Багны цаадах Баабарын төрх

Түүнийг эцэг эхээс заяасан нэрээс нь илүүтэй Баабар нэрээр нь олон хүн мэднэ. 1980-аад оноос энэ нэрээр улс төрийн шинжтэй нийтлэл бичиж байсан гэдэг. Ихэнх хүмүүс түүнийг “сайн хүн” гэж итгэдэг байж болох ч сайн дүрээр нүүрээ нуусан муу хүн ч байх талтай.

Хамгийн сайн “тархи угаагч” гэж түүнийг судлаачид үздэг. Үе, үеийн АН-ын сонгуулийн хар, цагаан пи-ар хийж, гаршсан тэрээр тархи угаалтандаа ихэвчлэн бусдын өмнө бичсэнийг хуулбарладаг аж. Анх Ардчилсан хувьсгалын үеэр бичиж байсан гэгддэг нийтлэлийнхээ санааг Х.К.Андерсены “Хааны шинэ хувцас” үлгэрээс санаа авч бичсэн гэдгээ ил тод хэлдэг. Тэгвэл тэрээр ганцхан үүнийг ч хуулаагүй болох нь “Эрэлхэг цэрэг Швэйк”-ийг “хачин гоё элэглэл” хэмээн хэлснээс нь харагдана. Үүнээс гадна түүний сонирхож, ном зохиолыг нь уншдаг, санаа авдаг зохиолчдын нэг нь алдарт шог зохиолч А.П.Чехов байх жишээтэй. Энэ бүхнээс түүний бүхий л нийтлэлийн өнгө аясыг дахин нэг нягтлаад хараад үзээрэй. Зохиол бүтээлээ мөнгөний төлөө бичдэгээ хүлээн зөвшөөрсөн тэрээр “Номоор амьдрах зах зээл байхгүй” гэдэг ч “Нүүдэл, суудал”, “Дори Идэр дүүдээ хандах нь” номуудаа өчнөөн мянгаар нь “зарсан” байх юм.  

Мөн тэрээр шагналыг “өвчин” гэж ярьдаг ч нидэр дээрээ тийм биш. “Нүүдэл, суудал”-аараа Төрийн шагнал хүртэж байсан тэр улс төрийн акци хийж байж 1996 онд бас нэг шагналаар шагнуулсан тухайгаа дурссан. Тэрээр шагналыг өвчин гэж хэлэхдээ зөвхөн одон тэмдэгийг хэлдэг бололтой юм билээ. Учир нь судлаач Д.Ганхуяг түүний эзэмшдэг “Непко” компани “Оюу толгой” компаниас олон саяар удаа дараа шагнуулсаныг олон нийтэд илчилж байсан юм.

Ноён Баабар улс төрөөс ангид мэт олон түмэнд харагдахыг хичээдэг ч хамгийн ихээр хутгалддаг нэгэн. УИХ-ын гишүүн, Сангийн сайд, Ерөнхий сййдын зөвлөх гээд монголын хувь заяатай холбоотой олон чухал алба хашиж явсан тэрээр ард түмнийхээ эрх ашиг, байгаль орчинд хор нөлөөтэй гэрээг Канадын “Бороо Гоулд” компанитай хийсэн нэгэн юм. Тэр зөвхөн өөрт ашигтай үед л улс төрийн сэдэвтэй тархи угаалтаа бичдэг. Үе, үеийн ерөнхийлөгчдийг хамгийн муу хүмүүс байсан тухай ам нээх болгондоо хэлдэг ч өнөөгийн ерөнхийлөгчийн талаар нэг их ярьдаггүй. Ярьлаа ч хамгийн сайн хүнээр өргөмжлөн магтдаг. Мөн түүний талаар жаахан таагүй зүйл бичсэн зүйлсийг та ямар ч хайлтаар хайгаад цахим орчноос олохгүй. Энэ нь энэ тэндээс “шагнуулсан” их хэмжээний мөнгө, мөнгөний төлөө бичсэн олон нийтлэлийнхээ буянаар хажуудаа техникийн мэдлэгтэй олон залуусыг цуглуулсантай нь холбоотой. Баабар буюу Б.Батбаярын багийг бага зэрэг сөхөхөд ийм байна.