Өрсөлдөгчгүй Кандидат


Нэр дэвшигч гэх орос үг. Манайд анонс, рейтинг шиг сонгуультай хоршдог хэвшмэл үгийн нэг бол кандидат. Энэ удаад ирэх сарын 6-нд товлогдсон МАН-ын Их хуралд зориулж энэ үгийг ашиглаж болох нь. Монгол Улсын Ерөнхий сайд, эрх баригч МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнийг энэ оны зургадугаар сарын 25-нд МАН-ын Бага хурлаар намын даргын үүрэг гүйцэтгэгчээр сонгож, 2021 оны долдугаар сарын 09-нд Улсын дээд шүүхээс баталгаажуулсан.


Гэхдээ МАН-ын үндсэн дүрэм ёсоор Их хурлаар намын даргын бүрэн эрхийг баталгаажуулна. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Их хурлаараа намын даргыг сонгох, намын дүрмийн өөрчлөлт, хяналтын хороо байгуулах” зэрэг асуудлыг хэлэлцэнэ гэдгээ хэлсэн. Тэгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын 30 дугаар Их хуралд даргын үүрэг гүйцэтгэгчээр оролцох ч нөгөө талаас “кандидат” болох нь.

МАН-ын үндсэн дүрмийн “24.2.-т Монгол Ардын Намын даргыг намын Их хурлаас дараагийн Их хурал хүртэлх хугацаагаар сонгох бөгөөд намын дарга дараах бүрэн эрхтэй байна” гэсний дагуу Л.Оюун-Эрдэнэ намын даргын бүрэн эрхээ Их хурлаараа баталгаажуулна. 

Намын Их хурлын чөлөөт цагт намын дарга орон гарвал Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шинэ даргыг сонгох дүрмийн заалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одоогоор Бага хурлаас сонгогдсон “түр” дарга. МАН-ын Их хурлын онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэх асуудалд Монгол Ардын Намын даргыг сонгох, намын нэрийг өөрчлөх, намыг өөрчлөн байгуулах гэж дүрэмд тодорхой заасан учраас Дээд шүүхээр баталгаажуулсан ч МАН-ын даргын бүрэн эрхээ Их хурлаар баталгаажуулах нь тодорхой.


Ингээд харвал МАН энэ удаад даргаа Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх биш, Намын даргад Ерөнхий сайдаа “кандидат”-аар Их хуралдаа оруулах нь. 

Хэдий ийм ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд өрсөлдөгчгүй нэр дэвшигч гэж болно. МАН түүнийг Ерөнхий сайдаас буулгахгүй л юм бол намын даргаар 100 хувийн саналаар сонгох нь ойлгомжтой. УИХ-ын МАН-ын бүлгийн гишүүд, намын удирдах зөвлөл, анхан шатны байгууллагууд Засгийн газрыг тогтвортой ажиллуулахын төлөөд нэгдсэн гэдэг нь бэлхнээ тодорхой байгаа учраас Засгийн газар, Ерөнхий сайдыг хөдөлгөхгүй. МАН-ын дүрэм ёсоор УИХ-д олонх болсон бол намын даргаа Ерөнхий сайдад нэр дэвшүүлдэг. Дүрмийн энэ заалтын хүрээнд, түмний итгэлийг авсан намын дарга хариуцлагаа үүрэх ёстой гэж Л.Оюун-Эрдэнэ 2016 онд М.Энхболдыг шахаж байсан хүний нэг. Тэр “Сонгуульд 65 суудал авсан намын дарга гүйцэтгэх засаглалаа тэргүүлж ажиллах нь парламентын засаглалтай улс орнуудын батлагдаагүй алтан дүрэм. Ингэж чадахгүй л бол гүйцэтгэх засаглалыг хүчгүйдүүлнэ” хэмээн зүтгэсэн. Харин энэ удаад өөрийнх нь нуруун дээр энэ ачаа ирлээ.  

Ердөө жилийн өмнө өнөөдрийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнийг Засгийн газрын тэргүүнд нэр дэвшүүлэхэд МАН-ын “ах нар” нь тийм ч таатай хүлээж аваагүй. Намын даргад нэр дэвших сонирхолтой нөхөд ч нэг биш байгаагаа илэрхийлж байлаа. Харин өнөөдөр Монгол Ардын намын даргад түүнээс өөр “кандидат” гарч ирэхгүй л болов уу. Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ Монгол Ардын Намын даргад өрсөлдөгчгүй “кандидат” болтлоо өнөөдрийг хүртэл юу хийж амжуулсан бэ.


“Сондгой” өнцөг

Л.Оюун-Эрдэнэ МАН-ын хувьд нэг “сондгой” өнцөг нь байв. “Олгой хагарсан ч тогоон дотроо” гэх МАН-ын алтан дүрмийг зөрчиж, УИХ-ын чуулганы танхимаас Төрийн ордны гадаа хүртэл гарч намын даргаа эсэргүүцэж, чангаар “хашгирсан” хүн бол өнөөдрийн Ерөнхий сайд, МАН-ын даргад нэр дэвшигч. Тэр зүтгэсэн, ард нь гарсан. 

Монгол Улсад хууль биш хувь хүн засагладаг нөхцөл байдалд орсныг хаа ч явсан хэлж, хоёр намын “толгойлогч” нарын хамтарсан бүлэг­лэлийн талаар “шүгэлдэж” байлаа. 

Ийн хамгийн их “хашгирчихаад” 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд эсэргүүцсэн хүнийхээ кампанит ажилд оройлон зүтгэсэн нь түүнийг үзэл бодолдоо тууштай байж чадах хүн мөн үү гэх эргэлзээг дагуулсан. Намын даалгавар гэж өөрөө тайлбарласан ч хүн бүр өөрийнхөөрөө хүлээж авч дүгнэсэн, дүгнэсээр байгаа.

Гэсэн ч 2019 он өөрийнх нь хэлснээр үнэхээр “доргилттой жил” болж, Эрдэнэт ТӨҮГ, Оюутолгой төсөл багасаад Сүхбаатарын талбай, Найрамдал зуслангийн газар гээд толгой дээр суусан нөхөд хэрхэн бүлэглэн дээрэмдэж байгааг хөндсөн, бас баримтыг ил гаргасан. Иргэд төр шударга ажиллах нь гэж итгэж, намын болон төрийн дунд доод шатныхан нь дотроо “бодолтой” болсон.

МАН-ын “сондгой” өнцөг болон харагдаж байсан ч Засгийн газрын “тогооны хүн” болж ахиад л олон хүний шүүмжлэл, эсэргүүцлийг дагуулсан. Засгийн газарт ороод “Эрдэнэтийг Төр буцааж авна” гэж чанга дуугараад Харвард төгссөн социализмыг санагалзагч хэсэгтээ цоллуулсан. 

Тэр бүртэй хэрэлдэж, хэлэлцэлгүй зүтгэсээр улстөр, бизнесийн хамтрагчдын халаасанд сэм орчихсон Эрдэнэт үйлдвэрт онц байдал тогтоон төрд авч, зэсийн томоохон орд Оюутолгойгоо ашиглуулаад өрөнд орсон Монгол Улс хөрөнгө оруулагчийн өмнөөс үгүй гэж хэлээд нэг ширээний ард эгц харж суухад тэр бас л гол дүр болсон. Энэ бүхэн Монгол Улсын Засгийн газрын түүхийн тод мөртэй алхмууд гэдгийг хэн хүнгүй л хүлээн зөвшөөрч байна. 

Түүний Эстонийн туршлага хэмээн анхнаас нь ярьсаар, зүтгэсээр хийж байгаа өөр нэг томоохон төсөл нь цахим Монгол. Тусгайлан хариуцах  ажиллах Цахим хөгжлийн яамыг байгуулахаар УИХ-аар батлуулж чадсан. Ингэснээр төрийн албаны “муу дүр” болсон дунд шатныхны авлига, хүнд суртал бүрэн буурна гэдэгт Ерөнхий сайд байтугай энгийн иргэд ч итгэлтэй байгаа.

Энэ бүхний дараа 2021 онд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Засгийн газар огцроход эрх баригч МАН Засгийн газрыг толгойлох дараагийн хүн хэн бэ гэх асуулт тавьж толгой гашилгах шаардлагагүй өрсөлдөгчгүй “кандидат”-аар Л.Оюун-Эрдэнэ тодорч, намын Удирдах зөвлөлөөрөө баталгаажуулсан. 

МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод тангараг өргөхөд МАН-ын дараагийн дарга хэн байх вэ гэж хэрүүл тэмцэл болсонгүй. У.Хүрэлсүхийн санал болгосноор Л.Оюун-Эрдэнийг Бага хуралд  өрсөлдөгчгүй “кандидат”-аар оруулж, олонхийн санал авч, үүрэг гүйцэтгэгчээр томилов. 

2000 онд намд элссэн, 2010 онд намын залуучуудын байгууллагын даргаар сонгогдсон, 2015 онд Харвардаас ирсэн 2016 онд УИХ-д сонгогдсон, улс төрд 10 жилийн түүхтэй 1980-аад оны нөхөрт 100 жилийн түүхтэй намын ах нар эрх мэдлийг атгуулах амаргүй байсан нь ойлгомжтой. Ялангуяа МАН-ын шинэ үеийн түүхийн хамгийн залуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга болсныг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байв. Мэдээж Ю.Цэдэнбал шиг 24 насандаа гарч ирэх лидер өнөөдөр ч цаашдаа ч гарч ирэхгүй нь лав.

Гэхдээ дэлхий дахинд нүүрлэсэн цар тахлын үеийн гадаад ертөнцөөс тусгаарлагдсан, дотоодод бүхий л салбарт уналттай үед Засгийн газар толгойлж зүтгэнэ гэдэг ах нараас, Сү.Батболдоос эсвэл Г.Занданшатараас гарахгүй сонголт байх. Намдаа 10 жилийн хугацаанд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чадсан Л.Оюун-Эрдэнийн хувьд 41 насандаа намын даргын тамгыг гардаж авах нь.


Алсын 30 жил...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байх хугацаандаа амжуулсан онцлох ёстой нэг ажил нь “Алсын хараа-2050” буюу Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг. 25 насандаа “Алсын хараа” хэмээн ном бичиж явсан түүнийг Монгол Улсын “Алсын хараа”-г ярихад хүлээн зөвшөөрөх нэгнээс хүлээн зөвшөөрөхгүй нь олон байсан нв үнэн. Харин тэр Засгийн газрын бүрэлдэхүүнд орсон даруйдаа тайлбарлаж, таниулж, хуралдаж, цуглуулж явсаар УИХ-аар хөгжлийн бодлогын баримт бичиг болгон батлуулсан. Хэрвээ намын гишүүддээ хүлээн зөвшөөрөгдөөгүй бол Монгол Улсын биш Л.Оюун-Эрдэнийн “Алсын хараа” хэвээр үлдэх байсан биз.

Зарим нь хэрэгжих боломжтой юу гэх эргэлзээ дагуулдгийг үгүйсгэхгүй ч Монгол Улс ирэх 30 жилд хаашаа явах вэ, юуг бүтээх вэ гэдгээ энэ удаад тодорхойлсон. Тогтвортой төр, тогтвортой Засгийн газар, төрийн уламжлалт залгамж халаа байх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Хөрөнгө оруулагчдын хамгийн их хүсч хүлээж байсан зүйл энэ байсан. Тэд төрийн урт хугацааны тогтвортой, залгамж чанартай бодлогыг л хүлээж байлаа. Өдөр бүр өөрчлөгдөж байгаа дэлхийд 30 жилээр хөгжил төлөвлөнө гэж байх уу хэмээн дэлхийн улс орон бүр 2050 гэсэн хөгжлийн бодлогын баримт бичиг, төлөвлөлт төлөвлөгөөгөө гаргаж, бүүр хиймэл оюун ухааны тусламжтайгаар төсөөллийн ертөнцийг бүтээчихсэн байдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.

Монгол Улс ямар ч байсан” Алсын хараа”-тай болсон. Тэргүүлэх салбараа уул уурхай гээд харчихсан байсан бол энэ удаад оюун ухаандаа итгэж эхэлсэн. Сонины шарласан хуудаснаас “метротой, гэр хороололгүй болчихож” хэмээн өөрсдийгөө шоолж суух биш, УИХ-аар хөгжлийн чиг баримжаагаа баталж тодорхойлсон. Яаж ч толгой сэгсрээд үе үеийн Засгийн газруудын бодлого, хөтөлбөрөө тодорхойлох чиг баримжаа, залгамж чанар нь энэ боллоо.

Үнэндээ 1990 оноос хойш Монгол Улс Засгийн газрын дундаж насжилтаар хөгжлийн бодлогоо тодорхойлж байсан гэхэд хилсдэхгүй. 1.7 жилээр гэсэн үг. Хэдийгээр “...Бодлогын баримт бичиг” гэсэн том, том нэртэй салбар бүрийн олон хуудас төлөвлөлтүүд байдаг ч өнөөдөр амилаад, амьдраад байгаа нь хэд билээ. Социалист системдээ гацчихаагүй ч ёстой үлгэрлэн жишдэг яст мэлхийн хурдаараа л яваа. Төрийн бодлогоор өнгөрсөн 30 жилийн хугацаанд бүтээн байгуулсан юу байгаа билээ...

30 жилээр биш ч 5-10 жилээр төлөвлөдөг байсан он жилүүдэд Монгол Улс үйлдвэртэй, ажлын байртай, зорилттой зорилготой явсныг 1960-1990 он хүртэлх 30 жилээс харж болдог. Харин өнгөрсөн 30 жилд... 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хүн дунджаар 25 мянган өдөр амьдардаг, үүнээс үр бүтээлтэй нь 8000 өдөр байдаг. Энэ богинохон хугацаанд амьдрахдаа “би юу хийх вэ, юуг үлдээж чадах вэ” гэдгээ харж чадаагүй хүн цаг хугацааг үрэн таран болгодог гэж  нэгэн уулзалтынхаа үеэр ярьж байсан. Яг энэ жишээг дөрвөн жилийн өмнө уулзаж ярилцсан нэгнээс харж билээ. Социализмын үед төрж, өссөн тэр хүн зах зээлийн шуурганд идэр насаа үдэж, эхнэрээсээ хагацсан өдрөөсөө хойш 30 жилийн тэртээх цаг хугацаанд гацчихсан байсан. Найрамдлын район, цагдан сэргийлэх, хотын намын хороо гээд ярих орчин цагийн орон зайн баримжаагүй хүн. Түүнд зорилго, ирээдүй, алсын хараа гэж үгүй. Зүг чиггүй нэгэн. Гэхдээ тэр бидний дунд амьдарч явсан нэгэн. Бууралаа гэж өөрийгөө танилцуулсан энэ хүн одоо амьд яваа болов уу гэх бодол заримдаа орж ирдэг. 

Хэрвээ улс орон ийм бол... Хэдхэн жилийн дараа Монгол Улс одоо байдаг болов уу гэж хэн нэгэн асуух биз. 

Гэхдээ Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд гучин жилийн дараа биш гурван жилийн дараа сонгогчид дүн тавина.

 Улс төрийн намууд авлигаас, төр нь хүнд суртлаас ангид байх боломжийг бүрдүүлэхийн төлөө хэрхэн ажилласан бэ гэж түүнээс асууна. Бас танай нам хүний эрхийг дээдлэх, хүмүүнлэг ардчилсан нийгмийг бий болгох, залуучуудыг дэмжих, тэгш боломжоор хангах зорилтдоо хүрч чадсан уу гэнэ. 

Тэр үед өрсөлдөгчтэй болно. Үүнийг Ерөнхий сайд алсын хараандаа тооцоолж байгаа гэж итгэе.