Гаалийн албан татвараас чөлөөлөхөд 5 тэрбумын асуудал үүснэ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн/2017.01.05/ хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, “Аудитын сэдэв батлах тухай” Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэхийг түр хойшлуулах санал гаргасныг гишүүдийн олонхи нь дэмжсэн байна. Харин энэ удаагийн хуралдаанаар өнгөрсөн оны 12-р сард өргөн барьсан Гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.

Өнгөрсөн оны 12-р сарын 31 хүртэл мөрдөгдсөн 2014 онд батлагдсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиар жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортоор оруулж байгаа жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг буюу нийт 31 нэр төрлийн 618 ширхэг тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлсөн байна.

Энэхүү хуулийн төслийг өргөн барьсан нь Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Дотоодын үйлдвэрлэлийг гааль, татварын бодлогоор дэмжинэ” гэсэнтэй холбоотой болхыг хууль санаачлагчид онцолж байсан. Манай улсын жижиг, дунд үйлдвэр дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувь, экспортын бүтээгдэхүүний таван хувийг үйлдвэрлэж байгаа ажээ. Өнгөрсөн хугацаанд иргэн аж ахуйн нэгжүүд 13,2 тэрбум төгрөгийн гаалийн чөлөөлөлтөнд хамрагджээ.

Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед уг хуулийн төсөл батлагдсанаар 2017 оны төсвийн орлого тасрах зэрэг аюул үүсч магадгүй гэж олон хүн үзэж байсан. Харин энэ тал дээр хуулийн төсөл санаачлагчид урьдчилсан тооцоогоор жижиг, дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхөд таван тэрбум төгрөгийн асуудал гарах байх хэмээн хариулсан юм.

Ямартаа ч байнгын хорооноос Гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулахаар болсон байна.