“Алтан өд-2016” наадам боллоо

Монголын зохиолчдын эвлэлийн 88 жилийн ой өчигдөр тохиолоо. Энэ үеэр тус байгууллагаас уламжлал болгон 15 дах эилдээ зохион байгуулж буй оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан Өд-2016” наадам болсон юм.

Наадмын үеэр алдар “Завхан гол” дууны шүлгийг бичсэн яруу найрагч Намсрайн Лутбаяр тэргүүтэй хүмүүс эвлэлийнхээ гишүүнээр элсэж батлахаа гардаж авлаа. Зохиолчдын эвлэлийн батлах гардуулах үеэрээ Ардын уран зохиолч Т.Галсан хэлсэн үгэндээ “Зохиолчдын байгууллагын гишүүнээр элсэнэ гэдэг улс төрийн намын гишүүнээр элсэхээс илүүтэй сайхан зүйл. Би гишүүнээр элсэх гэж таван удаа өргөдөл өгөөд тэнцээгүй. Хожим нь байгууллагынхаа гишүүнээр элсэж байлаа. Өнөөдөр гишүүнээр элсэж байгаа эдгээр хүмүүс бүгд итгэл дааж чадах хүмүүс гэж бодож байна” хэмээн хэлсэн юм. Мөн энэ үеэр яруу найрагч Я.Баяраа, С.Начин, Т.Есөн-Эрдэнэ, Б.Урангоо нар залуу уран бүтээлчдэд олгодог Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналаар шагнууллаа.

Энэ удаагийн наадамд МЗЭ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, “Чингис хаан” одонт СГЗ яруу найрагч Г.Мэнд-Оёо, СГЗ яруу найрагч Ломбын Нямаа зэрэг эрхэм хүндтэй хүмүүс хүрэлцэн ирсэн байлаа. Мөн энэ удаад яруу найрагч А.Түмэнбаяр нарын хүмүүст Монголын зохиолчдын эвлэлийн шагналыг гардуулсан.

Ингээд 15 дахь удаагийн оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан Өд-2016” наадам шилдэгүүдээ шалгаруулах торгон мөч ирсэн. Энэ удаагийн “Алтан өд”-ийн эздээр Хүүхдийн зохиолын төрөлд Ш.Энхбаяр "Болжмор Шоовдор", богино хэмжээний хүүрнэл зохиолын төрөлд зохиолч Т.Бум-Эрдэнэ "Дотроосоо", Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний төрөлд зохиолч Д.Жамьяан "Сарны шувуу", баримтат уран зохиолын төрөлд СГЗ зохиолч Л.Дашням "Байх, байх үгүйн дунд", уран зохиолын орчуулгын төрөлд Л.Дашмөнх "Цэвэрхэн, саруулхан газар", судлалын төрөлд шүүмж судлаач Д.Галбаатар "Гэгээг хүсэх, мананд бэдрэх", шүүмжийн төрөлд зохиолч яруу найрагч П.Батхуяг "Эсрэг цаг-3", жүжиг киноны зохиолын төрөлд СГЗ яруу найрагч Ш.Гүрбазар "Жаргаагүй нар", яруу найргийн төрөлд яруу найрагч Я.Баяраа “Таслал” номоороо тус тус тодорлоо.

Яруу найрагч Я.Баяраагийн хувьд нэг өдөр Гомбын Сэр-Одын нэрэмжит шагнал, “Алтан өд”-ийн эзэн болсон нь ховор тохиолдол боллоо. Мөн зохиолч П.Батхуяг нэрт шүүмжлэгч Ц.Мөнхийн нэрэмжит шагналаар шагнуулсан юм. Ийнхүү зохиолч, яруу найрагчид нэгэн өдрийг хамтдаа өнгөрөөж, 2016 оны шилдгүүдээ тодрууллаа.