О.БАЯРЦОГТ: Би шавь нараа зөвхөн аварга болгох гэж биш сайн хүн болгохын төлөө дасгалжуулдаг

-О.ДӨЛГӨӨНИЙХӨӨ “17” НОМЕРЫГ МӨНХЖҮҮЛСЭН. ОДОО Т.ИХ-УУЛЫНХАА НЭГ НОМЕРЫГ НЬ СОНГОЖ АВААД МӨНХЖҮҮЛНЭ ГЭЖ БОДОЖ БАЙГАА-

Эргэлт.мн мэдээллийн сайт “Энэ цагийн эзэд” булангийнхаа энэ удаагийн зочноор Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, “Этүгэн ирвэсүүд” багийн үүсгэн байгуулагч О.Баярцогтыг урьж, ярилцлаа. Түүний хувьд сагсан бөмбөгийн спорттой амьдралаа холбоод 30 гаруй жил болж байгаа бөгөөд энэ хугацааныхаа талыг тамирчны, үлдсэнийг нь дасгалжуулагчийн хувиар талбайд өнгөрүүлсэн байна.

Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаасны дараа “Этүгэн ирвэсүүд” багийнхаа зааланд ёсолж, хоёр шавийнхаа зурганд хүндэтгэл үзүүлэн, уйлж байгаа бичлэг нь олон хүний сэтгэлд хүрсэн билээ.

-“Этүгэн ирвэсүүд” баг бэлтгэлээ идэвхтэй хийж байна уу?

            -Тийм ээ, манай “Этүгэн ирвэсүүд” багийн хотод байгаа тамирчид маань бэлтгэлээ идэвхтэй хийж байна. Орон нутагт байгаа хүүхдүүддээ сургалтаа цахимаар явуулж байна даа.

-Таныг их хожуу дасгалжуулагч болсон гэдэг. “Этүгэн ирвэсүүд” багийг үүсгэн байгуулж, дасгалжуулагчаар нь ажиллаж эхэлсэн тухай дурсамжаас тань яриагаа эхлүүлье?

            -Би 33 насандаа сагсан бөмбөгийн спортоос зодог тайлсан. Тухайн үед 33 нас бол сагсан бөмбөгийн спортод хөгшиддөг байлаа. Одоо бол хүн хоолны дэглэм бариад өөртөө анхаарал тавьж чадвал 37, 38 нас хүртлээ ч тоглох боломжтой болсон. “Хасын хүлгүүд” баг 2004 онд байгуулагдаж, би нэг жил тоглоод, тэндээс зодог тайлсан. Дандаа залуу, сайхан тамирчидтай, би тамирчдынхаа хурдыг гүйцдэггүй. Өөрийн эрхгүй цуцаад байдаг юм билээ. Тэгээд 2005 онд зодог тайлах үед Пак багш “Туслах дасгалжуулагчаар багтаа ажилла” гэж хэлээд анх “Хасын хүлгүүд” багаа дасгалжуулж байлаа. Тэр багаа 13 жил дасгалжуулаад дараа нь “Этүгэн ирвэсүүд” багаа үүсгэн байгуулж, дасгалжуулж эхэлсэн. Манай “Этүгэн ирвэсүүд” баг дээд лигт нэг жил тоглож, мөнгөн медаль хүртсэн. Тодорхой шалтгааны улмаас одоогоор дээд лигт завсарласан байгаа.

-Та амьдралынхаа 30 гаруй жилийг  Сагсан бөмбөгийн спортод зориулжээ. Энэ хугацаанд манай улсын сагсан бөмбөгийн хөгжил ямар түвшинд хүрсэн бэ?

            -Манай улсад сагсан бөмбөгийн спорт их хожуу хөгжсөн. 1990 оны хүнд цаг үед сагсан бөмбөг дөнгөж л хөгжиж эхэлж байлаа шүү дээ. 1994 онд анхны Дээд лиг зохион байгуулагдаж, мэргэжлийн тамирчдыг бэлтгэж эхэлсэн. Анх мэргэжлийн тамирчдыг зөвхөн тоглолт, бэлтгэлд нь бүх анхаарлыг нь хандуулахын тулд улсаас цалин хөлс өгч, нийгмийн даатгалыг нь төлж, давхар ажил хийлгэхгүй байх зорилготой байсан. Харамсалтай нь, одоогоор сагсан бөмбөгийн спорт тийм хэмжээнд хөгжөөгүй л байна. Үүнд мэргэжлийн клуб цөөхөн, төр засгийн дэмжлэг муу байгаа нь нөлөөлдөг.

           Миний хувьд тамирчны зүгээс өөрийнхөө хэмжээнд сагсан бөмбөг тоглож, улсын шигшээ багт харьяалагддаг байлаа. Тамирчин байхдаа зөвхөн өөрийнхөө амжилтыг л боддог байсан бол дасгалжуулагч болоод жинхэнэ сагсан бөмбөгийн төлөө зүтгэж эхэлсэн. Багаа амжилтад хүргэх, хүүхэд, залуусыг Сагсан бөмбөгийн спортод хайртай болгох, татан оруулах, багийн спортоор дамжуулан хүүхдийг хүмүүжүүлэх, муу зуршлаас хол байлгах нь сагсан бөмбөгийн хөгжилд оруулж буй миний хувь нэмэр юм болов уу.

Залуу дасгалжуулагч байхдаа амжилтын төлөө л явдаг байлаа. Багаа Улсын аварга болгох юм сан, Лигийн аварга болгох юм сан л гэж мөрөөддөг. Харин хүүхдүүдтэй удаан ажиллаад ирэхээр Улсын аварга, Лигийн аварга бол сагсан бөмбөгийн жижигхэн хэсэг юм байна гэдгийг ойлгосон. Сагсан бөмбөгөөр дамжуулж нэг ч гэсэн хүүхдийг зөв замд нь оруулах, ирээдүйд сайн аав, ээж болоход бэлдэх нь багш хүний үүрэг юм билээ.

              Мэдээж дасгалжуулагч хүний дараагийн зорилго олон улсад данстай тамирчин төрүүлэх. Би анх дасгалжуулагч болохдоо 5х5 эрэгтэй шигшээ багийг Азид данстай болгож, Азийн аваргад өрсөлдөхүйц хэмжээний  болгох зорилготой байсан. 2009 онд Улсын шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байгаад 2010 оноос шигшээ багийн үндсэн дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн.

Шигшээ багийн маань  үр дүн 2014 онд гарч, манай эрэгтэй шигшээ баг түүхэндээ анх удаа Азийн аваргын шилдэг наймд үлдэж байсан. Энэ мэтчилэн өндөр үзүүлэлттэй, хөгжих боломжтой байсан. Харамсалтай нь, Сагсан бөмбөгийн холбоо маань хоёр хуваагдаж, улс төрийн золиос болсноор энэ амжилт зогссон.

2015 оноос хойш Монголын 5х5 шигшээ баг гаднын тэмцээн уралдаанд нэг ч оролцоогүй байж байгаад 2018 онд Жакартагийн Азийн аваргад оролцсон. Ингэхдээ Сагсан бөмбөгийн холбооноос эрэгтэй шигшээ багийг өөр дасгалжуулагчид өгөөд, эмэгтэй шигшээ багтай ажиллах санал надад тавьсан. Үүний дагуу эмэгтэй шигшээ багаа бэлдэж мөн л Азийн аваргын шилдэг наймд үлдсэн дээ. Гэхдээ одоогоор бол Монголын 5х5 шигшээ багийн амжилт нам зогссон. Үүнд их харамсаж явдаг.

        Ний нуугүй хэлэхэд би сагсан бөмбөгийн хувьд их “азгүй” дасгалжуулагч гэж өөрийгөө бодож явдаг. Яагаад гэхээр би өөрийнхөө өмнө тавьсан зорилгынхоо төлөө хатуу зарчмаар л явсан. Түүнээс хэн нэгэнд худалдагдаад, хэн нэгний цүнх барьж явахыг хүсээгүй. Албан тушаалд бол бүр шунаагүй. Ганцхан сайн дасгалжуулагч болох  зорилгодоо хүрэхийн тулд цуцашгүй хүчээр хичээж ирсэн, цаашид ч хичээх болно.

-2014, 2018 он Монголын сагсан бөмбөгийн спортын түүхэн амжилтын жил байж. Үүнээс харахад таны дасгалжуулах арга барилд нэг нууц бий юм шиг ээ?

            -Би зүгээр суух ерөөсөө дургүй. Байнга суралцаж, шинийг эрэлхийлж байдаг л даа. Тэгээд нэг шинэ зүйл сурлаа гэхэд шавь нартаа зааж өгөх гээд байж ядна. Сурсан зүйлээ цагийн дараа гэхэд л шавь нараа цуглуулж байгаад заана. Би сайн дасгалжуулагчийг тамирчнаар нь дүгнэдэг. Сайн дасгалжуулагчийн шавь нь ёс зүйтэй, чадварлаг байдаг. Тэр утгаараа хүүхдүүддээ хатуу шаардлага тавьдаг. Одоо байгаа түвшинг нь ахиулахын тулд шахаж, шамдуулдаг. Энэ зан маань хааяа хатууддаг ч байх.

Одоогоос 5-6 жилийн өмнө залуу байхдаа орилж чарладаг, уучлаад өнгөрөөчих зүйлийг заавал зандарч, заадаг байсан юм билээ. Одоо бол өөрийгөө арай зөөлөн болсон гэж харж байгаа шүү.

Гэхдээ манай монголчуудын цусанд нь сэргэлэн, адтай зан байдаг. Түүнийг нь зөв залуурдахгүй бол хэтэрхий их дэвэрчихээд байдаг. Тэр утгаараа би монгол залууст тохирсон арга барилаар заадаг. Техникийн хувьд бид нуруу намхан. Тийм болохоор хүн болгонд тохирсон тоглолтын системийг зурж байгаад зааж өгдөг. Энэ маань л дасгалжуулагчийн нууц юм болов уу.

-Та яриандаа  “Би шавь нартаа ширүүдүүлэх гээд байдаг аа” гэлээ. Энэ дасгалжуулагчийн арга барил байв уу эсхүл хувь хүн тань ширүүн дориун зантай юу?

             -Хүн зовлон даадаг шүү дээ. Магад өөрөө зовлон дааж сурсан болохоор шавь нартаа тийм хандлага гаргадаг байж болох юм. Нөгөө талдаа багийн спортод зөөлөн байх нь зохихгүй юм. Өөр өөр орчинд өссөн, өөр өөр араншинтай 10 гаруй охид, хөвгүүнийг нэг зүгт харуулж, нэг зорилготой болгох хэцүү л дээ. Тэгэхийн тулд олон тэмцэл гарч ирнэ. Нэг баг болгож, хүчтэй тамирчин болгохын тулд хатуурхах хэрэгтэй болдог. Миний хэлэх гээд байгаа зүйл бол төгс тамирчин, төгс дасгалжуулагч гэж байдаггүй. Алдаанаас алдааны хооронд л суралцаад явдаг. Би өөрийгөө төгс дасгалжуулагч гэж хэлэхгүй  л дээ. Залуу насны ааг омгоо эргэж хараад, засаж залруулаад явж байна. Түрүүн хэлсэн шүү дээ. Залуу насандаа аварга болохын төлөө л багаа дасгалжуулдаг байсан. Одоо бол сагсан бөмбөгөөр дамжуулж нэг ч гэсэн хүүхдийн амьдралыг өөрчлөхийг зорьдог болсон. Гэхдээ мэдээж аварга болох зорилгоо гээлгүй, хослуулаад л явж байна.

 

-Одоо тэгэхээр зөөлөрсөн гэсэн үг үү?

             -Ер нь зөөлөрсөн шүү. Гэхдээ зөөлөн хандаад алдсан зүйл байгаа. Жишээ нь, түрүү жил өөрийнхөө хатуу ширүүн занг засах гэж “23 Стомс” багийн тамирчдадаа нэлээн зөөлөн хандсан л даа. Түүний үр дүн нь манай баг Флэй оффын шатанд  хасагдаж байсан. Тэмцээний дараа залуу тамирчид маань “Багш аа, та энэ жил яасан юм бэ. Ерөөсөө загнахгүй юм” гэж гайхаж байсан. Одоо энэ зааланд бэлтгэл хийж байгаа тамирчиддаа би нээх үг хэлдэггүй юм. Хааяа нэг болохгүй болохоор нь зандраад, бэлтгэлийг нь эрчимжүүлээд ирэхээр “Багш аа, та хуучин шигээ биднийг загнаад, эрчимжүүлээд өг. Тэгвэл бэлтгэл үр дүнтэй, сайхан байна” гэж хэлдэг юм. Тэгэхээр би бас алдаа гаргасан байгаа биз. Алдаанаасаа суралцаад, хэтэрхий зөөлөн байж болохгүй юм байна гэдгийг ойлгосон.

 

-Та тэмцээний үеэр их ууртай харагддаг.

              -Манай улсад дасгалжуулагчийн үнэлгээ их бага. Тэгсэн хэрнээ бүх зүйлийг хийнэ. Багийн амжилтын төлөө тамирчдаа ээж, аав шиг нь тойглоно, хоол, цайг нь зөөнө, дэлгүүр хоршоо дагуулж явна гээд хар бор бүх л ажлыг нь хийдэг дээ. Тийм байхад тоглолтын үеэр миний тооцоолсон системээр тоглохгүй байхаар жоохон бухимдаад байдаг юм. Бэлтгэлийн үеэр хамгаалалт, довтлолтоо ярилцаж, ярилцчихаад тоглолтын үеэр өөрийнхөөрөө тоглоод байхаар бухимддаг л даа. Хийх ёстой зүйлээ хийгээд, зааснаар минь тогловол юунд бухимдах вэ дээ.

-Та 2018 оны Флэй оффын үеэр өмнө нь дасгалжуулж байсан “Хасын хүлгүүд” багийн тамирчныг дэгээдсэн шүү дээ. Энэ үйлдэлд таныг ёс зүйгүй үйлдэл гаргалаа гэж олон хүн шүүмжилж байсан?

-Би түүн дээр өөрийгөө өмөөрдөггүй. Яалт ч үгүй миний буруу. Тэр орой тухайн тамирчин руу залгаж, уучлалт гуйсан л даа. Бид хоёр олон жил багш тамирчны харилцаатай явсан. Гэтэл тамирчин маань багш руугаа хуруугаараа зангах, гаргаж буй реакцууд нь хэтэрхий бүдүүлэг байсан л даа. Тэгээд тухайн үеийн уур, бухимдлаа барьж дийлэлгүй дэгээ тавьсан. Яг миний урдуур ч гүйж таарсан юм.

 

Би олон жил дасгалжуулж байгаа хүний хувьд өөрийгөө дүгнэхэд контролоо хэзээ ч алдаж байгаагүй. Намайг гаднаас хараад “Энэ орилж хашгичаад, хяналтаа алдчихаж” гэж боддог юм шиг байна лээ. Гэтэл үнэндээ би бүх тоглолтоо тооцоолж, хянаж чаддаг л байхгүй юу. Харин тэр өдөр л хяналтаа алдсан байна лээ.

Тэгэхээр бас болоогүй л байсан байгаа биз. Түүний дараа босож дасгалжуулахаа ч больсон. Өмнө нь би ер нь босож дасгалжуулдаг байсан л даа. Одоо бол тоглолтын талд нь суудаг болсон шүү.

-Тэгвэл шавь нартаа ёс зүй, хүн байх талаас нь хэрхэн сургадаг вэ?

   -Би шавь нартаа “Зорилгоо тодорхойлоод, тууштай бай” гэж л заадаг. Чи өнөөдөр гэнэт их цалинтай ажилд орох боломжгүй. Эхлээд нэг байгууллагад 500 мянган төгрөгийн цалингаас эхэлж ажилла. Түүндээ тууштай хөдөлмөрлөөд нэг сая төгрөгийн цалинд хүр гэж жишээ авч хэлдэг л дээ. Мөн гэр бүлийн тухайд их нухацтай ярилцдаг. Та нар ирээдүйд бүгд сагсчин болохгүй. Харин бүгд аав, ээж болно. Тийм учраас ирээдүйд яарч шийдвэр гаргах хэрэггүй. Эхлээд сайн нухацтай бод. Тэгээд сонголтоо хий. Хийсэн сонголтдоо үнэнч бай. Үр хүүхдээ хэзээ ч өнчрүүлж болохгүй. Өнөөдрийн нийгэмд хамтдаа байгаа гэр бүл л хүчирхэг харагдаж байна. Тийм учраас салах гэж бүү яараарай. Чамайг салалт гэдэг үг насан туршдаа дагаж явдаг юм гэх мэтээр зөвлөдөг.

-Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас Гавьяат дасгалжуулагч цол хүртэхдээ хэнийг хараасай гэж хүссэн бэ?

            -Ерөнхийлөгчийн тамгын газраас нэг хүн холбогдоод “Та Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол хүртлээ. 15:00 цагаас Төрийн ордны үүдэнд бэлэн байгаарай” гэж хэлсэн. Би бүр гайхаад хамгийн түрүүнд эхнэр лүүгээ залгаж, дуулгаад, дэлгүүр орсон доо. Тэгээд цаг тулсан байсан учир хүмүүст хэл хүргэж амжаагүй. Гэтэл гараад ирсэн чинь манай шавь нар, хамт тоглож байсан багийн тамирчид гээд олон хүн ирсэн байсанд их баярласан. Миний аав хэдэн жилийн өмнө бурхан болсон, ээж минь байдаг. Ээждээ Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч болсноо харуулах сайхан байсан. Харин Төрийн ордон дотор аавыгаа, хоёр шавиа их үгүйлж суулаа. Энэ шагналыг авахад хоёр шавь минь хажууд байсан бол яаж баярлах байсан бол гэж их бодсон шүү. Уг нь дотор байхдаа хүмүүст мэдэгдэлгүй зааландаа ирээд хоёр шавьдаа хүндэтгэл үзүүлнэ дээ гэж бодож байсан. Харин гараад иртэл шавь нар маань ирээд “Багш аа, заал руугаа явъя” гээд бөөндөө хамт очсон. Заалдаа очоод хоёр шавийнхаа зургийг хараад өөрийн эрхгүй нулимс унагасан. Би жаахан нас ахиж байгаа бололтой нулимс ойрхонтой болсон байна лээ. О.Дөлгөөнийхөө “17” номерыг мөнхжүүлсэн. Одоо Т.Их-Уулынхаа нэг номерыг нь сонгож аваад мөнхжүүлнэ гэж бодож байгаа.

-“Этүгэн ирвэсүүд” багийг үүсгэн байгуулж, өнөөдрийг хүртэл хамт яваа хүний хувьд асуухгүй өнгөрч болохгүй байх. Та хоёр сайхан шавиа, Монголын сагсан бөмбөгийн спорт хоёр сайхан тамирчнаа жил дараалж алдсан. Таны сэтгэлийн шарх одоог хүртэл аниагүй нь гавьяат цолоор энгэрээ мялаасны дараа хоёр шавьдаа хүндэтгэл үзүүлж, уйлж байгаагаас тань харагдаж байсан?

             -Хоёр сайхан хүүгээ алдсан уй гашуу, гомдол, харууслыг би насан туршдаа тээж явах байх. Сүүлд талийгаач болдог Т.Их-Уул маань над дээр 13-хан настай ирж байсан. О.Дөлгөөн маань хамтарч ажиллаад зургаан жил болж байлаа. Аав, хүү шиг дотно болсон байсан. Т.Их-Уулыгаа алдсандаа одоо ч итгэж өгдөггүй. Миний хүү чинь архи, дарс уугаад байдаггүй. Талийгаачийг нас биед хүртэл нь дээд зэргийн хяналт тавьдаг байсан. Алхам тутамд нь хяналт тавьж, бараг надаас зугтаамаар санагддаг байсан болов уу. Түүнийг 13-хан настайгаар нь төсөөлж явсан. Гэтэл хэдийнээ нас биед хүрсэн байжээ гэдгийг тэр үед л ойлгосон шүү.

Хамгийн харамсалтай нь өнөөдөр би өмөөрч чадахгүй, буруутгаж чадахгүй байна шүү дээ.

Гэнэтийн юм гэдэг чинь хамгийн хэцүү юм билээ. О.Дөлгөөн маань АНУ-руу явахдаа уулзсан, очоод утсаар холбоо барьж байсан. Т.Их-Уул маань гэнэт л орхиод явчихсан болохоор бүр их харуусдаг юм билээ.

-Т.Их-Уултай хэзээ хамгийн сүүлд уулзсан бэ?

            -Би цахимаар сургалтаа явуулж байсан. Тухайн хэрэг хагас сайн өдөр гарсан. Тэр долоо хоногийн нэг дэх өдөр цахимаар сургалт орохдоо хамгийн сүүлд царайг нь харсан даа. Уг нь бол бүр холбоо тасраагүй байсан. Байнга утсаар ярьж, амьдрал ахуй, бие хааг нь асуудаг байсан. Миний хайртай, дотнын шавь минь шүү дээ.

-“Ядаж ганц уулзчихгүй яав даа” гэж их харууссан уу?

            -Тав дахь өдөр нь бэлтгэл хийлгэхгүй яав даа гэж их харамсаж байсан. Хэрвээ тэр өдөр бэлтгэл хийсэн бол тухайн айлд очихгүй ч байх байсан юм бил үү. Өөрийгөө буруутгах ямар шалтгаан байна вэ бүх талаар нь буруутгадаг юм билээ. Тэгсэн бол би хамгаалчих байсан, ингээд даалгавар өгсөн бол өнөөдөр амьд байх байсан болов уу гээд. Нас барсан гэдгийг нь дуулаад сар гаран шокноосоо гарч чадахгүй байсан. Хүнтэй юм ч ярьж чадахгүй, эвлэрч өгдөггүй. Цаг хугацаа л хүнийг эдгээдэг юм билээ. Гэхдээ одоо ч хүүгээ яваад өгсөн гэдэгт итгэж чаддаггүй шүү дээ. Ямар сайндаа өрөөндөө шавийнхаа зургийг залсан. Хүмүүс “Зургийг нь аваач, хэцүү байдаггүй юм уу” гэж хэлдэг л юм. Би энэ зургийг байлгахыг хүсдэг. Заримдаа хармаар санагддаг. Ярилцмаар байдаг.

 

-Их сайхан мөрөөдөлтэй хүү байсан нь олон зүйлээс нь ажиглагдаж байсан?

    -“Багш аа, би сагсан бөмбөгийн 5х5 төрлөөр тултал явна” гэж ярьдаг байсан. Их дэврүүн, сайхан мөрөөдөлтэй хүү байсан. Сүүлд найз охинтой болсон. Найз охинтой болсныхоо маргааш нь л багшдаа хэлсэн. Би Т.Их-Уулынхаа аав нь байсан шүү дээ. Тийм болохоор хүүд минь хань болж чадахаар охин байна уу гэдгийг сонжих гээд хэргээр хоёуланг нь хоолонд урьж, найз охинтой нь танилцаж байлаа. Бид хоёр тийм л дотно багш шавь байсан.

-О.Дөлгөөний хувьд монголчууд “босоод ирэх болов уу” гэж их найдлага тавьж байсан. Энэ бүгдийг дэргэдээс нь мэдэрч, эцсийн мөчийг нь хүртэл горьдлого тээх хэцүү байсан байх?

   -Тэгэлгүй яах вэ. Манай О.Дөлгөөн маш тэмцэгч хүүхэд. Маш гэж хэлж байгаа шүү. Зүгээр тэмцэгч биш. Заримдаа намайг шахдаг байсан шүү дээ. Чиний хажуугийн буйдан дээр суугаад “Багш аа, бэлтгэлээ хийе л дээ. Багаа ингэмээр байна, та ингээд өг” гэж намайг шаналгадаг хүү байсан. Би одоо ч нүдэндээ дүрслэн харж байна.

 Хүмүүс сайн муугаар хэлж л байсан. Үнэндээ тэр хүүхэд салхин цэцэг л туссан шүү дээ. Хүн гэдэг хэврэгхнээ тулбал тийм хэврэгхэн, ханиад, салхин цэцэг өвчнөөр л амиа алдчихдаг. Миний хүү чинь АНУ-д эмчлүүлж байхдаа дундуур нь хоёр удаа сэргэсэн. Тэгээд ухаан ороод хамгийн түрүүнд “Миний оюутны Лигийн тоглолтын бичлэгийг тавиад өг” гэж хэлсэн байгаа юм. Тэгж их сагсан бөмбөгд дурласан хүү байсан.

-Хоёр тамирчны амиа алдсан нь дасгалжуулагч таны болоод танай багийн нэр хүндэд нөлөөлсөн үү?

         -Мэдэхгүй. Мэдэхийг ч хүсэхгүй байна. Би зөв юмны хойноос яваад муу хэлүүлэхийг хүлээн зөвшөөрдөггүй юм. Харин түрүүний ярьсан шиг өөрөө дэгээ тавьж, буруу юм хийсэн бол хүлээн зөвшөөрнө шүү.

-Ярилцсанд баярлалаа.

        -Баярлалаа.