Д.Төрмөнх: Авьяас гэдэг урд насандаа цуглуулсан үйлийн үр юмуу даа

Зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнхтэй шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

Н.Түвшин

-Би таны өөрийн амьдралаас сэдэвлэсэн “Санкара” эссэ романыг уншаад  ярилцъя гэж бодлоо л доо. Маш сонин бичлэгтэй, заримдаа яруу найраг шиг, заримдаа нийтлэл шиг, дурдатгал ч юм шиг, заримдаа жинхэнэ уран зохиол уншаад ч байгаа юм шиг…гэхдээ  их дотно бичлэг санагдсан. Залуу хүмүүс  уншмаар сургамжтай зовлонгоос жаргалыг бүтээсэн түүх билээ…

-Баярлалаа. Би өөрөө хэлж мэдэхгүй юм.Үнэн түүх болохоор надад бол сонин гэхээсээ нэлээд аминч яриа л гэж боддог.Бараг долоон жилийн өмнө бичсэн юм шүү дээ.Номыг ер нь зохиолч ганцаараа сууж бичдэг, уншигч мөн ганцаараа сууж уншдаг болохоор юуны өмнө их аминч яриа байх ёстой байх гэж боддог. Анх Мартин Ларины “Асуух нурууны эмч, аргагүйн эрхэнд луйварчин” гэдэг нэртэй номыг багадаа уншсан маань дахиж шинээр хэвлэгдсэнийг олж уншаад Нью- Йоркод болж буй үйл явдал учир тэнд  байсан үеэрээ “Чөтгөрийн хотын тэмдэглэл” гэж нэг бэсрэг ном бичээд сүүлдээ түүнийгээ урагш хойш нэмж бүтэн болгосон  юм л даа.

-“Санкара” номыг би  M+  цахим номын сангаас татаж уншсан юм. Энэ тэгээд бүгд таны амьдралын бодит түүх юм уу, нэмж зохиосон юм уу? Г.Аюурзана зохиолч энэ тухай дурдсан  бэсрэг хөрөг бичсэн байсан. Номыг тань бүгдийг редакторласан юмаа даа. Сая цаасан хэлбэрээр гаргахдаа “Чөтгөрөөс Санкара хүртэл” гэсэн түүний бичсэнийг  өмнөтгөл  болгож оруулсан байна билээ? 

-Тийм Аюурзана ариутган шүүсэн, хамт хэвлэгдэн гарсан түүхэн романыг ч гэсэн. Д.Намдаг гуайн хэлсэн үг байдаг. “Хоёр үнэний  дунд нэг худлыг хавчуулж амьдар” гэж. Би хэдийгээр өөрийнхөө амьдралыг тэр чигээр нь шахуу бичсэн ч гэлээ хөндлөнгийн нүдээр  Мөнхөө гэх залууд тохиолдсон явдал мэтээр бичсэн юм л даа. Нэмж зохиож хачирласан юм бараг л байхгүй дээ, болсон явдлыг “монтажилсан” гэх үү дээ. Санкараг биччихээд и-мэйлээр найз нөхдөдөө уншуулдаг байсан юм. Тэгээд нэг удаа 10 хоног бясалгалд суугаад гараад ирсэн чинь Х.Баттулга баахан залгачихсан байсан. Яасан бэ гэсэн чинь хүрээд ир гэлээ. Хүрээд очсон  нөгөө номын эхийг чинь баахныг хэвлээд тавьчихсан залуучууддаа уншуулна гэж байх юм. Тэгээд намайг тоосонд баярлаад ярьж суутал  “Чи ер нь миний тухай ном  биччих хүн юм биш үү” гэсэн. “Чиний талаар хамгийн сайн мэдэх сэтгүүлч би ч байж мэднэ” гэж хэлээд “Миний мэдэх Женко Баттулга” гэж номыг бичсэн.  ДУДС-д хамт сурч байсан үеэс тоолбол бараг 40 жил ойр явлаа шүү дээ. Тэр үед түүнийг барьж хорих гээд бөөн хавчлага болж байсан үе шүү дээ. Тэр ном ч маш сайн борлогдож урам өгсөн дөө, 13 мянган хувь зарагдсан юм шүү дээ.

-Санкара гэдэг номын нэр ямар учиртай юм бэ?

-Би бясалгал хийгээд арваад жилийг ардаа хийжээ. Бурхан багшийн төрөлх  пали хэлээр хариу үйлдэл гэсэн утгатай үг юм. Хүний сэтгэл буюу оюун ухаан дөрвөн хэсгээс бүрддэг юм байна л даа. Виня, саня, венда, санкара гэж... Хүний чихэнд ямар нэг дуу авиа шүргэхэд, хамарт үнэр , аманд амт, биед ямар нэг зүйл шүргэхэд   виня гэх эхний хэсэг дуу орж ирлээ, амт мэдрэгдлээ …гэх мэтээр таван мэдрэмж эхлээд зүгээр л  таньдаг юм байна л даа. Тэгээд дараачийн хэсэг ажлаа хийдэг.Тэр хэсгийг Саня гэдэг бөгөөд дүгнэдэг байна.  Энэ дуу бол хараал байна эсвэл магтаал байна, амт бол гашуун эсвэл сайхан …гэх мэтээр өнөөх таван мэдрэмжийн хоёрдугаар хэсэг   дүгнэх бөгөөд үүний дараа мэдрэмж бүх биеэр үүсдэг байна .Үүнийг  Венда гэдэг аж. Сайхан үг сонсохоороо биеэр таатай мэдрэмж тарж, муухай үг сонсвол бие арзайж, дотор пал хийдэг ч юм уу, бүх биеэр сайхан эсвэл муухай мэдрэмж үүсдэг байна. Үүний дараа  хамгийн сүүлийн хэсэг болох   Санкара хариу үйлдэл хийдэг аж. Сайхан мэдрэмжид  шунаж дурлана, муухай мэдрэмж төрвөл дургүйцэж, уурлах, эсэргүүцэх гэх мэт хариу үйлдэл автоматаар явагддаг байна. Бидний сэтгэл буюу оюун ухаан   ийм дэс дараатай ажилладаг бөгөөд хариу үйлдлээс  үйлийн үр үүсдэг аж. Таван мэдрэмж яг ийм дараалалтай.Сонсох, амтлах, харах, үнэртэх, хүртэх бүгд адилхан. Хором тутамд үйлдэж буй хариу үйлдэл буюу  санкара үйлийн үрийг буй болгож байдаг аж. Санкара гэдэг үйлийн үр гэсэн утга л даа угтаа бол. Ийм учраас өөрийнхөө амьдралын тухай өгүүлэх  номыг “Санкара” гэж нэрлэсэн хэрэг. Амьдралын эргүүлэгт унасан боссон зүйлээ бүгдийг шахуу нуулгүй бичсэн юм.Өөрөө өөрийгөө Төрмөнх гээд бичих эвгүй санагдаад Мөнхөө гэдэг хүний тухай хажуугаас нь биччихсэн юм л даа.Ийм л нэг хачин юм хийчхээд одоо нийтэд дэлгэж байгаа юм.

-“Миний мэдэх Женко Баттулга” саяхан Энэтхэгт англи хэл дээр гарч нээлтээ хийлээ гэж хэвлэлд гарсан харагдсан ?

-“Миний мэдэх Женко Баттулга” гэдэг нэртэй ч гадагшаа гаргахдаа “Миний мэдэх Ерөнхийлөгч Баттулга” гээд л явуулаад байгаа. Дөрвөн жилийн өмнө хэвлэгдсэн.Ерөнхийлөгчийн тухай нэг ч өгүүлбэр байхгүй л дээ.Гэхдээ женко гэхээр гадна бол хэн мэдэх билээ гээд л ерөнхийлөгч гэж тодотгосон юм. Юрий Кручкин орос хэл рүү орчуулаад Орост гаргасан.Дараа нь Энэтхэгт суугаа элчин сайд, орчуулагч Г.Ганболд англи хэл рүү орчуулж Энэтхэгт саяхан нээлээ. Хятад хэлрүү  Боржигин Гэрэлт гэж өвөрлөгч түүхч, орчуулагч залуу орчуулсан.Тэнд чинь ном хэвлүүлэхэд олон зөвлөлөөр орж зөвшөөрөл авдаг учраас он гарахаар  хэвлэгдэх болов уу гэж бодож байна. Кимүра Аяако япон хэл рүү орчуулж байна.Солонгос хэл дээр бас орчуулж байгаа.Германы хэвлэлийн газар сонирхоод над руу холбогдсон. Орчуулах байх. Казах хэл дээр орчуулагдаж байгаа гэсэн.

-Би хараахан олж авч уншаагүй л байна гэхдээ дээрх номтой хамт “Нэр нэгтний хоёр үхэл”, “All things must pass”(Бүхий л зүйлс арилан оддог ) гэх хоёр дэвтэр хэвлэлтээс гарсан байна. Ч.Содбилэг гэж түүхч залуутай хамтарч бичжээ дээ.  Лигдэн хаан, Эсэн тайш зэргийн түүхийг бичих болсон талаараа ярихгүй юу?

- Нэг түүхэн роман бичмээр санагдаад байсан ч зориг хүрэхгүй байсан юм. Тэгээд эртний анд  Д.Өлзийбаатарт энэ талаараа хэлсэн л дээ. Тэгсэн чинь “Тэгээч, чи бол чадна даа” гэхээр нь зүгээр нэг зохиол биш түүхэн эх сурвалжтай юм л хиймээр байна туслаач гэхэд өөрийн шавь Ч.Содбилэгтэй холбож өгсөн.Хэнээс эхлэх вэ гэсэн чинь Лигдэн хаанаас эхэлбэл ямар вэ гээд.Судлаад үзсэн чинь Лигдэн хааны тухай Б.Ренчин гуай “Цогт тайж” кинонд цухас оруулснаас өөр зүйл бараг байдаггүй юм билээ. Лигдэн хаантай холбоотой бүхий л түүхэн эх сурвалжуудыг цуглуулаад суусан чинь зүгээр түүх өгүүлэхээс өөрөөр хиймээр санагдсан.

Тэр ч бүү хэл ганц түүхэн роман бичээд зогсохгүй гурамсан роман бичье гэсэн том бодол төрсөн юм. Содоог би эртнээс таних бөгөөд эх сурвалжийг Хятад, Англи хэлнээс төвөггүй олох хамтрагчтай болоод тэр шүү дээ.  Лигдэн хаан түүнээс урагш Эсэн тайш, Тогоонтөмөр хааны тухай гурамсан роман бичих санаа төрсөн юм. Тэгээд эхлээд Лигдэн хааны түүхийг бичихдээ нэг бүлэг нь 1604-1634 онд Монголын төрийг барьж байсан Лигдэн хутагт хааны үйл явдал, удаах бүлэг нь 2012 онд амьдарч байсан Лигдэн гэх нэртэй улс төрчийн талаар дүрсэлж, бараг бүлэг бүр нь сөөлжиж оруулахаар холбож бичье гэж бодсон хэрэг. Лигдэн хааны түүх нь бол үнэн эх  сурвалжаас гажаагүй. Харин улс төрч Лигдэн бол зохиомол дүрч нэг л сонин үргэлжийн түгшүүртэй зовлонт хүний хэв шинжит дүр гаргах гэсэн  юм. Гэхдээ аль болох бүлэг бүр богино байлгахыг хичээсэн юм.Зарим бүлэг ердөө ганц хуудас ч байгаа.Урт болгох амархан ч богино бичих маш хэцүү юм байна.

Дараагийн дэвтэр нь Эсэн тайшийн түүхийг цухас оруулж зөн ёр, далд ухамсар, үхэл хойд нас,  зүүд, зөн голлож бичих гэсэн оролдлого  юм. “Ноёдын үхэл чуулганд нохойн үхэл бутанд” гэдэг үг Эсэн тайш алтан ургийнхныг чуулганд уриад хоморголж  алснаас үүдэлтэй үг юм билээ. Энэ түүхтэйгээ  1998 онд болсон үйл явдлыг холбож бичсэн юм.  “Кондуктор” гэж нэртэй нэг кино зохиол бичээд удсан ч хийх мөнгө цаас олдохгүй шүүгээнд хэвтэж байсан кино зохиолоо ийм болгож өөрчилсөн хэрэг л дээ.Гэхдээ энэ санаа бүүр наяад оны дундуур л бодож олсон санаа л даа.Кондуктор хийдэг мөртлөө НАХЯ-ны хүн цаазалдаг нууц ажилтан хүний түүх. Тэгээд бас их ээдрээтэй кондукторын дүүгийн хүүхэд  гэрт нь байсан эмгэн үхчихлээ гэж ангийнхныгаа дуудаад сүүлдээ өөрөө үхчихсэн байдаг гэх мэт сонин түүхтэй холбогддог.Гаанжуур судраас ч хоёр бүлэг орсон гэх мэт.Тэр цаазын ял гүйцэтгэгч цаад Эсэн тайштайгаа далд сэжмээр холбоотой юм шиг.Сюрреализм гэдгийг орчуулбал зөн ёр л гэж буух байх даа.Нэг хачин л бүтэцтэй ном болсон.Нас барчихсан хүн тэнгэрийн оронд байх тэгээд газарт болж буй явдалтай холбогддог зохиомжтой юм.

-Таныг анзаарахад бусдаас их л өөр сэтгэлгээтэй хүн шиг санагддаг. Үздэг кино, уншдаг ном их өөр шиг.Бас хөгжимд их дуртай тэгээд ч Битлсийн Жорж Харрисоны гурамсан цомгийн нэрээр хоёр дахь дэвтрээ шууд англиар нь нэрлэсэн гэж уншсан. Та ямар найруулагчийн киног үздэг , ямар зохиолчдыг уншдаг хүн бэ?

- Хүнээс өөр ч юу байхав дээ… гэхдээ нийт олны үздэг, уншдаг, сонсдогоос арай өөр юм сонирхдог байж мэднэ. Сюрреалист зураачдыг голлон хардаг гэхүү дээ Сальвадор Дали, Рэнэ Мэгрэ ..гээд олон зураачид дуртай, найруулагчдаас бол олон л доо А.Тарковский, Алехандро Ходорвский, Бунуель, Бертолучи …гээд их олон бий дээ.  Зохиолчид  гэвэл Михайл Булгаков, Н.Гоголь, Ж.Селенжер, Б.Шилинк …гээд бас л олон доо. Хөгжим бол ерөнхийдөө сонгодог рок Пинк Флойд, Дийп пээпл гэх мэт мөн альтернатив маягийн олон хамтлаг дуучид гээд  маш их юм байнаа… баахан гадаад нэр өрөөд яахав дээ. Монголоосоо ч бас сонсоно, уншина Тэмүүлэнтэй хамтарч консепт альбом хийсэн Ж.Сэнгэдоржтой хамт хэдэн кино хийсэн гэх мэт…Г.Аюурзана, Өлзийтөгс …гээд л

-Тогоонтөмөр хааны тухай дараагийн дэвтэрт өгүүлэх гэсэн байхаа жоохон тодотговол?     

-Тогоонтөмөр хааны түүхийг ирэх жилээс бичнэ. Тогоонтөмөр хааны талаар маш их эх сурвалжтай юм байнаа. Жу Юун Жан гэж Мин улсын хаан гуйлгачин байсан ч хаан болсон  Юан улсыг дийлж Мин улсыг байгуулсан гэх мэт олон зүйл бичигдэх байх. Бараг 30-аад дэвтэр хятад хэл дээрх эх сурвалж байна. Одоо судалгаа явагдаж байгаа.Манайд олон сайхан түүхэн роман бий шүү дээ.  Гэхдээ миний бичлэгийн хэв маяг академик түүхэн романд нэг л зохихгүй юм шиг санагдаад тэгээд ч арай л өөрөөр бичмээр бодогдоод  нэн шинэ түүхтэй  холбож бичих гэж үзээд л эхний хоёр дэвтрийн ард юутай ч гарчихлаа. Өнөө цагтай зэрэгцээ бичвэл илүү залуучуудад сонин байх болов уу л гэж жижиглэж өгсөн, ер нь кино зохиолтой их ойр  гэхүү дээ...  

-Анх удаа хүнтэй хамтарч ном бичиж байгаа байх аа. Түүхч, судлаач Ч.Содбилэгийн талаар ярихгүй юу?

-Их сонин намтартай залуу. 14-17 насандаа “Юан гүрний судар” гээд 500 гаруй хуудас ном биччихсэн. “Сэнтий түшсэн хатад” гээд ном гаргасан, Хятад, Англи хэлтэй залуу.Ер нь их гар нийлж байгаа шүү, харин ч нэг.Ийм тийм түүхэн эх сурвалж хэрэгтэй байна гэхээр маш хурдан олоод өгдөг. Би тэрийг нь найруулж янзлаад явж байгаа ч хоорондоо бүтцээ тохироод тус тусдаа бичээд би  голлон найруулж бичиж байгаа гэхүү дээ.

-Зохиолч хүн гэж ер нь ямар хүнийг хэлдэг юм бэ? Авьяас гэдэг мэдрэмж үү юу вэ?

-Зохиолч гэдэг жоохон сонин нэршил. Оросоор писатель англиар мөн л writer  буюу бичээч гэж хэлдэг дээ. Манайд ч бас бичгийн хүн гэж л ярьдаг, бичдэг байсан шиг байгаам. Молхи бичээч би, тал бичээч… гээд байдаг даа.Миний бодлоор бол ер нь зохиолч гэдэг зохиохоосоо илүүтэй амьдралд байгаа үнэнийг монтажилж, эвлүүлж, найруулж, уран сайхан бичдэг л бичээч юм болов уу л гэж бодох боллоо. Амьдралыг таньдаг, судалдаг туршлагатай тэгээд элдэв үнэн бодот үйл явдал, яриа хөөрөөг дүр болгож нэг шугаманд  зүйж, эвлүүлж, урнаар өгүүлдэг бичээчид юм болов уу даа. Авьяас гэдгийг би өмнө ч хэлж л байсан дадал гэсэн самгард үг юм билээ. Ямар дадал вэ гэвэл  урд олон төрөлдөө хийж байсан, урд насандаа хуримтлуулсан дадал юм шиг. Тэхээр бас л урд насандаа цуглуулсан үйлийн үр юм уу даа .