Т.ТЭЛМЭН: Ахмадуудын санхүүгийн чадавхийг дэмжих зорилгоор олон эх үүсвэрт тэтгэврийн тогтолцоог хөгжүүлнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөх Т.Тэлмэнтэй Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн төслийн талаар ярилцлаа.


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөх Т.Тэлмэнтэй Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн төслийн талаар ярилцлаа.

-Ирэх намрын УИХ-ын чуулганаар Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхээр ажлын хэсэг ажиллаж байгаа. Иймд та уг хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчийн хувиар хувийн тэтгэвэр гэж юу болох, Монголд нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага нь юу байгаа тухай тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-УИХ-аас 2015 онд “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан.Энэхүү бодлогын дагуу 2030 он хүртэл тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд хийгдэх ажлуудыг баталсан. Үүний нэг нь олон давхаргат тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэх буюу даатгуулагчид ирээдүйд нэг зэрэг олон эх үүсвэрээс тэтгэвэр авах бололцоог хуульчилж өгөх явдал юм. Арай энгийнээр тайлбарлавал иргэд сайн дурын үндсэн дээр нэмэлтээр даатгалын шимтгэл төлж, ирээдүйд улсын тэтгэврийн сангаас болон хувийн тэтгэврийн сангаас давхар тэтгэвэр авах боломжтой болно гэсэн үг. Ингэснээр ажил хөдөлмөр эрхэлж байх хугацаандаа авдаг байсан цалин орлого нь тэтгэвэрт гараад огцом буурахгүй байх боломжтой. Монгол Улсын хэмжээнд 2016 оны эцсийн байдлаар цалингийн дундаж хэмжээ 942.02 мянган төгрөг байна. Харин тэтгэврийн дундаж хэмжээ 325.3 мянган төгрөг, цалинтай харьцуулаад үзэхээр ойролцоогоор 34.5 хувь болж байна. Эндээс юу хэлэх гээд байна вэ гэхээр хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын сангаас авах тэтгэвэр нь дээрх 34.5 хувийг өсгөх боломжтой, тухайн нэмэлт тэтгэвэр нь төрөөс бус хувийн хэвшлийн даатгалын компаниудаас гарна, ахмад настны амьдралын баталгаа, санхүүгийн боломж, нөхцлийг сайжруулна.

-Ерөнхийд нь хувийн тэтгэврийн даатгалын хэрэгцээ шаардлагыг орлогын тэгш байдал, ахмад настны амьдралын баталгаатай холбож ойлгох ёстой болох нь тийм үү?
-Ахмад настны нийгмийн баталгааг хангах бол гол хэрэгцээ шаардлагын нэг. Түүнчлэн, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах, хувийн хэвшлийн оролцоог хангах, төрийн ачааллыг багасгах, ажилтан болон ажил олгогчийн оролцоог дэмжих зэрэг чухал хэрэгцээ шаардлагуудтай. Зөвхөн нэг жишээ дурьдахад, өндөр орлоготой иргэд орлогоосоо даатгалын шимтгэлээ төлөөд тэтгэвэрт гарсан үедээ өндөр тэтгэвэр авах хүсэлтэй байдаг. Тэр тохиолдолд төр суурь тогтолцоогоо хадгалаад тухайн хүн нэмэлтээр хувийн тэтгэврийн даатгалд хамрагдах, тэтгэвэрт гарсан хойноо өндөр тэтгэвэр авах боломжтой болно. Урт хугацаанд одоогийн Тэтгэврийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах, зохистой түвшинд барих, төсөвт ирж буй ачааллыг багасгана.2017 онд гэхэд Тэтгэврийн даатгалын сангийн алдагдал 578.6 тэрбум төгрөгт хүрэхээр байгаа. Үндсэндээ төрөөс Тэтгэврийн сангийн зарлагын 40 орчим хувийг хариуцан олгож байна.

-Манай улсын хувьд танилцуулга, мэдээллээс харахад яг харьцангуй шинэ ойлголт биш санагдсан. Иймд хувийн хэвшлийн нэвтрүүлж ирсэн цөөхөн ч гэсэн хувийн тэтгэвэр сантай холбоотой туршлагуудын талаар өөрийнхөө бодлыг хэлээч?
-Хууль эрх зүйн орчин хараахан бүрдээгүй байгаа ч гэсэн зарим хувийн хэвшлийн байгууллагууд хувийн тэтгэврийн санг үүсгэн байгуулж өөрсдийн ажиллагсдыг хамруулах, амьдралын даатгалын компани хувийн тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүнийг олон нийтэд санал болгон, өөрсдийн үйлчлүүлэгч, даатгуулагчтай болоод эхэлсэн байна.Тухайлбал, Голомт банкны дэргэдэх “Тэтгэврийн ууган сан” Төрийн бус байгууллага, Ард санхүүгийн нэгдлийн охин компани болох “”Ард лайф” ХХК, “Нэйшнл лайф” даатгалын компанийн тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүн гээд энэ төрлийн үйлчилгээ бий. Гэхдээ эдгээр нь байгууллага доторх тэтгэврийн сангуудын хэмжээнд буюу харьцангуй хамрагдалт бага, гол нь ажил олгогчийн дэмжлэгтэй үед ажилтан даатгуулах сонирхолтой байдаг нь ажиглагдсан. Тэдгээр байгууллагуудын зүгээс энэ чиглэлийн харилцааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй байгаа талаар санал хүсэлтээ гаргаж, ялангуяа төрөөс татварын бодлогоор даатгуулагч болон ажил олгогчийг дэмжих шаардлагатайг онцолж байгаа.

-Олон улсын туршлагаас харахад хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоог төрөөс хэрхэн бодлогоор дэмждэг юм бэ?
-Ажлын хэсгийн хүрээнд дэлхийн 33 улсад хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоог хэрхэн бүрдүүлснийг болон төрөөс бодлогоор хэрхэн дэмждэг талаар судалсан. Энэ талаар хуулийн төслийн хэрэгцээ шаардлагын тандан судалгаанд дурьдсан. Бидний зориод байгаа сайн дурын хувийн тэтгэврийн нэмэлт даатгалтай улс орны тогтолцоог харахад төрөөс татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, хойшлуулалтын бодлогоор голлон дэмждэг. Энэ нь даатгалын хамрагдалтыг өсгөхөд гол нөлөөлдөг юм байна. Зарим улсад хувийн тэтгэврийн санд төлсөн шимтгэл болон сангийн хөрөнгө оруулалтын өгөөжөөс татвар, шимтгэл суутгадаггүй, тэтгэвэр авах үед нөхөж авдаг бол зарим улс оронд ажилтан өөрийн санаачилгаар хувийн тэтгэврийн даатгалын санд шимтгэл төлөхөд тэр хэмжээгээр нь төрөөс мөн шимтгэл төлдөг. Эсвэл тухайн ажилтны төлсөн хувь хүний орлогын албан татвараас чөлөөлдөг байна. Хэдийгээр татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн бодлогоор төсөвт ирэх орлого буурах, хойшлох магадлалтай ч тэтгэврийн сангууд нь урт хугацаатай байдаг тул тухайн сангаас тэтгэвэр олгох хүртэл сангийн мөнгө хөрөнгийн болон санхүүгийн зах зээлээр дамжин эдийн засагт, нийгэмд үр өгөөжөө өгдөг. Улс орны томоохон хөрөнгө оруулагч нь байдаг зэрэг давуу талуудтай.

-Хууль эрх зүйн зохицуулалтгүй явахын хор уршиг нь мэдээж олон байх.Та өнөөдрийн эрсдлийг хэрхэн харж байгаа вэ?
-Хадгаламж зээлийн хоршооны дампуурал манай улсад хэр хэмжээний хор хохирол учрууллаа.Үүнтэй адил зүйл болохыг үгүйсгэх аргагүй. Хэдийгээр эргэлдэх мөнгө нь бага ч гэлээ ямар ч зохицуулалтгүй компаниуд бий болж, иргэд, ажиллагсдын тэтгэврийн санг үүсгэн мөнгө татан төвлөрүүлэх, тухайн сангаас эрсдэлтэй хөрөнгүүдэд байршуулах, төрийн зохицуулалт, хяналт шалгалт, санхүүгийн болон эрсдэлийн зохистой харьцаануудыг хангахгүй, мөрдөхгүй байх зэрэг аюулууд бий. Эцсийн дүндээ иргэд, ажиллагсад, мөн зарим ажил олгогчид ч гэсэн хохирч үлдэх эрсдэлтэй. Иймээстусгай хуулиар даатгуулагч иргэдийн, ажил олгогчийн эрх ашгийг хамгаалах, төрөөс тусгай зөршөөрөл авсан хуулийн этгээд эрхлэх, бусдын өмнө хүлээх эрсдэлээ хаах хэмжээний дүрмийн сантай байхыг шаардах, хяналт шалгалтын зөв зүйтэй тогтолцоог хууль эрх зүйн талаас нь бүрдүүлэх хэрэгтэй.

-Тэгвэл хэн сайн дураараа хамрагдах вэ гэдэгт ямар хариулт өгөх вэ?
- Ажлын хэсгийн хүрээнд хуулийн хэрэгцээ шаардлагын судалгаа, түүнд суурилсан хуулийн үзэл баримтлалыг бэлэн болгоод холбогдох яамдаас санал авахаар хүргүүлээд байна. Хууль бий болоод хэрэгжихэд анхаарах, тохирох, нэгдсэн шийдэлд хүрэх хэд хэдэн чухал асуудлууд бий. Тэдгээр асуудлууд хэрхэн шийдэгдэх, төрөөс хэрхэн дэмжих зэргээс шалтгаалан хуулийн амьдрах эсэх, хамрагдах байдал, үр нөлөө тодорхой болно. Ажлын хэсгийн зүгээс зөвхөн өндөр орлоготой иргэдэд бус нийт ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийг хамруулахаар зорьж ажиллаж байна. Одоогоор ажил олгогчийн хамтаар нийгмийн даатгалын шимтгэл төлдөг 800 мянга гаруй ажилтан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийг хамруулахыг зорьж, иргэд их бага гэлтгүй өөр өөрсдийн хувьдаа таарах тэтгэврийн хуримтлалыг үүсгэн, тухайн хуримтлал нь тодорхой өгөөжөөр өсч байх, тэтгэвэрт гарах үедээ тухайн хуримтлалаа нэг доор авах, хэсэгчлэн авах, эсвэл насан туршдаа тэтгэвэр хэлбэрээр аваад явах зэрэг сонголтыг өөрсдөд нь үлдээх болно.

-Тэгэхээр хууль батлагдлаа гэхэд бүрэн дүүрэн утгаараа ойрын хугацаанд шууд хэрэгжиж эхлэхгүй гэж ойлгож болох уу.Наад зах нь, даатгалын компаниуд тодорхой хугацаанд буюу ядаж л 2-3 жил хувийн тэтгэврийн сандаа хуримтлал цуглуулах шаардлагатай болно оо доо?
-Энэхүү хуулиар гурван үндсэн харилцааг зохицуулна. Нэгд, хувийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлөх, санд төвлөрүүлэх. Хоёрт, хувийн тэтгэврийн сангийн удирдлага, хөрөнгө оруулалт, тодорхой өгөөжөөр өсөх. Гуравт, тэтгэвэр авах эрх үүссэн үедээ тэтгэвэрээ авах харилцаа юм. Хууль батлагдсанаар эхний хоёр харилцаа үүсэн зохицуулагдах болно. Харин гурав дахь харилцаа тодорхой хугацааны дараанаас эхлэнэ. Зарим улсад хувийн тэтгэврийн даатгалд хамрагдах доод хугацааг зааж өгдөг, тухайн хугацаанд хүрсэн үедээ даатгуулагч хүсэлт гаргавал тэтгэврээ авах эрхтэй. Мөн иргэд залуудаа хувийн тэтгэвэрийн нэмэлт даатгалд хамрагдах боломжтой тул залуудаа тэтгэвэрт гарах эрх үүсэх магадлалтай. Иймээс улсын тэтгэврийн даатгалын суурь тогтолцоотойгоо зөрчилдөхгүй байх, хөдөлмөр эрхлэх сэдлийг бууруулахгүй байх зэрэг үүднээс энэ хуульд тэтгэвэр тогтоолгох доод насыг тавих эсэх талаар холбогдох мэргэжлийн байгууллагуудаас саналыг авч, мөн олон нийтийн хэлэлцүүлэг, танилцуулгаар сайтар ярилцаж, тооцоо судалгааг хийж байна.

Г.Отгонжаргал