“Стэнд бай” хөтөлбөр Монголд хэрэггүй

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат намраас Монгол Улс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдана гэх мэдээллийг үгүйсгээгүй. Энэ өдрүүдэд Сангийн яаман дээр ОУВС-гийнхан уг асуудлаар ажиллаж буй юм. ОУВС-гийн зүгээс “Стэнд бай” хөтөлбөр нэрийн дор эдийн засаг нь дампуурахад хүрсэн, эсвэл дампуурахад тун ойртсон орнуудад богино хугацааны санхүүгийн өндөр сахилгатай зээл олгодог.

“Стэнд бай” хөтөлбөр Монголд хэрэггүй

 
 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат намраас Монгол Улс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдана гэх мэдээллийг үгүйсгээгүй. Энэ өдрүүдэд Сангийн яаман дээр ОУВС-гийнхан уг асуудлаар ажиллаж буй юм. ОУВС-гийн зүгээс “Стэнд бай” хөтөлбөр нэрийн дор эдийн засаг нь дампуурахад хүрсэн, эсвэл дампуурахад тун ойртсон орнуудад богино хугацааны санхүүгийн өндөр сахилгатай зээл олгодог.

Зээлийн хугацаа ихэнхдээ 12-24 сар, ихдээ 36 сараас хэтэрдэггүй. Энэ хугацаанд Сангийн яам, Монголбанкны эрх мэдэл ерөнхийдөө гадны зөвлөхүүдийн бүрэн хараанд орно. Манай улс өмнө нь 1991, 2009 онуудад уг хөтөлбөрт хамрагдаж, нийтдээ 195.7 сая ам.долларын зээл авсан. Хамгийн сүүлийн 2009 оны хамрагдалт богино хугацаанд үр дүнгээ өгч, Монгол Улс хямралаас гарч чадлаа гэж ОУВС-гаас зарлаж байв. Гэхдээ энэ үе өөрөө манай улсын хувьд эдийн засгийн эерэг нөлөө дагуулсан чухал цаг байсныг сануулах хэрэгтэй.

Уг хөтөлбөр хэрэгжих мөчлөгт манай том төслүүд хөдөлж, дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байсан тул эдийн засаг амархан сэргэсэн гэж болно. Тиймдээ ч олон улсын хэвлэл мэдээлллүүд эдийн засаг нь ирээдүйд хүчтэй сэргэх төлөвтэй улсуудын тоонд Монгол орныг тухайлан нэрлэж ирсэн байдаг. Нөгөө талаас 2009 оны Монгол Улсын хөгжлийг өнөөгийнхтэй харьцуулшгүй. Дэлхийн уул уурхайн салбарт хамгийн томоор нэрлэгдэх Оюутолгой төслийг хөдөлгөсөн Монгол Улс өнөөдөр “Стэнд бай” яриад суух нь зохимжгүй, жижигдсэн асуудал гэх байр суурийг илэрхийлэх эдийн засагч ч байна.

“Стэнд бай” хөтөлбөрийн зээлийн жилийн хүү таван хувь. Бидний төлөхөөс айгаад байгаа Чингис бондоос өндөр хүүтэй гэсэн үг. Тэгэхээр ийм төрлийн зээл аваад, санхүүгийн асуудлаа гадны зөвлөхүүдийн гарт бүрэн атгуулах нь эргээд эдийн засгаа агшаах, борцлох хэлбэр гэх шүүмжлэл дагуулдаг. Уг хөтөлбөрийг байгуулахдаа тухайн улс ОУВС-тай санамж бичигт гарын үсэг зурдаг. Санамж бичгийн гол агуулга нь төлбөрийн балансын тэнцлийг хангах, ДНБ-д эзлэх төсвийн алдагдлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжин, ядуурлыг бууруулах, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх, зээл хумих зэрэг шаардлагууд тавьдаг байна. Тодруулж хэлбэл, “Стэнд бай” хөтөлбөр ирэх намраас хэрэгжсэнээр ойрын хоёр жилдээ бодлогын чанартай томоохон төсөл, хөтөлбөрүүд бүрэн зогсох эрсдэлтэй гэсэн үг.

Хэрвээ уг хөтөлбөрт хамрагдвал Монгол Улс төсвөө хамгийн багадаа 1.5 их наядаар танах шаардлага үүснэ. Төрийн бодлогын энэ доголдол дотоодын үйлдвэрлэгчид жижиг дундын салбарт хамгийн хүндээр тусдаг. Учир нь, бодлогын хүү өссөнөөр арилжааны банкуудын хүү дагаад өсөх өндөр эрсдэлтэй. Тэгэхээр үйлдвэрлэгчдэд эдийн засгийн хүндхэн лантуу очно гэсэн үг.Дээрээс нь гадны зөвлөхүүдийн боловсруулсан мөнгөний хатуу бодлого эргээд ард түмний нуруун дээр хэрхэн тусахыг тооцоолдоггүй байдал бүр ч нэрмээс болно. Зөвлөхүүд цэвэр технократик талаас авч үзээд л “Улсын төсвийн орлогоо ингэж нэмэгдүүл, үүний тулд эдгээр татвараа нэм, зардлаа ингэж хас” гэж тулгадаг байна. Нэгэнт мөнгө авч хөтөлбөрт орж байгаа улс үүнийг нь дагана.

Энэ тохиолдолд эрх баригч намын халамж давамгайлсан мөрийн хөтөлбөр хэрэгжих манатай. Ерөнхий сайд намынхаа мөрийн мөрийн хөтөлбөрөөс гажсан байдлаар халамжаа хумина гэсэн нь намраас “Стэнд бай” хөтөлбөрийг авахтай холбоотой ч байж болох. ОУВС-гаас манай улс энэ дуаа 200 гаруй сая ам.доллар зээлнэ гэсэн яриа буй. Зээлийн хугацааг хоёр жилээр тооцож байгаа бололтой.

Уг нь үүнийхээ оронд Монгол Улс өрийн таацаа нэмэгдүүлэх замаар засгийн газар бонд босгох арга байгаа. Энэ тохиолдолд мөнгөө гадныхны  хатуу хяналтгүй, шаардлагатай салбарууд руу оруулах бүрэн боломжтой. Дээрээс нь дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих, төсөл хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэх сайн тал байна. Эрх баригч намын хувьд өрийн асуудал, тэр дундаа бонд босгох тухайд эмзэг, болгоомжтой ханддаг зантайг бид мэднэ.

Манай улсын өр ДНБ-ий 80 орчим хувьтай тэнцэхээр үзүүлэлтэй байгаа. Хуулиараа 58.3 байх учиртай. Иймээс ч эрх баригч нам нэг хүнд ногдох өр зэрэг сөрөг мессэж байдлаар нийгэмд тарааж сенсаацилдаг. Гэтэл өрөөс айлгүйгээр бонд босгоод хөгжлөө авч яваа гадны орнууд өчнөөн л байна. АНУ, Япон зэрэг орнуудын бондын өр одоо 200 хувьд хүрсэн. Тэд хөгжлөө илүү хурдан болгож, техник нэвтрүүлэхийн тулл бонд босгосоор л байна. Өр ихтэй гээд хөгжиж буй орнууд тийм ч хурдан “Стэнд бай” руу үсрээд орчихдоггүйн гол учир нь  эдийн засгийн тэнцвэртэй бодлогоо алдахгүй байх явдал юм.

Ж.МЯДАГБАДАМ