
Бурхан багшийн сургаал нь энэрэн нигүүлсэхүй сэтгэлээр суурилсан, учир шалтгаан, шүтэн барилдлагын үүднээс юмс үзэгдэл, сансар хорвоогийн мөн чанарыг танин мэдэж гэгээрэх тухай айлдсан байдаг билээ. Ийнхүү айлдсан Бурхан багшийн аман зарлиг Ганжуур буюу “Зарлигын орчуулга” нь судар тарнийн нэг нэгнээ үл гээхийн хос ёсоор гэгээрэх ухааныг үзүүлсэн сургаал номлолын цогц сан хөмрөг юм. Түүнийг Ананд тэргүүтэй шавь нар нь эмхтгэн боловсруулжээ. “Данжуур” буюу “Шашдарын орчуулга” нь энэтхэгийн эрдэмтэн мэргэд Ганжуурыг олон талаас нь зүйл бүрээр судалж үг ухагдахуун, утга санааг нь тайлбарлан баяжуулсан оюуны их бүтээл болой. Энэ хоёр бүтээл нь нэвтэрхий толийн шинжтэй, Буддын их бага арван ухааны ай савыг хамарсан утга агуулгын хувьд өргөн цар хүрээтэй шинжлэх ухааны цогц мэдлэг ухаан юм. Түүнийг дараах байдлаар дүйлгэн ойлгож болно.
Буддын их бага арван ухаан: ухаан: Дотоод ухаан /Философи, сэтгэл судлал/, Учир шалтгааны ухаан /Логик/, Урлахуй ухаан /Техник технологи/, Тэжээхүй ухаан /Анагаах ухаан/, Дуун ухаан, /Хэл шинжлэл/, Яруу найраг, Илт өгүүлэхүй /Утгыг ёгтлон өгүүлэх ухаан/, Эвсүүлэн найруулах /Найруулга зүй/, Одон зурхай /Астрономи, сансар, гараг эрхис судлал/, Дууриан бүжих /Соёл урлаг/ зэрэг ухаануудтай дүйдэг.
Ганжуур, Данжуурын түүхэн уламжлал
Ганжуур, Данжуур нь анх санскрит хэлний өвөг болох эртний Пали хэлээр бичигдэн явцын дунд санскрит хэлэнд, түүнээс Түвд, Хятад хэлэнд, улмаар Монгол хэл бичгээр хөрвүүлэгджээ. “Ганжуур”-ыг анх бичиж үлдээсэн Пали хэл нь Бурхан багшийн айлдсан гурван сав аймаг буюу винайн аймаг, судрын аймаг, авидармын аймаг савын ном болон хиндү шашны номууд бичигдэж үлдсэн хамгийн эртний боловсронгуй хэлэнд тооцогддог юм. Пали хэл нь Санскрит хэлтэй шууд хамаарахгүй ч язгуурын хувьд нэг гаралтай, панины хэлэн зүйн тогтоцтой өөр хоорондоо авиа дуудлага, үг, үгсийн аймаг төсөөтэй хэл юм. Бурхан багшийн сургаалыг пали хэлэнд буулгаж үлдээсэн ч түүний тайлбар сэлт ихэнхдээ сонгодог санскрит хэлэнд буулгагдаж байсан.
Учир нь пали хэл нь алгуураар санскрит хэлэнд байраа олгож уусан алга болсонд юм. Өдгөө өмнөд азийн улсууд тухайлбал, Бенгал, Бангладеш, Лаос, Энэтхэгийн зарим нэг газар хэрэглэж байгаа Бенгали хэл нь пали хэлнээс үүссэн гэдгийг эрдэмтэд судлан тогтоосон бөгөөд “Ганжуур” нь эхээрээ хадгалагдан шүтээнд залан судлагдаж байна. Ганжуур, Данжуурыг их номч Будон Ринчендүв (1290-1364) тэргүүтэй эрдэмтэд буддын бүх номлолын шүүн орчуулж эмхтгэсэн байна.
Монголчууд Ганжуурыг ХШ зууны эцэс, ХҮ зууны эхэн үеэс монгол хэлнээ орчуулж эхэлжээ. Чингэхдээ Лигдэн /1592-1636/ хааны зарлигаар их эрдэмтэн Гунгаа Одсэр, Дархан лам Самдан Сэнгэ, Билэгт Эрдэнэ Дай гүүш, Тойн Сандүв тэргүүтэн эрдэмтэд удирдан зохион байгуулж 1628-1629 онд “Зарлигийн орчуулга” бүрнээр нь хөрвүүлэн дүүргэсэн байна.
Харин “Ганжуур”-ын тайлбар болох “Данжуур”-ыг II Жанжаа хутагт Ролбийдорж, Ширээт хутагт Лувсанданбийням тэргүүтэй хамаг монголын 200 орчим эрдэмтэн гүүш нар Түвд хэлнээс Монгол хэлэнд 1741-1742 онд орчуулан 1742-1749 онд 226 боть болгон модон бараар Бээжинд барлан хэвлэсэн олон хүний хамтын бүтээл юм. “Монгол шунхан Данжуур” нь гүн ухаан, учир шалтгааны ухаан, анагаах ухаан, урлах ухаан, дуун ухаан зэрэг шинжлэх ухааны олон салбарыг хамарсан 3427 нэр төрлийн ном, зохиолыг багтаасан 107839 хуудастай, 23х72.5см хэмжээтэй их хөлгөн судар юм.
Ганжуур, Данжуурыг монгол хэлэнд орчуулах, хэвд сийлэх, бичээч, урчуудын хүнс, ажлын хөлсөнд нийт 41600 гаруй лан мөнгө орсоноос 31200 лан мөнгийг монголын ард түмэн сайн дураар тусалж, бусдыг нь улсын сангаас гаргажээ. Монгол Ганжуур, Данжуурын бүрэн боть Монгол улсын Төв номын санд хадгалагдаж байгаа бөгөөд 1995 онд хосгүй үнэт дурсгалын жагсаалтанд оруулан баталжээ. Монгол Ганжуур, Данжуур нь олон эхтэй тулган нягталж, шүүн тунгааж, нарийн нямбай буулгасан хамгийн алдаа мадаггүй сонгодог бүтээл хэмээн эрдэмтэд үздэг билээ. Тийм ч учраас гадаад дотоодын олон эрдэмтэн судлаачид Монгол Ганжуур, Данжуурыг шимтэн судалж судалгааны эх сурвалжаа болгож байна.
Монгол Ганжуур, Данжуур кирилл бичигт
Энэхүү алдарт сонгодог бүтээлээ даяар олноороо судалж мэдлэг оюунаа сэлбэн эрдэм ухаанаа арвитгах боломжийг олгох үүднээс “Цогт Цагийн Хүрдэн” соёлын төвийн тэргүүн Г.Буяндэлгэр тэргүүлэн удирдаж эрхэм олны хэрэглээ болсон кирилл бичигт буулгах буянтай агаад амаргүй үйлсийг үүтгэн эхлүүдээд байна.
Учир нь манай өвөг дээдэс бурхан багшийн ариун нандин сургаалыг олон жилийн урьд эх монгол хэлнээ орчуулан бидэнд үлдээсэн ч өдгөө хүртэл түүнийгээ судалж утгыг таньж, учирыг нарийн сайн ойлгоогүй л явна. Нөгөө талаас монголын ирээдүй болсон залуу үе маань гадны соёлд хэт автсанаар эрхэм монгол соёл, эх хэлээ үгүйсгэн эх оронч бахархалаас алсран холдсоор буйд санаа зовнин байгаад оршино.
Энэ нь хэд хэдэн шалтгаантай болой.
1. Хуучин монгол бичгээ хүн болгон мэдэхгүй
2. Олон зууны турш бурханы шашныг харь хэлээр үзэж судалж ирсэн, өнөөдөр ч хэрэглэсээр байна
3. Үндэсний бичиг үсгээ кирилл үсгэнд шилжүүлсэн
4. Монгол хэлнээ орчуулсан эх нь нийтийн хүртээлд биш зөвхөн хувийн номын сан хөмрөгт хадгалаатай
5. Энэ их хөлгөн судрууддаа зөвхөн сүсэг бишрэлээр шүтээний зорилгоор хандаж, судлах суралцахыг үл хайхардаг зэрэг юм.
Эдгээр хүчин зүйлс нь бид бурханы шашныг мөн чанараар нь дэлгэрүүлэхэд их зүйл хийх шаардлагатай бөгөөд ялангуяа эх хэлээрээ бурхан шашны ном сургаалыг судлан суралцах, улмаар Монгол Ганжуур, Данжуур хэмээх оюуны үнэт өвийг дурсамж, түүх үзмэрийн төдий биш оюун ухааны манлай гэгээрэл болгож үр хойчдоо өвлүүлэх шаардлагатай зэргийг тодорхой харуулж байна.
АЧ ХОЛБОГДОЛ
Хүн төрөлхтний оюуны их өв болсон дорнын их нэвтэрхий толь Ганжуур, Данжуурыг нийт монголчуудын хүртээл болгох
• Орчин цагийн монгол хэлний үгийн санг баяжуулах
• Монголын судлаач, сонирхогчдын судалгааны хэрэглэгдэхүүн болох
• Уламжлалт өв соёлыг сэргээн хадгалах, уламжлах, өвлүүлэх
• Дэлхийн олон улсын “Монголч эрдэмтэд”-ийн том судлагдахуун болох
• Монголын бурхан шашныг дэлхийд монголын онцлогоор таниулах
• Монголын ард түмний олон зууны түүхэн оюуны охь манлайллаар үндэсний үзэл, бахархал бий болох зэрэг юм.