийн засгаа харахаар цаг хугацааны хувьд энэ шийдвэр оновчтой эсэхэд эргэлзэж байгаа.

Эдийн засгийн өсөлт удааширсаар байхад хүүгээ өсгөнө гэдэг бол маш ойлгомжгүй ажил. Ядаж байхад ийм огцом ихээр, гэнэт өөрчилж байгаа нь бас буруу гэж хувьдаа үзэж байна. Олон улс орнууд эдийн засгаа сайжрах үед хүүгээ өсгөдөг. Ингэхдээ маш алгуур өсгөдөг. Манайд энэ удаа аль аль нь хэрэгжсэнгүй.

Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасан үед уул уурхайн бус салбарыг дэмжих хэрэгтэй. Гэтэл хүүг нэмэх нь уул уурхайн бус салбаруудад халтай бодлого. Тэгэхээр эдийн засаг дах савалгааг улам ихсэх эрсдэл бий боллоо. Үйлдвэр худалдаа эрхлэгчид, ажил эрхлэгчдэд таагүй мэдээ. Экспортод бас муу. Удахгүй төгсөөд ажил хайх оюутнуудад ч гэсэн сайн мэдээ биш.

-Тэгэхээр бодлогын хүүг нэмэгдүүлсний нөлөөгөөр  дотоодын үйлдвэрлэгчид, энгийн иргэдийн амьдралд  яг ямар өөрчлөлт гарна гэсэн үг вэ?  

-Манай улсад хөдөлмөрийн орлогоороо амьдардаг хүмүүс дийлэнх нь. Эдгээр хүмүүсийн ажил эрхлэлтэнд муугаар нөлөөлнө. Шинэ тутам хөгжиж буй экспортын чиглэлийн үйлдвэрүүдэд халтай. Гаднын бараа хямд болно. Зөвхөн долларын ханшийг бодоод мөнгөний бодлогын хүүгээ огцом өсгөж  байгаа нь эдийн засаг эмзэг өнөө үед ойлгомжгүй шийдэл. Төв банкны бодлогын хүү өсөхөөр арилжааны банкууд хүүгээ өндөрсгөнө. Энэ нь иргэн, ААН-үүд мөнгө олоход улам хүндрэлтэй болно гэсэн үг. Ажлын байруудыг тэтгэж байдаг хөрөнгө оруулалт цаашдаа илүү өндөр өртөгтэй болно. Хөрөнгө оруулалт угаасаа муу байгаа. Одоо улам муудах нь. Мөнгөний нийлүүлэлт багасч буй тул аж ахуйн нэгжүүдийн орлого буурна. Манай аж ахуйн нэгжүүдийн 85 хувь нь 10-аас бага хүнтэй. Эдгээр жижиг аж ахуйн нэгжүүд болон бусад үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа явуулж буй газруудад тусгүй. Харин их хэмжээний бараа импортоор авдаг, эсвэл тансаг хэрэглээтэй улсад нааштай шийдэл байж болох юм.

Халаасандаа байгаа нэг сая төгрөгөөр гадны бараа худалдан авaх гэж байгаа байгаа хүн, ажил хийж нэг сая төгрөгийн орлого олох гэж байгаа хүн хоёрын хооронд ялгаа бий. Эхнийх нь төгрөгийн ханш сайн байх нь хэрэгтэй. Хоёр дахь хүнд төгрөгийн ханш, хүү өндөр байх нь өнөөдөр муу гэж хэлэх гээд байгаа юм.

-Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг хассанаар жилдээ хоёр тэрбум хэмнэнэ гэсэн мөртлөө Төв банк арилжааны банкуудад бодлогын хүүгээр жилдээ багаар бодоход 50 тэрбум  орчим төгрөг өгөхөөр нөхцөл байдал үүслээ. Эдийн  засагч хүний үүднээс үүнийг хэрхэн тайлбарлах бэ?

-Хэт өндөр цалинг танахыг дэмжиж байгаа. Oрлого ихтэй хүмүүсийн хувьд манай улс маш бага татвартай. Ер нь эдийн засгийн динамик чухал. Одоогийн явуулж буй бодлого ерөнхийдөө нягтлан бодохын сэтгэхүйгээр асуудалд хандаж байгааг харуулдаг. Банкны хүүгээ өсгөхгүйгээр арилжааны банкнуудын өрсөлдөөнийг нэмэх замаар банкны системийг сайжруулах олон бодлого явуулж болно.

-Бодлогын хүү өссөнөөр ипотекийн зээл найман хувийн хүүтэйгээр цаашид үргэжлэх боломжтой юу?

-Энэ бол улстөрийн шийдлийн асуудал байх. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Зөрүү ихтэй хүүнүүд нь эдийн засгийн үр ашиггүй байдлыг нэмэгдүүлдэг. Тэгэхээр, үр ашиггүй байдал нэмэгдэж байгаа байх.

-Үнэхээр бодлогын хүүг өсгөчихөөр эсрэгээрээ ам.долларын ханш буурах боломжтой юу?

-Боломжтой. Ихэнх оронд хэрэгждэг. Хэрэгждэггүй нөxцөл ч бий. 2014 оны сүүлээр ОХУ төв банкны хүүгээ 6.5 хувиар нэмсэн боловч рублийн ханш унаад л байсан.

Би ам.долларын ханшийг нэгдүгээр зэргийн ач холбогдолтой гэж үздэггүй. Хамгийн чухал нь дийлэнх өрхийн орлого, амьжиргаа, ажил эрхлэлт. Ам.долларын ханшаа бууруулах зорилгоор бодлогын хүүгээ өсгөж буй нь энэ бүхэнд сөргөөр нөлөөлна. Эдийн засгийн аливаа шийдэл хоёр талтай. Аль талаа чухалчлах вэ гэдэг нь тухайн үед шийдвэр гаргаж буй этгээдээс хамаарна.

Эрх баригчид өнөөдрийн түвшинд ажил эрхлэлтэд анхаарал тавьсангүй. Эрх баригчид ажилгүйдлийн талаар, хөдөлмөрийн орлогын талаар ямар нэг бодитой, эерэг ажил хийх нь тодорхойгүй байна.

Хуульд зааснаар, Монголбанк хоёр үндсэн зорилттой. Эхнийх нь төгрөгийн тогтвортой байдал. Хоёр дахь нь тэнцвэртэй хөгжил. Төгрөгийн тогтвортой байдлыг долларын ханш гэхээсээ илүү инфляци гэж ойлгодог. Манай инфляци олон жилийн дунджаасаа бага байгаа. Тэгэхээр мөнгөний тогтвортой байдлыг долларын ханшны хэмээн дутуу тайлбарлаж, долларын ханшид хэт ач холбогдол өгөөд байгаа нь Монголбанкны хоёр дахь зорилт болох тэнцвэртэй хөгжлийг улам бүрхэг болгож байна. Валютын ханшид хэт ач холбогдол өгөх нь дотоодын эдийн засагт хэрэгцээгүй гажуудал үүсгэж, тэнцвэртэй хөгжлийг алдагдуулax аюултай.

Банкны хүү өсөж байгаа өнөөгийн нөхцөлд Улаанбаатар хотын шинэ даргын хэлсэн өрх бүхэнд нэг тогтвортой ажлын байртай хүнтэй болно гэсэн хачирхалтай зорилго нь улам ч түвэгтэй болж байна.

-АРИЛЖААНЫ БАНКУУДЫН ЛОББИ БОДЛОГЫН ХҮҮГ НЭМЭГДҮҮЛЭХЭД НӨЛӨӨЛСӨН БАЙХЫГ ҮГҮЙСГЭХ АРГАГҮЙ-

-Нөгөө талд бодлогын хүүг нэмэгдүүлсэн нь хэдхэн арилжааны банкуудад амь тариа хийсэн явдал гэж үзэж байгаа?

-Би эдийн засагч хүн. Aрилжааны банкууд цаанаа юу ярьж, юу хийж байгааг цагдаж явдаг хүн биш. Гэхдээ арилжааны банкуудын лобби байхыг үгүйсгэх аргагүй. Өнөөдөр нүдэнд харагдаж буй үйл явдлаас юуг хэлж болох вэ гэдэг нь илүү чухал.

Хамгийн тодорхой байгаа зүйл нь эдийн засаг эмзэг байгаа өнөө үед улс орнууд хүүгээ хүчтэй буулгаж, нам түвшинд барих бодлого барьж байна. Гэтэл, манайд эдийн засгийн өсөлт бага, ажил эрхлэлт эмзэг, инфляци нам байгаа өнөө үед хүү огцом өсөж байгаа нь олон хүнд маш ойлгомжгүй шийдвэр болсон гэдгийг тодотгомоор байна. Үйлдвэр үйлчилгээ эрхэлж байгаа, ажил эрхэлж байгаа, эсвэл Нарантуулын зах дээр байгаа олон хүмүүс энэ шийдвэрийг гайхаж байгаа. 

-Арилжааны банкууд зээлийн хүүгээ нэмэх нь тодорхой болсон энэ цаг үед гадны банкууд  Монголын зах зээлд ирэхэд тааламжтай үе нь болох талтай?  

-Нэмж банк оруулахгүйгээр, чанга төгрөгтэй, өндөр хүүтэй байх нь одоо байгаа арилжааны банкууд,  зээлдэгчдэд л хамгийн зугаатай орчинг бүрдүүлнэ гэдэг нь хэнд ч ойлгомжтой.  Дотоод, гадаад хүүгийн зөрүү ихсэхийн хэрээр манай арилжааны банкуудын ашиг сонирхол илүү ихсэж байгаа.

Монголын арилжааны банкуудын холбооноос 2014 оны намар гадны банкууд орж ирвэл ямар нөхцөл байдал үүсэх талаар судалгаа хийлгэсэн байсан. Мэдээж банкуудын холбоо ивээн тэтгэсэн учраас судалгааны үр дүн ямар гарсан нь ойлгомжтой. Уг судалгаагаар гадны банк орж ирвэл Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэсэн дүгнэлт гарсан. Түүнээс өөр судалгааг би хувьдаа сонсоогүй.

Гэхдээ миний хувьд гадны банкууд Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэдгийг одоо хүртэл сайн ойлгохгүй байгаа. Монголын арилжааны банкны системийн 40 гаруй хувь нь гадны эзэмшилд байгаа гэсэн тоо бий. Энэ тоо хэд хүрэхээр аюултай байдал үүсэх вэ гэсэн асуулт гарна. Хариулах хүн ховор. Ер нь бидэнд илүү бие даасан, хараат бус байгуулага, мэргэжилтнүүдийн судалгаа хэрэгтэй. 

-Гадны хөрөнгө оруулагчдыг уул уурхайн салбар тухайлан татах асуудал хүчтэй яригдаж байна. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш уначихсан энэ үед манайх уул уурхайгаас өөр ямар салбар руу гадны хөрөнгө оруулалт татах нь илүү өгөөжтэй  вэ?

-Дэлхийн зах зээл дээрx түүхий эдийн үнэ өсөөд ирэхээр манайх руу гадны хөрөнгө оруулагчид хошуурдаг. Цаана үнэ унахаар хөрөнгө оруулалт татардаг. Түүнээс биш нэг хууль, журам, тогтоол санаачилмагц уул уурхайн хөрөнгө оруулалт нар мандах мэт сэргээд ирнэ гэхэд хэцүү. Уул уурхайн бус хөрөнгө оруулалт сүүлийн таван жил харьцангуй тогтвортой байсан нь бодит хүчин зүйлс чухал гэдгийг харуулж байна. Хэрвээ хууль эрхзүйн орчноосоо илүү шалтгаалдаг байсансан бол уул уурхайн бус хөрөнгө оруулалт ч гэсэн сүүлийн жилүүдэд агших байсан. Гэвч тэгээгүй.

Өнгөрсөн гурван жилд төрөөс барилга, Хөдөө аж ахуй руу чиглэсэн зээлийн бодлогод онцгой анхаарсан нь тохиолдлын хэрэг биш юм. Барилгын салбарт 96 мянга хүн ажилладаг, ХАА-н салбарт манай нийт өрхийн 1/3 нь байдаг. Энэ том салбаруудыг тэтгэх зээлийн бодлогын ирээдүй тодорхойгүй боллоо.

Жижиг аж ахуйн нэгжүүд, үйлчилгээний салбар их хүнд байгаа. Жижиг болон бусад аж ахуйн хөрөнгө оруулалт бодлогын хүү өссөнөөс болж огцом буурна. Мөн худалдан авагчид, үйлчлүүлэгчдийн тоо нь цөөрнө. Тэр чинээгээрээ ажлын байрны тоо хумигдана. Тиймээс цаашдаа Монгол Улсын гол ажиллах хүчинг өөртөө агуулдаг эдгээр салбаруудаа тогтвортой дэмжих нь зүйтэй юм. Монголбанк хүүгээ өсгөсний дараа Засгийн газар цаашид эдгээр салбаруудын хөрөнгө оруулалтыг дэмжих ямар бодлого явуулах нь их сонирхол татаж байна.

,