Эрхэм М.Мөнхбаатар Танд ил гарах шалтгаан байхгүй гэж үү?

2016 оны сонгуулийн үр дүнгээр бүрдсэн УИХ анхдугаар чуулганаа хуралдуулж, гишүүд тангараг өргөснөөс гурав хоногийн дараа долдугаар сарын 8-нд Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг томилж байлаа. Мэргэжлийн тодотголтой эл Засгийн газрын эхний гол шийдвэр нь "Эрдэнэт"-ийн 49 хувийн өмчлөлтэй холбогдож байв. 29 дэх Ерөнхий сайдын тамгаа Ч.Сайханбилэгээс гардсан Ж.Эрдэнэбат ч үйлдвэртэй холбоотой өмнө Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгосныг Орхоны иргэдтэй уулзах үеэрээ тайлагнаж явлаа. Удалгүй УИХ-аас тогтоол баталж, ОХУ-ын "Ростех"-ээс "Монголын зэс корпораци"-д шилжсэн 49 хувийг худалдаж авсан байдаг. Хэдийгээр МАН-ынхан өөрсдөө жил гаруйн хугацаанд ажилласан Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан ч буурин дээр нь эмхэлсэн У.Хүрэлсүхийн танхимын гол "Бай" нь ч өнөөх л "Эрдэнэт" үйлдвэр, 49 хувийнхан байв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ асуудлаар төдийлөн байр сууриа ил тод илэрхийлж, олон нийтийн өмнө гараагүй ч Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ ТУГ барьж, эцэст нь 2019 оны гуравдугаар сард Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг Эрүүгийн цагдаагийн албанаас саатуулж байлаа. Ингэж л "Эзнээ үзчихээд үхмээр байна шүү дээ" хэмээн гурван жилийн өмөн Ц.Нямдоржийн Байнгын хорооны хуралдаан дээрх үг биеллээ олсон юм. Тухайн үед Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж асан Л.Оюун-Эрдэнэ өдгөө Ерөнхий сайд, Хуулийн сайд Ц.Нямдорж Засгийн газрын "гал тогоо"-г зангидаж буй энэ цаг үед хувьд шилжсэн зарим компанийг төрд буцаан авч эхэлсэн нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш юм. Гагцхүү Худалдаа хөгжлийн банк, "сахал" Д.Эрдэнэбилэгтэй холбоотой асуудлыг өрдөх бүрд гарч ирдэг нэгэн байна. Нэр нь М.Мөнхбаатар. Өдгөө Монголын Ипотекийн корпораци буюу МИК-ийн ТУЗ-ийн даргын албатай. Монголын улс төр, нийгмийн хүрээнд түүнийг "Эрдэнэт" 49 хувийг эзэмшиж асан "Монголын Зэс корпораци"-ийн ТУЗ-ийн дарга гэдгээр нь эчнээ танина. Түүнийг ийн онцлох болсон нь Шадар сайд С.Амарсайхан МИК-тай холбоотой асуудлыг хөндсөн мэдээлэлтэй холбоотой. Үндэслэл нь ипотекийн зээл зургаан хувийн хүүтэй болсон ч МИК зээлийн шимтгэлд 1.6 орчим хувийг авдаг. Санхүүжилтийн эх үүсвэр нь Монголбанкнаас нэг хувийн хүүтэй гардаг гэх. Ийнхүү гаргасан санхүүжилтийг МИК аль нэг банкаар дамжуулан иргэдэд гэрээ хийснийхээ хариуд 1.6 хувийг шимтгэл байдлаар авдаг гэсэн үг. 100 хувийн ААН зах зээлийн зарчмаар санхүүжилтээ босгоод иргэдэд ипотекийн зээл олгох өөр хэрэг. Харин Шадар сайд С.Амарсайханы хэлснээр 50-аас дээш хувийг Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банк эзэмшдэг гэсэн мэдээлэлд асуудлын зангилаа оршиж байгаа юм. 50+1 хувийг эзэмшдэг л бол ямар ч шийдвэр гаргасан давуу эрхтэй оролцох нь өөрөө зах зээлийн энгийн зарчим. Тиймээс Санхүүгийн зохицуулах хорооноос МИК-д тавьдаг хяналтаа сайжруулж, Монголбанк зээлийн журамдаа өөрчлөлт оруулж, хүүг бууруулахтай холбоотой арга хэмжээ авах замаар иргэдэд санхүүгийн дарамтыг бууруулах шаардлагатай гэж үзжээ. Гэвч Шадар сайдын мэдээлэлд дурдсан зарим шаардлага нэр бүхий хүнд таалагдсангүй. Эхнээсээ ээлж дараалсан мэдэгдэл, байр суурийг илэрхийлж, бүр ипотекийн тогтолцоог нураах гэж буй талаарх мессежийг нийгэмд түгээх болов. Уг нь Шадар сайдын хөндсөн агуулгад МИК-ийг татан буулгах, эсвэл төрд шилжүүлэх тухай яриагүй. Эсрэгээрээ зохион байгуулалт, бүтцээ эргэж харах. Хяналтаа сайжруулахыг дурдсан. Цаашлаад зээлийн хүүг 0.5 хувиар ч болтугай бууруулах ёстой. Ипотекийн зээлийн хүүг зургаан хувиас бууруулах боломж буйг онцолсон байдаг. Үндсэндээ ипотекийн зээлийг иргэдэд илүү хүртээмжтэй болгохын тулд хүүг нь тодорхой хэмжээнд бууруулах тухай л асуудал юм. Тийм атал ээлж, дараалсан мэдэгдэл гаргаж, түрүүчээсээ хэвлэлийн бага хурал зарлаж суугаа нь нийтийн бус нэгээхэн хэсгийн эрх ашгийг хөндөж эхэлснийг харуулж буйгаас өөрцгүй биш гэж үү? Үнэхээр тийм биш бол Засгийн газартайгаа ширээний ард сууж, асуудлыг аль аль талдаа, хамгийн гол нь ард иргэдэд эрх тэгш, санхүүгийн дарамтгүй байдлаар хүртээмжтэй хүргэх арга замыг эрэлхийлэхээс яагаад жийрхэж, яаран мэдэгдэл хийж явна вэ?, эрхэм ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар аа? "15 жил зорьж бий болгосон орон сууцны санхүүжилтийн тогтолцоог нураачихвал хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр үргэлжлэх боломжгүй болно" хэмээн хэвлэлийн хурлын ширээний ард хэн нэгнээр төлөөлүүлж, бас "нуугдаж" суухаар өөрөө ил гараад ярь!, уг асуудлаа тайлбарла! Яг л "Эрдэнэт"-ийн 49 хувийг ил нээлттэйгээр хамгаалж байсан шиг ээ! Эсвэл Танд ил гарах шалтгаан үнэхээр байхгүй гэж үү? Тэгж байж үр дүнд хүрнэ. Тэр хэрээр иргэдийн нуруун дээрх санхүүгийн дарамт буурах учиртай. Ташрамд дурдахад "Монголын Зэс корпораци"-ийн албан ёсны сайтад "М.Мөнхбаатар нь "Монголын Зэс Корпораци"-ийг анх байгуулсан цагаас ТУЗ-ийн даргаар ажиллаж байна. Тэрбээр Монгол Улсын банк санхүү, аж үйлдвэрийн салбарт сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд идэвхитэй ажиллаж хөрөнгө оруулалт, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасжуулалт, төсвийн санхүүжилт, менежмент чиглэлээр томоохон аж ахуйн нэгж байгууллагад зөвлөгөө өгч, ТУЗ-ийн гишүүн, даргын албан тушаалыг хашч байна. "Монголын Зэс Корпораци"-ийг байгуулсны дараа түүнийг ТУЗ-ийн даргаар ажиллахыг урьж, "Эрдэнэт", “Монголросцветмет”-ийн ОХУ-ын өмчлөлийн 49 хувийн хувьцааг худалдан авахад гар бие оролцсон. М.Мөнхбаатар нь СЭЗДС-ийг 2003 онд Банк санхүү, менежментийн чиглэлээр бакалаврын зэргээр төгссөн" гэжээ. Г.Сонор