ГЭРЭЛ ЗУРАГЧДААС АНХНЫ МАСТЕРУУД ТӨРЛӨӨ

Гэрэл зурагт дурлагсад, хобби сонирхолоо болгосон хүмүүс нэмэгдэхийн хэрээр гэрэл зургийн тухай ойлголт, фото зургийн үнэлэмж, бүтээгчдийн тухай ойлголтыг шинэ түвшинд гаргаж, ялгамж ангиллыг тодорхой болгох шаардлага гарч ирж байна. Гэрэл зургийн аппарат барьсан бүхнийг гэрэл зурагчин гэх үү, эсвэл урлагийн энэ төрлөөр бүтээл туурвиж, ажил мэргэжлээ болгодог, амьдралын эх үүсвэрээ бүрдүүлдэг тэр тодорхой хэсгийг хэлэх үү гэдэгт ч анхаарал хандуулах цаг болжээ. Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо нийгэмд энэ талын нэгдсэн, тодорхой ойлголтыг бий болгох, холбооныхоо гишүүдийн нэр хүндийг өсгөх, амжилт бүтээлээр нь урамшуулах, мэргэжил нэгтнүүдэд нь үлгэр жишээ болохуйц арга туршлагыг дэлгэрүүлэх зэрэгт үйл ажиллагаагаа чиглүүлж байна.


Энэ онд Монгол Улсад гэрэл зургийн алба үүсч байгуулагдсаны 85 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо гэрэл зурагчиддаа мэргэжлийн шалгуур тогтоох, гадаад дотоодын сургалт, фото аялал зохион байгуулах зэргээр оны турш хийх ажлаа төлөвлөөд байгаа юм. Тус холбоо Монголд анх удаа “Гэрэл зургийн мастер” хэмээх цол, тэмдэг, цомтой болж байгаа бөгөөд энэ өндөр шалгуур бүхий шагналыг эхний дөрвөн хүндээ гардуулж байна. Шагнагдсан хүмүүсийг гэрэл зургийн хөгжилд оруулсан бодитой хувь нэмэр, мэддэг чаддагаа бусадтай хуваалцаж шавь төрүүлсэн байдал, олон улсын чанартай уралдаануудад амжилттай оролцсон, фото альбом, ном сурах бичиг хэвлүүлсэн, тухай жилдээ гэрэл зургийн төрлөөр онцгой гавьяа байгуулсан зэрэг есөн шалгуураар тодрууллаа. Цаашид гэрэл зурагчдын дээд шагнал “Гэрэл зургийн мастер” цолыг холбооноос баталсан журмын дагуу хоёр жилд нэг удаа олгож байх юм.


Анхны мастеруудаар пресс фото буюу гэрэл зургийн сурвалжлага, нийтлэлийн томоохон төлөөлөл, гэрэл зурагчин В.Баттулга, спортын гэрэл зурагт өөрийн нэр мөртэй, өвөл зуны нийт дөрөв дэхь олимпоо сурвалжилсан, 2020 оны дэлхийн спортын гэрэл зурагчдын уралдааны гуравдугаар байрт шалгарсан гэрэл зурагчин Ч.Ганбат, Монголын байгалийн гэрэл зургийн “эцэг” гэж тодотгодог, нүүдэлчин ахуй, байгалийн гэрэл зургийн 10 гаруй бие даасан альбом гаргаж, тэдгээр нь 72 мянга гаруй хувь хэвлэгдэж, гадныханд эх орноо сурталчилсан гэрэл зурагчин Д.Октябрь, энэ салбарт 40 гаруй жил ажиллаж байгаа, гэрэл зургийг архивлах, тайлбар зүүлттэйгээр түүх бүтээхийг үлгэрийн залууст үзүүлж яваа ахмад гэрэл зурагч Б.Батцэрэн нар тус тус тодорлоо.