60-70 аад оныхныг доргиулсан СТА О.Болдбаатар

60-70 аад оныхныг доргиулсан СТА О.Болдбаатар

Очирын Болдбаатарын авьяаслаг гэр бүл Филармонийн “Баянмонгол” чуулгатай хамтран уран бүтээл хийж байсан бөгөөд энэ нь хожмоо “Ахмад эстрадын дуучдын тоглолт”-ын бүрэлдэхүүнд хамрагдах үндэс болж ард түмэндээ хүндлэгдэн хайрлагдсан эстрадын нэрт ахмад дуучидтай хамтран 512 удаагийн тоглолт хийсэн нь Монголын концертын түүхэнд гараагүй шинэ амжилт болсон юм.


Дуучин Очирын Болдбаатарын хүнлэг чанар, даруу төлөв зан ааш он цагийн урсгалд өөрчлөгдөөгүй бөгөөд хаана ч тэр төв шударга, нийтэч, бусдад нөхөр байж чаддаг болохыг нь урлагийнхан болоод-Монголын ард түмэн андахгүй юм билээ.

Эстрадын ахмад дуучдын нэг Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан Очирын Болдбаатар ахтай нэг сайхан хүүрнэе гэж шийдсэн юм.

-Саяхан таны санаачилж зохион байгуулсан тоглолт ер бусын маш сайхан тоглолт боллоо гэж ам уралдан ярьцгааж, 60-70-аад оныхныг анги хамт олноор нь нэгэн дор цуглуулж чадсан үнэхээр том цугларалт боллоо гэж Монгол даяар шуугиж байна. Тоглолтынхоо тухай яриач?

-Монголын ард түмний чин сэтгэлээсээ хүндэтгэн хайрладаг, тэдний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдсэн, Монголын эстрадын урлагийн анхны шанг татаж түүхийг эхлүүлсэн алтан үеийнхэн болох МУАЖ Б.Дамчаа, Г.Цэнд-Аюуш, Н.Гэрэлт-Од, Х.Галхүү, Л.Оюунчимэг, Х.Төмөр, А.Зориг, Х.Машлай, Т.Рэнцэнханд,  Б.Нандинцэцэг,  С.Янжиндулам,  Б.Баяраа   нарын гайхамшигт ая дууг эргэн санагалзаж Монголын соёл урлагийнхан, ард түмэн маань гүн хүндлэл үзүүлэхээр 60-70 -аад оны залуучууд наашаа уриан дор “Бидний дуулах дуртай дуу” нэртэй дурсамж хүндэтгэлийн тоглолтыг зохион явуулахаар санаачилсан нь цаг үеэ олсон Монголын эстрад урлагийн алтан үеийнхний дурсгалд гүн хүндэтгэл үзүүлж, Эстрадын урлагийн түүхийн их дурсгалт хөшөө босгосон чухал ач холбогдолтой тоглолт боллоо.  

Энэхүү хүндэтгэлийн тоглолтонд өнөө цагийн эстрадын гавьяатууд, нэрт дуучид, залуу үеийнхэн ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон "Алтан үеийнхний" шилдэг дуунуудаас дуулснаас гадна тэдний ар гэр, үр хүүхдүүдийн төлөөлөл, манай урлаг соёлын алдартнууд, 60-70-аад оны дуунд дуртай тэдний хайртай үзэгчид оролцож, хүндэтгэл   үзүүлсэн   үзэгчид, дуучид   хамтарч   дуулсан, уйлсан, бүжиглэсэн, хөгжилдсөн үнэхээр сайхан том цугларалт болж чадлаа.

 

Тоглолтоо “Бидний дуулах дуртай дуу” гэж дууны нэрээр нэрлэсэн нь их оновчтой болжээ?

 Тиймээ манай гэр бүлийн хамтлаг одоогоос 4 жилийн өмнө СТӨ-нд “Бидний дуулах дуртай дуу” нэртэй бие даасан тогтолтоо амжилттай хийж байсан юм. Бид дотнын анд нөхөр зууны манлай эстрадын дуучин Х.Төмөрөө дурсан  түүний дуулсан Ш.Шажинбатын үгээр Б.Бэгзийн аялгуу оруулсан энэ сайхан дууг манай гэр бүлийн “БИД” хамтлаг дуулж клипжүүлсэн юм.

Өнөөдөр “БИД” хамтлагийн дөрвөөс 2 нь байхгүй ч өнөө цагийн эстрадын гавьяатууд, нэрт дуучид маань том охин бид хоёртой хамтдаа уг дууг дахин дуулж шинээр амилуулсан нь монголын мянга мянган гэр бүлийн сайн сайхны бэлэг тэмдэг болсон аялгуут сайхан дуу бол үл тасрах, өнө мөнх юм гэсэн агуулгыг бий болгож чадсан энэ үеийн этрадын урлагийнхны их эв нэгдэл, хүн чанарыг харуулсан маш сайхан үйл явдал боллоо.

-Монголын тайзны урлагийн дуучдын ахмад төлөөлөгчийн нэг, эстрадын дуучин МУСТА, жүжигчин Очирын Болдбаатарыг мэдэхгүй хүн бараг байхгүй гэхэд бараг хилсдэхгүй байхаа. Учир нь Та өөрөө энэ алтан үеийнхний төлөөлөл юм байна шүү дээ. Та өөрийнхөө тухай бага ч гэсэн яриач? Хүмүүс таныг яагаад ч юм дуучин гэж л боддог юм шиг байгаа юм.

 

-Би 1973 онд арван жилийн 28-р сургууль, 1977 онд МУИС-ийг Санхүү, эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. 1977-1980 онд НААҮЯ-ны туршлага шинжилгээний институтэд эрдэм шинжилгээний ажилтан, 1980-1982 онд Октябрийн районы /хуучнаар/ цагдан сэргийлэх хэлтэст төлөөлөгч, 1982-1996 онд Цагдаагийн Ерөнхий Газарт ахлах байцаагчаар ажиллаж байгаад 1996 оноос хувийн хэвшилд ажилласан ба одоо "Орос дууны Монгол нөхөд" ТББ-ын тэргүүн, "Архидалтын эсрэг үндэстний итгэл их хөдөлгөөн"-ий гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

-О.Болдбаатар та хань Пүрвээ хоёр бол оюутан байхаасаа эстрадын урлагт хөл тавьж 1970-аад оноос тэр үеийнхээ залуусын хараанд өртөж, хаана улс төрийн дуу хангинаж, хаана оюутны урлагийн үзлэг болж байна тэнд л явсан шинэ үеийн Монголын эстрадын дууны ертөнцөд үнэнч байж ирсэн хүмүүс юм аа. Харамсалтай нь таны хань, дуучин Пүрвээ хүнд өвчний улмаас ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.

-Тийм ээ, Соёлын тэргүүний ажилтан, өөрийн хань Н.Пүрвээтэйгээ хамтран “Гэр бүлийн анхны хос дуулаач” хэмээн алдаршиж ирснийг Монголын ард түмэн сайн мэдэх юм. Бид хоёр охидоороо бүрэлдэхүүнээ өргөтгөн “Гэр бүлийн дөрвөл” хамтлагийг бий болгон урлаг соёлын өргөн үйлчилгээ явуулж ирсэн. 1970-аад оноос дуулж байсан хуучин дуунуудаараа “Чи миний цэцэг” нэртэй дуун цомог, сүүлийн үеийн шинэ уран бүтээлээрээ “Амьдрал” нэртэй цомог гаргасан. Дууны хувьд та бүхэн бүгд сонсож өссөн байх гэж бодож байна.

Бид хоёрын хослон дуулж бичүүлсэн “Буцах хаяг” жүжгийн дуу, “Янзага”, “Шөнийн эргүүл”, “Манай гаригийн залуус”, хүүхэлдэйн киноны “Гацуурхан” зэрэг дуунууд нь эх орны өнцөг буланд Монголын радиогийн цэнхэр долгионоор цацагдан хамгийн ихээр нэвтэрч сонсогч залуусын дуртай бүтээлүүд болсон юм. Хэдийгээр бид хоёр төрийн байгууллагад ажиллаж байсан ч тайз, дэлгэцийн болон эстрад, нийтийн дууны чамгүй бүтээл бий болгосон байдаг.

-Таныг сайн дуучин, сайхан жүжигчин гэхээс гадна нийгмийн их идэвхтэй хүн гэж би дуулсан юм байна?

-Монгол хүн бүр улс нийгмийнхээ өмнө хүлээсэн үүргээ сайн биелүүлж баймааж нь улс орон маань хөгжинө гэж боддог л доо. 2012 онд “Хайрын гал” ТББ байгуулж архинаас гарах зорилго тавьсан  50 гаруй    хүнийг нэгтгэсэн төвийг Баянзүрх дүүрэгт бий болгон төрөөс ямар нэг санхүүжилт авалгүйгээр тэдэнд өөрийн хүч бололцоогоо дайчлан тусалж хэвийн амьдралд нь эргүүлэн оруулах олон төрлийн ажил хийсэн. Мөн  “Гэр бүлийн хамтлаг” маань бүх  хорих ангиудад очиж амьдралдаа алдсан залууст сэтгэлийн дэм өгсөн лекц уншиж  тоглолтоо хийсэн.  Ялтнуудын дунд байгаа урлагийн авьяастныг дэмжиж тэдний тухай “Стар” телевизтэй хамтран “Сэтгэлийн хойморт” нэвтрүүлгийг хэд хэдэн удаа явуулсан. Дээрээс нь “Архидалтын эсрэг үндэстний итгэл их хөдөлгөөн”-ийг үүсгэн байгуулалцаж уг ТББ-ын дэд тэргүүнээр нь сонгогдон ажиллан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Архигүй Монголын төлөө хамтдаа” уриалгыг дэмжсэн ухуулга сурталчилгааны ажлыг урлаг, уран сайхны соёлтой холбон олон хэлбэрээр зохион явуулж ирсэн.  Мөн өөрийн олон жил ажиллаж байсан ЦЕГ-ын дэргэд “Хошин шогчдын клуб”-ийг анх байгуулж нийгмийн дотор байгаа сөрөг үзэгдлийг шүүмжилсэн тусгай хөтөлбөр бүтээж төв, орон нутгийн 300 мянга гаруй хүнд хүрч үйлчилсэн нь маш их үр дүнтэй ажил болсон төдийгүй Монголын хошин урлагийн “Халзан тайвхай”-н улсын анхдугаар уралдааны тэргүүн шагнал хүртсэн. Гэр бүлийн “БИД” дуу хөгжмийн хамтлагийг байгуулж хот хөдөөгийн тайзнаа олон удаа тоглосон. “Гэр бүлийн радио"-гоос “Хариу нэхээгүй сайн үйлсийн эзэн” аяныг улсын хэмжээнд нийт ард иргэдийн санал асуулгыг үндэслэн явуулснаас “Ард олны төлөө сайн үйлсийн эзэн” -ээр тодрон шалгарсан.  

-Таны тухай сонсож суухдаа та бас нэлээдгүй кинонд тоглосныг саналаа.

-19 настай байхаасаа л киноны дүр бүтээсэн азтай хүн гэж өөрийгөө дүгнэдэг. “Хуучин сүмийн нууц”, Киноны дэслэгч Сүрэнхүүгийн дүр, “Өвлийн ойд” уран сайхны киноны гол баатар Очирхүү, “Тойрох хуудас” киноны сурвалжлагч Осорхүү, “Зүрхэнд шингэсэн нулимс” уран сайхны киноны гол дүр эцэг Бат, “Хубилай хааны зарлиг” уран сайхны кинонд эрхэм гишүүний дүр, “Цагдаагийн тангараг” уран сайхны кинонд Генералын дүрийг бүтээсэн. Оросын ард түмний агуу их ялалтын түүхт 63 жилийн ойд зориулан “Орос дууны баяр” анхны том хэмжээний хөтөлбөрт концертыг зохион байгуулж түүнийгээ уламжлал болгосон.

-Эргээд сайхан болж өнгөрсөн тоглолтондоо эргэж оръё. Саяхны энэ тоглолтыг нэлээдгүй залуус үзжээ?  Тэд энэ 60-70 оны залуус ямар аймаар доргио юм бэ? Эд нарын дэргэд “Night Club”, одоо үеийн шөнийн клубууд цаашаа л байна гэж ярилцаж байхыг сонслоо.

-Ер нь энэ үеийнхэн их азтай хүмүүс гэж би боддог. Бид 2 өөр нийгмийн үед амьдарч үзлээ, яаж солигдохыг ч харлаа. Үр хүүхэд, ач зээгээ өсгөлөө, улс эх орныхоо их бүтээн байгуулалтад гар бие оролцлоо, амьдралыг түмэн зовлон бэрхшээлийн ард нь гарчихлаа, амьдралын сайн сайхныг үнэлж чадах торгон мэдрэмжийг олж авч чадсан, улс орныхоо зардлаар боловсрол эзэмшсэн гээд л тоочоод байвал баршгүй ээ.

Ингэхээр чинь нэг цугласных ёстой нэг доргихгүй яах билээ. Бидний үе чинь амьдралын аз жаргалын тэр гоё агшныг мэдрэхээрээ нэг бодлын хүүхэд шиг цайлган, гэнэн хонгор, сэтгэлээсээ  баясаж чаддаг болох нь энэ их цугларалтаас харагдлаа. Тиймээс  ч “60-70-аад оны доргио залуус” гэсэн гуншинтай болчихлоо. Ёстой гоё санагдаж байна. Муу ахад нь хүнийг баярлуулах шиг, сэтгэлдэх гунигийг нь түр ч болов хөөж чадах шиг тийм сайхан зүйл энэ хорвоод үгүй  ээ.

-Та 60-70, 80-аад оны залуустаа юу гэж хэлмээр байна даа.

-Ах нь хүн бүрийг сэтгэлийн хаттай, уухгүй, унахгүй, урагшаа л харж амьдраасай гэж боддог. Өнөөдөр их хэцүү байнаа. Гэвч 60-70, 80-аад оны залуус минь та нар өөрсдийнхөө хөдөлмөрч, дайчин, тэвчээртэй зан чанараараа өнөө үеийн залуусыг үлгэрлэн яваарай гэж уриалъя! Та нар маань үнэхээр доргио залуус, та нар маань үнэхээр шилдэг залуус шүү! Ер нь ямар ч зовлонгийн ард гарч урагшаа харан тэмүүлэх сэтгэлийн тэнхээ бол та бидний үзэж өнгөрүүлсэн амьдралын их түүх, зовлон жаргалын их дэнсийг тэнцүүлэх чадвар, туулсан арвин замын харгуй болох үзсэн амьдралын баялаг юм шүү.

Нас нэмэвч сэтгэл үргэлж залуугаараа, нүүр үрчийвч зүрх сэтгэл мөнхийн толигор залуугаараа шүү дээ.

 

 

А.МӨНХ