“Маш нууц” хэргийн хаалттай шүүх хурал

Хэргийн газраас олдсон үс ДНК-гийн шинжилгээгээр Т.Чимгээгийнхтэй таарсан гэх албан бус яриа гарах болсон ч үнэн эсэхийг баталсан, үгүйсгэсэн хариуг албан ёсоор өгөөгүй байна-

С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал өчигдөр /2016.12.21/ Цагдан хорих 461 дүгээр ангид үргэлжлэн хуралдав. Өчигдрийн хуралдаан 10.52 цагт эхэлж, долоон цаг орчмын дараа завсарласан тухай манай агентлаг  мэдээлсэн. Шүүх хурал өнөөдөр /2016.12.22/ ч  үргэлжилнэ.

Товлосон хугацаанаасаа 52 минут хоцорч эхэлсэн өчигдрийн /2016.12.21/ шүүх хурлын эхний дөрвөн цагт улсын яллагч Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар сэжиигтнүүдэд оноосон ялын дүгнэлтийг уншиж танилцуулжээ. Дараа нь шүүх хурал 17.10 цагийн үед таван минут засварласан байна. Энэ үеэр шүүгдэгчдийн өмгөөлөгч С.Оюунцэцэгийн даралт ихэсч, хорих ангийн эмч дууджээ. Ийнхүү бие муудсан шалтгаанаар шүүгдэгчдийн өмгөөлөгчид шүүх хурлыг дахин хойшлуулах саналыг шүүх бүрэлдэхүүнд тавьсан ч, хүлээж аваагүй хурлыг хаалттай горимоор үргэлжлүүлсэн байна. Ингээд шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нараас 30 орчим минут мэдүүлэг авч дуусаад, шүүх хурлыг өнөөдөр /2016.12.22/ үргэлжлүүлэхээр завсарлуулсан тухай эх сурвалж мэдээлсэн юм.

18 жилийн дараа сэжигтэнг тогтоосон  уг хэрэг улс төртэй холбогдоогүй ч улсын нууцтай холбоотой “Маш нууц” зэрэгт багтах баримтууд агуулсан учир шүүх хурлыг хаалттай горимоор явуулах нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн үзсэн юм.  Тиймээс шүүгдэгчид ямар мэдүүлэг өгсөн гэдгийг ихэд нууцалж байна. Өмнө нь шүүгдэгчдийн өмгөөлөгчид шүүх хуралд нэр бүхий гэрчүүдийг оруулах санал гаргаж, шүүх хурлыг долоо хоногоор хойшлуулсан. Тэгвэл өчигдрийн хуралд гэрчээр Г.Чулуунбат, н.Давааням гэх хоёр хүн оролцсон. Хоёр гэрч хохирогч, шүүгдэгчийн алиных нь талаас төлөөлж шүүх хуралд оролцсон нь тодорхойгүй хэвээр. Мөн онцгой байдлын хоёр шинжээч шүүх хуралд оролцсон. Тэд ямар үүрэгтэйгээр нууцын зэрэгт багтсан хэргийг шүүх хуралд суусан нь мөн л нууц байна.  Ийнхүү шүүх хуралд оролцох хүний тоо нэмэгдсэн ч, Б.Булган, С.Оюун, Э.Бат-Үүл нар хорих ангийн орчмоор үзэгдсэнгүй.

Хурлыг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг, өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцож байгаа юм.

Шүүгчдэгч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн тэднийг хилс хэрэгт гүтгэгдсэн хэмээн үзэж буй. Тэдний хэлснээр хүний аминд хүрч, 25 жилийн ял авсан Ц.Амгаланбаатар ял наймаалцахын тулд зохиомол хэрэг гаргаж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хилс хэрэгт унагасан гэж мэдэгдэж байгаа юм.

Хэргийн газраас олдсон үс ДНК-гийн шинжилгээгээр Т.Чимгээгийнхтэй таарсан гэх албан бус яриа гарах болсон ч үнэн эсэхийг баталсан, үгүйсгэсэн хариуг албан ёсоор өгөөгүй байгаа юм.

Ээдрээт хэргийг шүүх хурал явагдаж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийг дотор гаднагүй цагдаа, тагнуул, шийдвэр гүйцэтгэгчдийн хамтарсан эргүүл хамгаалалтад авсан. Тэд хорих анги руу нэвтрэх машин, хүн бүрийг нэгжин оруулж буй. Шүүх хурлын зөвхөн эхлэл, төгсгөлийн зургийг авах эрхтэй хэвлэлийнхнийг ч гурван давхар хамгаалалт шалгаж, шүүх танхим руу нэвтрүүлж байгаа. Завсарлагаанаас хойш хоёр дахь өдрөө үргэлжлэх өнөөдрийн шүүх хуралд сурвалжлагч, зураглаач нарыг шүүх танхим руу оруулах эсэх нь тодорхойгүй. Мөн олны анхаарлын төвд, олон таамаг яриа хөврөх хэргийн шүүх хурал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 234.2-т "Шүүх хуралдааныг өдрийн цагаар, амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна" гэж заасны дагуу үргэлжлэх юм байна.

эх сур: news.mn