
Монгол Улсын хүнсний аюулгүй байдал сэдэвт үндэсний чуулган Төрийн ордны Их танхимд эхэллээ. Үндэсний чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ:
-Бид нийт газар нутгийнхаа нэг хувьд нь газар тариалан эрхэлдэг. Бид энэ нэг хувиа гурав дахин үржүүлвэл үр тариагаа экспортлох боломжтой болно. Урд хөршийнхөн, тухайлбал өвөрмонголчууд ирээд “Монголын гурилаар хоол хийхэд улаанбуудай үнэртдэг, манай гурилнаас буудай үнэртдэггүй” гэж байна. Энэ нь манай хөрш экологийн хувьд хордоогүй, цэвэр байгааг илэрхийлнэ.
Хүнсчдийн чуулганаараа бид асуудлаа хэлэлцэнэ. Асуудлаа бид дээр дооргүй хэлэлцэх ёстой. Хүнсний асуудлаар дамжсан, хүүхдийн өвчлөл их байна. Нэн ялангуяа шүдний өвчлөл аймшгийн хэмжээнд хүрсэн байгаа. Өнөөдөр 10 хүүхдийн 9 нь шүдний өвчлөлтэй байна. Энэ нь хүнсний асуудалтай холбоотой. Эцэг, эхчүүд маань хүүхдийнхээ шүдний өвчлөлийг анхаарах цаг болжээ. Өнөөдөр 6 ам бүлтэй айл хоёр шүдний сойзтой байна.2016 онд адууны мах 1900 тонн, үхрийн мах 600 тонныг тус тус экспортолсон байна. Энэ тоо бол хангалтгүй, чамлалтай үзүүлэлт. Энэ хэмжээг хэд дахин нэмэгдүүлэх боломж байгаа. Гагцхүү олон жил маш их зовлон тоочиж, шийдэл гараагүй. Энэ нь мэдээж малын гаралтай өвчинтэй холбоотойд асуудал. Өнөөдөр бид дорвитой, алсын хараатай шийдэл гаргах хэрэгтэй. Энэ чуулганаараа бид шийдэл гаргаж, Засгийн газрыг шаардах болно.
Өнөөдөр хүнсний салбарт олон жил шударга, өөрсдийн хөдөлмөрөөр зүтгэсэн компаниуд бий. Энэ салбартаа үнэнч ажилласных нь хувьд тухайн компанийнх нь түүхээр нь банкууд зээл олгох ёстой гэж бодож байна. Тэднээс барьцаа, үндсэн хөрөнгө зэрэг янз бүрийн зүйл шаардах шаардлагагүй гэж үзэж байгаа.
Хүнсний салбарын компаниудад зээл олгохдоо хүүг нь тодорхой хэмжээгээр буулгах ёстой. Монгол улс дөрвөн улиралтай. Өвөл газар тариалах эрхлэх боломжгүй. Тиймээс хүлэмжийн аж ахуйг дэмжиж, төрөөс дулааныг нь хангаж, тэтгэх ёстой. Ингэснээр бид хүнсээ дотооддоо 100 хувь хангаад зогсохгүй экспортод гарах боломж бүрдэнэ.
ОХУ руу төмс, луувангаа тодорхой хэмжээгээр экспортолсон байна. Яагаад бид энэ экспортоо дэмжиж болохгүй гэж. Бүс нутгийн худалдааг ОХУ, Хятад улсад тодорхой хүрээнд гаалийн хөнгөлөлт үзүүлж, дэмжих хэрэгтэй. Төмсөө экспортолж байна гэдэг нь бидний хувьд анхны том алхмууд гарсан байна.
Хүнсний салбарыг тойрсон энэ бүх асуудлаа хэлэлцэн шийдэлд хүрэх гэж бид энэ чуулганыг зохион байгуулж байна. Та бүхэнд амжилт хүсье хэмээлээ.
Үүний дараагаар ХХААҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар зохион байгуулагдаж байгаа уг үндэсний чуулганаар Хүнсний аюулгүй байдлын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ, төрөөс хүнсний салбарт баримтлах бодлого, Монгол хүний эрүүл мэнд ба хүнсний бодлого сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэх юм.
Эх сурвалж: www.shuud.mn Н.Энх


