Халхийн шоронгийн хамгийн том овгоруудын нэг Дашийн Мундаагийн тухай үнэн түүх

Алдарт Дашийн Мундаа агсантай санамсаргүй танилцаж билээ. Нэгэн өдөр хэсэг нөхөдтэй жаахан наргих хэрэг гарлаа. Урьд нь Дашийн Мундаа гэж нэг бус удаа сонсож байснаас бус барааг нь харж явсангүй.  

Биднийг наргиж суутал гурван хүн орж ирлээ. Ширвээ хар сахалтай, цоо ширтэх мэт харцтай, баргил дуу хоолойтой, дунд зэргийн нуруутай, чийрэг биетэй эрийг хараад наргиж байсан хүмүүс бүгд л "Дашийн Мундаа ирлээ" гэж хөл алдан сүйд боллоо.

"Халхын шоронгийн сайд" гэгдэж явсан алдарт Дашийн Мундаа энэ хүн ажээ. Шоронгийнхон гэхээр л харгис ширүүн, хахир эхир харьцаатай, үг яриа ч гэж авах юмгүй танхай этгээдүүд байдаг гэж хүмүүс бодоцгоодог. Би ч тийм бодолтой явдаг хүний нэг байлаа. Гэтэл Дашийн Мундаа тэс өөр хүн ажээ. Юм болгон дээр түрүүлж дуугараад байхгүй, хүмүүсийн яриаг сонсож байгаад ончтой, цөөн хэдэн үг хэлнэ, амны уншлага болсон "пизда нахуй"-г огт хэлэхгүй, хүн хүнтэй аядуу зөөлөн харьцана. Ёстой л зөөлөн нь хатуугаа иддэг, дийлдэг гэдэг шиг харьцаатай хүн санагдаж билээ. Тэр удаагийн уулзалт дээр би Дашийн Мундаатай гар барин танилцах төдийгөөр өнгөрөхөд надад нэг иймэрхүү сэтгэгдэл төрж билээ. Энэ алдарт эрийн шоронгийн хаалга яагаад татсан үүх түүх сонин хэвлэлд бишгүй нийтлэгдсэн болохор тэр талаар бичих нь илүүц биз ээ. Харин түүнтэй хэд хэдэн удаа уулзаж явснаа сонирхуулах нь зөв болов уу.

Нийслэлийн Уртцагааны урд нэгэн хэсэг "сайн эрс" цуглаж, өдөржин архиддаг байлаа. Энд голдуу дөч тавин мянгатын атаманууд, шорон оронгоор орж гарч явсан рёцедив гэмт хэрэгтнүүд цуглана. Дашийн Мундаа хааяа үүрээр ирж тэдгээр нөхөдтэй өдрийг өнгөрөөнө. Тэд Дашийн Мундааг хараад "Мундаа ах" гэж сүйд болно, булаалдан архиар дайлна. Мундаа агсан жаал дайлуулж аваад олон таван юм ярилгүй салж одно. Шоронгийнхон өөрийн эрхгүй чоно санаатай болдог гэдэг. Тиймдээ ч нарсанд байхдаа ч, наранд гараад ч өс хонзонтой, дарамталж, дарамтлуулж байсан нэгийгээ янз бүрээр шурган шордох, зодох, бүр амийг нь хөнөөсөн явдал цөөнгүй байдаг. Энэ харьцаагаараа түрий барьж, шоронд байснаараа айлган сүрдүүлэгчид ч олон байдаг. Тэдгээр рецедив гэмт хэрэгтнүүдийн нэг нь ч Дашийн Мундаа агсантай өс санасан байдалтай харьцаж байгаагүйг бодоход мань эр шоронд жинхэнэ мужик эр байсан бололтой.

Нэгэнтээ Мундаа агсан хорхойд хоргүй, ядарсан дорой хоригдлуудыг дээрэлхэн дарамталдаг нэг муу овгоронцоруудыг үздэггүй, тэднийг жижигрүүлж явсанаа дурсаж билээ. Ийм овгоронцорууд буруугаа ойлгоод, наранд гарсан хойноо ч Мундаа агсанд өс саналгүй, сүйд болж байхыг олонтаа харж билээ. Бид хоёр байнга тааралдаж байсангүй. Мань эр урт цагаан хавьд голдуу бөөн хүмүүсийн дунд намбатай нь аргагүй явж байна. Тэр олон хүний зарим нь өнөөх л шорон оронгоо чанга дуугаар ярин томорно, зарим нь хоорондоо хэрэлдэж зодолдохдоо тулна. Мундаа агсан нэг муухай хараад "Та нар болиоч, аядуухан байгаач" гэж чангахан хэлэхэд байдал намжина. Ийм л их нөлөөтэй хүн байсан юм. Нэгэнтээ гудамд тааралдахад нэг том бизнесмений өр барагдуулах албанд зүтгэж байгаа гэж билээ. Тэр бизнесмен нь олон компаниас авлагатай байсан юм байх. Ийм бизнесменүүд рецедив нөхдөд өндөр шан хөлс өгч, өртэй компаниудыг дарамтлуулан өрөө авч байсан билээ. Бодвол Мундаа агсан ганц нэг нөхдийн хамт ийм албанд хэсэгхэн хугацаагаар зүтгэж байсан бололтой.

Бурхан болохоосоо өмнө Циркг манаачаар ажиллаж байсан юм. Нэгэнтээ очиж уулзахад,

- Ах нь өр мөртэй зууралдахаа больсон. Хүн айлгаж сүрдүүлсэн балай ажил юм билээ. Харин энэ ажил маань надад их тохироод байгаа. Тэгээд ч дүү маань "Цайз" зах дээр боломжийн бизнес эрхэлж байсан болохоор "Та наад өр мөртэй зууралдсан ажлаа боль. Мөнгө хэрэгтэй бол надтай уулзаж бай" гэдэг болсон гэж билээ. Түүнийг сүүлчийн замд нь үдэх ёслолд маш олон машин тэрэг, нэр нөлөө бүхий хүмүүс оролцсон гэдэг. Нэгэн удаа нэг найз маань надтай ирэн уулзаад "Хоёулаа Дархан руу явъя. Би тэндээс хүнээс мөнгө авах хэрэг гараад байна. Намайг өнөө маргаашгүй хурдан хүрээд ир гэж байна" гэлээ. Ингээд найзынхаа машинтай Дархан явах болж, хотын гудмаар давхиж явтал Мундаа агсан эхнэртэйгээ алхаж явна.  

Тэр үед Мундаа агсан багш мэргэжилтэй, аятайхан хүүхэнтэй ханилж, гурван буудалд амьдарч байсан юм. Би найздаа "Өнөө алдарт Дашийн Мундаа энэ алхаж явна. Би нэг уулзаатхая" гэлээ. Мундаа агсантай уулзан "Завтай бол салхинд гарангаа хамт Дархан яваач" гэхэд эхнэртэйгэ зөвлөлдөж байснаа, эхнэрийнхээ хамт явахаар боллоо. Бид зам зуур идэж ууж, юу эсийг ярих билээ. Хоёр хоног хамт явахад анх уулзаад төрж байсан сэтгэгдэл маань үнэн зөв болох нь нотлогдсон юм. Бид их ч уусан даа. Ер элдэв муухай ааш авир гаргахыг нь харсангүй. Найз маань 120-130-миллээс буухгүй хурдална. Дархан дөхөөд ирэхэд Мундаа агсан найзад маань "Дүү хүү, яг энэ хавьд хурдаа хасаж, аажуухан яваарай. Машин онхолдож, хүний амь сүйддэг осолтой газар шүү. Би нэг бус удаа энэ хавьд нүд хальтирам осол харсан" гэж анхааруулан хурдыг нь хасуулж билээ.

Мундаа агсаны үг үнэн байлаа. Биднийг хоёр хоногийн дараа хот руу буцаж явахад яг тэр газарт бидний хажуугаар маш хурдтай давхиж өнгөрсөн машин онхолдож, хүний амь сүйдсэн юм. Тэгэхэд Мундаа агсан "Энэ машин ямар их хурдтай явах юм. Өнөөх гайтай газар онхолдох вий дээ" гэж байсансан. Мундаа агсан замд "За хө, хэдүүлээ Дарханд хоноод гадуур дотуур тэнэхгүй байхыг бодно шүү. Дарханы "сайн эрс" намайг ирсэнийг мэдчихвэл хөл дараад хэцүү юм болно" гэхэд найз маань "Та энэ талаар бүү санаа зов. УИХ-д бие даан нэр дэвшиж байсан нөлөө бүхий нэг хүнийд хэдүүлээ хоёр хононо" гэж билээ. Найз маань мөнгөө аваад үнэхээр тэр айлд нь гадагш хамараа цухуйлгалгүй хоёр хоног наргиж билээ.

Хот руу буцах өдрөө найз маань "Хэдүүлээ шинэ Дарханы үйлчилгээний төвийн нэгэн бааранд жаахан сууя. Би баарны эзэнтэй ярьчихсан байгаа" гэж биднийг урилаа. Бааранд дөрвөн хүнд зориулсан ширээ засжээ. Биднийг идэж уугаад сууж байтал гэнэт хаалга пирхийн онгойж, Дарханы атаманууд бололтой гурав дөрвөн нөхөр орж ирээд "Аан, Дашийн Мундаа гуай бидэнд баригдалгүй бултах гэж байна уу" гэхэд нь найз бид хоёр өөд өөдөөсөө "3а болилоо болилоо" гэсэн айсан харцаар харцгааж билээ. Тэгэхнээ өнөөх "сайн эрс"-ийн харьцаа тэр дороо зөөлөрч,

- Таныг хайж Дарханы хэдэн зочид буудлыг бүгдийг нь нэгжлээ. Ирсэнээ бидэнд дуулгахгүй яасан юм. Манай Дарханд хэд гурав хоног морилон саатна биз дээ. Бид таныг авч явах гэж ирлээ гэхэд Мундаа агсан Дарханд үлдэж болохгүйгээ учирлахад "сайн эрс" тэгвэл таныг энд дайлна гээд бөөн архи гарган ширээн дээр тавилаа. Биднийг ийн идэж уун, ярьж хөөрөн сууж байхад баарны үүдэнд арав гаруй залуус шуугилдаж, байсхийгээд хоёр гурваараа орж ирээд гарч байсан нь алдарт Дашийн Мундааг амьдаар нь харж буй нь тэр ажээ. Дарханы атаманууд биднийг архиар зогсоо зайгүй шахна. Уугаад байсан атлаа найз бид хоёр ч, Мундаа агсан ч нэг йх согтсонгүй, нормалдаж орхисон байлаа.  

Замд гарсан хойноо хэн хэн нь "Юмыг яаж мэдэхэв, болгоомжтой байхгүй бол болохгүй" гэсэн сэтгэхүйд захирагдан кардаанаа татсаны улмаас ийнхүү согтохгүй байснаа яриан бөөн инээд болж билээ. Харин Дарханы атаманууд нэлээд согтож, өнөөх л шорон оронгоо яриад эхлэхэд Мундаа агсан "Та нар үгээ бодож яриарай. Надтай хамт хоёр сэтгүүлч явж байгаа шүү. Ярьсан зүйл чинь сонинд гарч магадгүй шүү" гэхэд атаманууд "Сэтгүүлчид юм бол хүний яриа хураадаг аппарат нь хаана байгаа юм" гэхэд Мундаа агсан "Тиим юм хэрэг байхгүй. Эдний тархи толгой чинь кассет гэсэн үг шүү дээ" гэхэд нэг атаман нь "Тэгвэл тэр кассеттай толгойг нь тасдаад хаячихая" гэж хошигноод бөөн инээдэм болж билээ. Халхын шоронгийн алдарт хэмээн хүндлэгдэж явсан алдарт Дашийн Мундаа агсан сэтгэлд маань иймэрхүү дүр зурагтайгаар мөнхрөн үлдсэн юм.