SIPRI-ийн тайлан: Европ руу зэвсэг нийлүүлэлт дээд цэгт хүрчээ

2017-2021 онд зэр зэвсгийн гол төрлийн олон улсын нийлүүлэлтийн хэмжээ 2012-2016 оныхтой харьцуулахад 4.6 хувиар буурсан байна. Харин Европ, Зүүн Ази, Далайн орнуудын зэвсгийн худалдан авалтын хэмжээ мөн хугацаанд тус тусдаа 19, 20, 59 хувиар өсчээ. Энэ тухай Стокгольмын Энхтайвны судалгааны олон улсын хүрээлэнгээс (SIPRI) гаргасан дэлхийн зэвсгийн нийлүүлэлтийн талаарх шинэ тайланд онцолжээ. SIPRI тайлангаа өчигдөр нийтэлсэн байна. Мөн АНУ, Франц зэрэг орны зэвсгийн экспорт нэмэгдсэнийг тайланд тэмдэглэжээ. SIPRI-ийн Зэвсэг шилжүүлэх хөтөлбөрийн ахлах судлаач Питер Веземан судалгааны тайлангийн үр дүнг тайлбарлахдаа “Зэвсгийн нийлүүлэлт дэлхийн хэмжээнд бага зэрэг буурсан нь бүс нутгийн хоорондох мэдэгдэхүйц ялгааг нуун дарагдуулж байна. Нэг талаас эерэг өөрчлөлт ч харагдана. Тэр дундаа Өмнөд Америкийн зэвсгийн импорт сүүлийн 50 жилд байгаагүй доод түвшиндээ хүрсэн. Нөгөө талаас зарим бүс нутгууд зэвсэглэлээ нэмэгдүүлж байгаа нь санаа зовоож байна. Тухайлбал, Европ, Зүүн Ази, Далайн орнууд болон Ойрхи Дорнод зэрэг бүс нутагт зэвсгийн импортын хэмжээг өндөр хэвээр хадгалсан” гэв. Европ руу нийлүүлсэн зэвсгийн импортын өсөлт SIPRI-ийн шинжээчдийн үзэж байгаагаар Европт зэвсгийн худалдан авалтын хэмжээ дэлхийн хэмжээнд хамгийн их өссөн байна. 2017-2021 оны хооронд Европт нийлүүлсэн гол төрлийн зэвсгийн хэмжээ 2012-2016 онтой харьцуулахад 19 хувь нэмэгджээ. Энэ нь олон улсын нийт зэвсгийн борлуулалтын 13 хувийг эзэлж байна гэж тайланд дурджээ. Европт хамгийн их зэвсгийг Их Британи, Норвеги болон Нидерланд худалдаж авсан байна. Европын бусад орнууд ойрын 10 жилд зэвсгийн худалдан авалтынхаа хэмжээг эрс нэмэгдүүлэх төлөвтэй. SIPRI-ийн мэргэжилтнүүд үүнийг хөгшин тивийн олон орон АНУ-аас зэвсэг, тэр дундаа цэргийн нисэхийн техник хэрэгсэлд томоохон захиалга өгсөн гэдгээр тайлбарлав. “Украинд мөргөлдөөн үргэлжилж байгаа хэдий ч, 2017-2021 оны хооронд тус улсын зэвсгийн импорт маш хязгаарлагдмал байсан” хэмээн тайланд өгүүлжээ. “Европын ихэнх улс орон болон Оросын харилцаа ноцтой муудсан нь зэвсгийн импортын өсөлтөд нөлөөлсөн чухал хүчин зүйл болжээ. Дотооддоо зэвсгийн үйлдвэрлэл багатай, хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа улс орнуудын зэвсгийн импорт илүү өссөн” Питер Веземан тайлбарлав. Түүний хэлж буйгаар, зэр зэвсгийн нийлүүлэлт Транс Атлантын бүс нутагт аюулгүй байдлын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг аж. Франц улс зэвсгийн экспортоор дэлхийд тэргүүлэгчдийн нэг Стокгольмийн судалгааны хүрээлэнгээс гаргасан тайланд дурдсанаар, 2017-2021 онд Франц улс дэлхийн зах зээлд зэвсгийн гурав дахь том экспортлогч байв. Дээрх хугацаанд тус улс дэлхийн зэвсгийн борлуулалтын 11 хувийг эзэлжээ. Энэ нь 2012-2016 онтой харьцуулахад Францын зэвсгийн экспортын хэмжээ 2017-2021 онд 59 хувиар өссөн гэсэн үг. Дэлхийн зах зээлд зэвсгийн худалдаагаар АНУ тэргүүлэгч хэвээр байна. Тус улс 2012-2016 онд зэвсгийн зах зээлийн 32 хувийг эзэлж байсан бол, 2017-2021 онд 39 хувь болгож нэмэгдүүлжээ. Энэ хугацаанд АНУ-ын зэвсгийн экспорт Оросынхоос хоёр дахин их буюу 108 хувиар илүү байсан гэж SIPRI-гийн тайлан харууллаа. ОХУ-ын зэвсгийн экспорт буурсан Өмнөх дөрвөн жилтэй харьцуулахад 2017-2021 онд ОХУ-ын зэвсгийн экспортын хэмжээ 26 хувиар буурсан гэдгийг SIPRI-гийн тайланд дурджээ. 2017-2021 онд ОХУ дэлхийн зэвсгийн зах зээлийн 19 хувийг эзэлсэн байна. “Оросын зэвсгийн экспорт буурсан нь бараг бүхэлдээ Энэтхэг болон Вьетнам гэсэн хоёр худалдан авагч улс руу нийлүүлэлт багассантай холбоотой. Гэсэн хэдий ч ойрын жилүүдэд ОХУ-аас Энэтхэг рүү хэд хэдэн томоохон зэвсгийн нийлүүлэлт хийх төлөвтэй байна” гэж SIPRI-ийн мэргэжилтнүүд мэдээлэв. БНХАУ 2017-2021 онд дэлхийн дөрөв дэх том зэвсгийн экспортлогч байсан бол, Герман улс тавдугаарт жагссан байна. Гэхдээ өмнөх дөрвөн жилтэй харьцуулахад 2017-2021 оны хугацаанд БНХАУ-аас дэлхийн зах зээлд нийлүүлсэн зэвсгийн хэмжээ 31 хувиар нэмэгдэж, харин Германых 19 хувиар буурсан байна. Үндэсний шуудан сонин М.Тилеген