Ар гэрийнхэнд нь ослын мэдээ дуулгасны дараа амьсгал хураажээ

Өнгөрөгч баасан гаригт нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу зуслангийн замд зам тээврийн ноцтой осол гарч хоёр хүн амь эрсдэж, хоёр хүн гэмтсэн харамсалтай хэрэг гарсан тухай өмнө нь бид мэдээлсэн. Тодруулбал, наймдугаар сарын 19-ний өглөө 08 цаг 25 минутын орчим Шаргаморьт чиглэлийн зуслангийн замд байрлах Зунжин дэлгүүрийн баруун талын замд “Subaru-Impreza” маркийн автомашины жолооч Т нь урсгал сөрж, Ө  жолоочтой “Toyato-Allion” маркийн автомашинтай мөргөлджээ.

Уг ослын улмаас жолооч 29 настай эрэгтэй Т газар дээрээ нас барж, 31 настай эрэгтэй Ө хүнд бэртэж Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд хүргэгдэн очсон даруйдаа нас барсан юм. Мөн ослын улмаас 14 настай эмэгтэй У нарын насанд хүрээгүй хоёр хүүхэд хүндэвтэр бэртэж, Гэмтэл Согог Судлалын төвд хэвтэн эмчлүүлж байна.

Өвчтөнүүдийн биеийн байдлын талаар тус эмнэлгийн албаны эх сурвалж мэдээллэхдээ “Машины ослын улмаас гэмтсэн гурван иргэн баасан гаригийн өглөө 09:00 цагийн орчимд хүргэгдэж ирсэн. Ингэхдээ 31 настай эрэгтэй Ө-гийн биеийн байдал маш муу байсан. Ар гэрийнхэнд нь ослын мэдээ дуулгаад байтал эмчилгээ авалгүй амьсгал хураасан. Мөн ослоос гэмтсэн насанд хүрээгүй хоёр зорчигчид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж, ГССҮТ-ийн Гавал тархи нуруу нугасны тасагт хэвтүүлсэн байна. Одоо бол өвчтөнүүдийн биеийн байдал ерөнхийдөө тогтворжсон байдалтай байна. Эмч нарын зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Өнгөрөгч баасан гаригт автомашины осолд орж гэмтсэн гэх 20 гаруй хүн ирсэн. Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд энэ төрлийн осол гэмтэл илтэд ихэссэн” гэлээ.

osol

osol

-ЖОЛООЧ НАР ЗУСЛАНГИЙН ЗАМД ИХ ХУРДТАЙ ЯВДАГ-

Мөн уг ослыг нүдээр харсан гэх Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн Б хэлэхдээ “Би Чингэлтэй дүүрэгт амьдардаг. 32-ын тойргын орчимд байрлах шатахуун түгээх станцад түгээгч хийдэг. Өглөө ээлжээ хүлээлцэхээр ажилдаа явах гээд автобус хүлээгээд буудал дээр зогсож байсан. Өглөөдөө машинууд ер нь их хурдтай л явдаг. Гэтэл тэднээс ч илүү хурдтай бараан өнгийн машин наашилж харагдсан. Сайн харахад өөрийнхөө эгнээ рүү нэг орж, нэг гараад явсан. Өөдөөс ирж явсан жижиг тэрэг хурдаа хасссан ч нөгөө хар машин хажуугийн эгнээ рүү ороод мөргөчихсөн. Мөргөлдөхөд нь буудал дээр автобус хүлээж зогссон гурван хүн орилдоод яах учраа олоогүй сандарцгааасан. Эгч нь өөрөө зүрх муутай ухаан балартах шиг болсон. Зуслангаас хот руу орж явсан нэг цагаан тэрэг эхлээд зогссон санагдаж байна. Тэр залуу л цагдаа сэргийлэх түргэн дуудсан байх. Тэр урсгал сөрж орсон залуу лав газар дээрээ нас барсан байх. Яг мөргөлдсөнөөсөө бараг 20 метр зайд хувцас хунар нь шидэгдсэн харагдсан. Машин нь хоёр хуваагдчихсан нэг хэсэг нь явган хүний зам дээр шидэгдсэн байсан. Нөгөө машинд хоёр хүн байсан байх. Арын суудалд суусан нь хөдөлж харагдсан. Жолооч нь хөдөлгөөнгүй л харагдсан. Ер нь манай энүүгээр жижиг гэлтгүй осол аваар их гардаг газар шүү дээ. Хүмүүс ч их хурдтай давхих юм. Дахиж ийм зүйл битгий болоосой л гэж бодож байна” хэмээн ярилаа.

osol

Энэхүү хэргийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ба хэргийн газрын эхний үзлэгээр урсгал сөрсөн гэх “Subaru-Impreza” маркийн автомашин 100-гаас дээш км цагийн хурдтай явжээ. Улмаар уг машины жолоочийн цогцосыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлж мансууруулах болон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа юм байна. Албан ёсны хариу хуульд заасан хугацаа буюу хоёр долоо хоногийн дотор гарах аж. Иймд автомашины хурд ихсэх тусам осолд өртөх эрсдэл нэмэгддэг тул жолооч нар хурдаа тааруулж замын хөдөлгөөнд холбогдох дүрэм журмын дагуу оролцохыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

,