Хөлбөмбөгчид Хятадыг зорилоо

БНХАУ-ын Бээжин хотод ирэх есдүгээр сарын 4-11-нд болох Азийн хөлбөмбөгийн холбооны зүүн бүсийн Фестивальд оролцох Монгол Улсын 14 хүртэлх насны шигшээ баг, тамирчид өнөөдөр өмнөд хөршийг зорилоо.

"Хөх бэлтрэгнүүд" (насанд хүрэгчдийн шигшээ багийг "Хөх чононууд" хэмээдэг) энэхүү фестивалийн бэлтгэл болгож, энэ сарын 20-30-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болох "Нэг зам, нэг бүс" олон улсын тэмцээнд оролцох юм байна.

Энэхүү тэмцээний урилга "ДМЮ" клүбт ирсэн ч тэдний гаргасан саналыг МХБХ хүлээн авч, шигшээ багаа дэмжиж оролцуулахаар болжээ.

Азийн хөлбөмбөгийн холбооны зүүн бүсийн фестивальд Япон, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Хонгконг, Тайвань, Макау, Гуам, Умард Марианы арлууд, Монгол гэсэн 10 улсын шигшээ баг хүч үзэх бөгөөд манай багийн менежерээр МХБХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүн Б.Батзаяа, ахлах дасгалжуулагчаар Д.Нанжид, дасгалжуулагчаар Б.Баярхүү, эмчээр Д.Батчулуун нар ажиллана.