Согтуу дарга, медальгүй хоцорсон бүсгүй хоёр хэрүүл дэгдээлээ

Риогийн олимпийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63кг-ын жинд барилдсан ОХУ-ын бөх Инна Тражукова улсынхаа Бөхийн Холбооны ерөнхийлөгч, олимпийн аварга Михаил Мамиашвилитай хэвлэлээр хэрэлдэж эхэллээ.

Тражукова хүрэл медалийн төлөөх барилдаанд Польшийн бөхөд ялагдсаны дараагаар энэ хэрүүл дэгдэх явдал болжээ.

“Хүрэл медалийн төлөө барилдаанд ялагдсаны дараагаар Бөхийн Холбооны тэргүүн Мамиашвили надтай уулзахдаа согтуу байсан. Тэр надтай бүдүүлэг харилцаж, загнаж зандарч, хоёр ч удаа нүүр рүү минь цохьсон. Гэрч нарын нүдний өмнө энэ явдал болсон. Эх орондоо эргэж очоод би гомдол гаргана гэж бодож байгаа. Спортын яаманд ч болсон явдлыг дуулгана. Ялагдаад бууж ирчихээд байхад надтай ингэж харилцаж байх гэж. Би чинь боол биш биз дээ” гэж Тражукова өгүүлжээ.

Гэвч удалгүй Михаил Мамиашвили хариулт өгчээ. “Тэр заавал ялах ёстой байсан. Хэвлэл тэнэг дэмий ярилцлага өгч явахын оронд тэр өөрөөсөө хүчээр илт дутуу бөхтэй барилдахдаа тэр байдгаа шавхаж, дэвжээн дээр үхтлээ тэмцэх ёстой байлаа. Энд манай тамирчид эх орныхоо төлөө тэмцэхээр ирсэн. Гэтэл тэр олон нийтийн сүлжээнд дэмий юм бичээд л сууж байдаг. Ер нь сэтгэл, зүтгэл гаргасангүй. Эх нутагтаа байхдаа л “Хамгийн хэцүү үед би та нарыг хаяж одно шүү” гээд хэлчихгүй яасан юм бэ? Яг л тэглээ шүүдээ. Тражукова сэтгэл, зүтгэл гаргаагүйгээс болж хэн нь ч үл мэдэгдэх польш медаль аваад нутаг руугаа явчихлаа” гэж Мамиашвили өгүүлсэн байна.

,