У.Эрдэнэбаяр: Хэн Раскольниковоос татгалзах юм бэ, тийм биз дээ

Өнгөрсөн онд Оросын алдарт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм ба ял шийтгэл” романыг Монголд анх удаа театрын тайзнаа найруулан тавьсан. Тэгвэл дахин төрсөн “Гэм зэм”-ийг үүрэлцэж яваа, тус жүжгийн хөдөлгөөний найруулагч, жүжигчин У.Эрдэнэбаяртай ярилцлаа. Түүнтэй ярилцах ахуйд би үзэгчдийн суудлаас асууж, тэр тайзан дээр монологоо унших шиг л сэтгэгдэл төрүүлсэн юм. Энэ хүн “аллага үйлдэгч Раскольников” мөн гэж үү? -Та СУИС-ийн Театр урлагийн сургуульд тайзны хөдөлгөөний багшаар ажиллаж байсан юм билээ. Ер нь яагаад орон нутгийн театрт ажиллахаар явсан юм бэ? -Би СУИС-ийг төгсөнгүүтээ урилга авч, тэндээ багшаар ажиллаж эхэлсэн. Өөртөө байгаа бусдаас давуу чанараа хөгжүүлэхийг эрмэлздэг гэх үү дээ. Өгөгдөл, мэдлэг надад хамгийн том боломж байсан. Багш хүн өдөр бүр ахисан түвшинд байх ёстой. Долоо, найман жилийг энэ сургуульд өнгөрүүлэхдээ их зүйл сурчээ. Олон уран бүтээлд хөдөлгөөний найруулагчаар ажилласан, найзуудынхаа уран бүтээлд тус боллоо, сайн жүжигчний жүжгийг найрууллаа, тэр маань амжилт оллоо. Одоо өөрөө уран бүтээл хийвэл яасан юм гэсэн хувь хүний дээд түвшний тэмүүлэл надад байсан. Тэгээд л театрт ажиллах, өөрийгөө задлах, Раскольников шиг дүрд өөрийгөө сорих хүсэлд эрхгүй хөтлөгдсөн. Мөн өөрийгөө голох, өөрөөрөө бахархаж байсан үеэ бодох, өрөөлд заах гэж оролдсон, бусдаас суралцах гээд өдөр бүр энэ бүхэн надад хуримтлагдаж байв. Хааяа үлээсээр байгаад дотор минь шаар хагарчих шиг бачуурал төрнө. Зарим үед сэтгэл дүүрнэ. Гэтэл нэг л орой эцсийн эцэст надад юу байгаа юм бэ гэхэд юу ч байхгүй мэт хоосролтой нүүр тулна. Энэ мэдрэмжүүд л намайг түлхсэн. Би театрын хөгжлийг хөдөө орон нутгаас тодорхойлж байгаа шүү дээ. Өрсөлдөөнд орж байж уран бүтээлчид задарна. Ийм учраас төрсөн нутгаа зорьж, өөрийн гэсэн тайз, хамт олонтой болохыг хүссэн. Ингээд мэргэжлийн уран бүтээлийн байгууллага, боловсролын байгууллага хоёрын ялгааг мэдэрч эхэллээ. Энэ бол миний дараагийн шинэ, ахисан түвшний ур чадвар болж байна гэсэн үг. Боловсролын байгууллагад сургалтын системийн дагуу онол, практик давхар явна. Мэргэжлийн театрт бол урлана, бүтээнэ. Ороод ирэхээр ондоо юм аа. -Тэндээс яаж энд “Гэм зэм” үүрэлцэхээр ирчихэв? -“Гэм зэм” жүжигт “Орфей” теат­­рын захирал, жүжигчин Т.Ариунчимэг шавийн­хаа урилгаар нэгдсэн. Харин найруулагч М.Батболд­­той ярилцсан (инээв). Тэр “хөдөлгөө­нийг юу гэж ойлгодог вэ, өөрийн чинь үзэл бодлыг сонсмоор байна” гэж асуудаг юм байна. Миний хувьд пластик гэх зүйлийг өндөрт авч үздэг. Зөв пластиктай жүжигчдэд дуртай. Хийж байгаа үйлдэл, бодож сэтгэж байгаа зүйл нь биеэр нь зөв дамжиж гарч ирдэг. Үзээд суухад нэг тийм эвгүй биш. Амьсгаа нь, харц нь, зогсолтууд нь хүртэл зөв байдаг. Би ингэж л хариулсан. Пластик гэдэг учир зүйн дараалалтай, гинжин холбоотой сэтгэлийн хөдөлгөөнөөс үүссэн биеийн булчингийн үйл ажиллагаа, илэрхийлэмж. Дэс дараатай харагдана гээд тавихаар илэрч өгөхгүй тохиолдол байдаг. Яалт ч үгүй хувь уран бүтээлчийн ур чадвар, авьяастай холбоотой юм шиг. Яг адилхан зүйлийг хоёр хүн хийхээр өөр, өөр болоод байдаг юм. Утга нь хүртэл ондоо болчихсон мэт харагдах жишээтэй. -Сүхбаатар аймгийнхаа театрт жүжиг тавьж амжив уу? -Яг үнэндээ очоод нэг жил ажилласан. Санаандгүй байдлаар хоёр театрчилсан концерт найруулсан. Ковидын улмаас нэг, нэг удаа л тоглогдсон. Өчнөөн хоног бэлдэж, бэлдчихээд тоглолт эхлэхээс хорьхон минутын өмнө хаагдаж байлаа. Их гонсойдог юм билээ (инээв). Долдугаар сард киноны ажлаар хотод ирсэн. Тэгээд “Гэм зэм” рүү орчихсон. Оны өмнө буцаж очоод “Гэгээн муза” наадамд оролцох жүжгүүдийн пролог хэсгийн хөдөлгөөнийг тавьж байтал “Гэм зэм” дахин тоглогдох болоод жилийн чөлөө авах байдлаар ирсэн. Яагаад гэвэл жүжиг маань энд дахин шинээр эргэлт хийж байна. Театрыг шинэ түвшинд аваачих гэсэн залуусын эрмэлзлийн нэг эд эс болж байгаадаа талархууштай санагддаг. -Ер нь, энэ жүжигт ирж орол­цохын шалтаг, шалтгаан нь яг юу юм бэ? -Мэдээж хамт олон. Гэхдээ “Гэм зэм” жүжиг дахиж хэзээ тоглогдохыг би мэдэхгүй. Магадгүй хэзээ ч тоглогдохгүй байж мэднэ. Нийгэмд тохиолдож буй бас нэг үзэгдэл шүү дээ. Иймээс би энэ жүжгийн нэг хэсэг байхыг хүссэн. -“Гэм зэм” жүжгийн туршид Раскольниковын дүрийг жүжигчин Д.Лхагва гаргаад байгаа юм шиг хараг­давч та ч мөн тухайн дүрийг бүтээдэг. Тэгэхээр Раскольнико­вын сэтгэлгээ болон сэтгэл зүй, дотоод шаналанг үүрч яваа байх? -Жүжиг гэдэг солонготой адил­хан. Дүр болгон нийлж байж бүтээдэг. Миний хувьд Раскольни­ковын хоёр сцен дээр гарч байгаа. Хувь уран бүтээлчтэй нь танилцахаас эхлээд Раскольниковын дүрийг бүтээх хүртэлх цаг хугацааг хамт өнгөрүүлсэн. Энэ бол гол давуу тал. Хоёдугаарт, манай жүжигт үйл явдлаас үйл явдалд, сэтгэл зүйгээс сэтгэл зүйд 15-20 секунд хооронд шилждэг. Холбоосууд дээр нэмэлт хүч өгсөн сценүүд байгааг та бүхэн харсан байх. Энэ бүхнийг хүлээж авах нь хамгийн чухал. Жүжиг дуусах хүртэл хамт байхгүй л бол Раскольниковыг илэрхийлж чадахгүй. Ялангуяа Сонятай уул­заж буй хэсгийн ар нурууны сцен. “Ял шийтгэлээ би хүлээх юм уу, үгүй юм уу”, “би очиж хэлж чадах уу, үгүй юу” гэх сэтгэл зүйн эргэлтийн цэг дээр буй жүжигчний биеийн хөдөлгөөнийг яг зэрэг хийж чадахгүй бол үзэгчдэд очих харизм багасна. Тэгвэл барлаж буй хэрэг болно. Мөн Сонятай хамтарч байж, над руу харж харилцааг илүү мэдэрнэ. Хэрвээ би нэг тийм, гөлийсөн ч юм уу, ямар ч сэтгэл зүйн динамик, дамжлага байхгүй харах юм бол хамтран тоглогчид хүчтэй нөлөөлдөг. Тиймээс бүгдэд нь хариуцлагатай ханддаг. “Нийгмийн шинж чанартай өөрчлөлтөөс үүдээд хүмүүс асар том ангал руу уналаа” гэж манай жүжигт Зосимов хэлдэг шүү дээ. Залуусын хувьд карьерын тоглоомонд эртнээс оролцоод эхэл­­сэн. Жишээлбэл, бусадтай өөрий­гөө жиших. Их сургуульд багшилж байхад оюутнуудад их анзаардагд­даг. Дасгал сургуулилалт хийгээд урт хугацааны явцад бий болох боломжтой нөхцөл байдал өөрт нь байхад яардаг. Хэн нэгэн шиг байж чадахгүй байгаадаа эмзэглээд өөртөө гомдох, шантрах, хичээлээ таслах үеүүд байсан. Түүн шиг Раскольниковын энэ бүх зүйлийг мэдэрч, тэдний өмнөөс өөрийн бие сэтгэлийг золин байж дуугарах гэсэн хүсэл надад тод мэдрэгддэг. -Таны дотор Раскольниковын сэтгэл зүй аль хэдийнэ бүрэлд­чихжээ. Тэгвэл гол дүрийн эрэгтэйн оронд тоглох уран бүтээлчийн шунал байгаа байх нь ээ? -Би МУГЖ Л.Дэмидбаатарын шавь. Нэгдүгээр курсын оюутан байхаас бидний тархи болоод зүрхэнд суулгаж өгсөн зүйл бол “Чи зөвхөн тухайн жүжгийн нэг дүр гэсэн эд эсээрээ яваад дуусаж болохгүй, чи бүхэл бүтэн жүжгийн эд эс байх ёстой. Ялангуяа бусдын өмнөөс бэлэн байхын тулд өдөр болгон сургуулилалт хийх хэрэгтэй. Эр, эм гэлтгүй хэрвээ би түүний оронд байсан бол ингэж тоглоно гэсэн сэтгэлээр хамт бүтээж, бэлдэж сур. Ямар ч зүйл хэзээ ч тохиолдож болдог. Энэ бүхэн чамайг цаашид хүчтэй уран бүтээлч болгоно” гэх захиас. 2012 онд тавигдсан “Гамлет” жүжгийн олны хэсэгт оюутан байхдаа тоглосон. Тухайн үед Гамлетын дүрийн бүх текстийг суулгаад, хамт тоглоод, үзэгдэл дундуур С.Болд-Эрдэнэ ах “хэн давхар яриад байгаа юм бэ” гэж загнаад л. Багшийн захиас хувь уран бүтээлчийн онцлог болсон доо. Тиймээс Лужин, Свидригайлов, цаашлаад бүр Раскольниковын сцен болгоны текстийг дагаж хэлэх ч юм уу, хэрвээ би байсан бол “би бол нүгэлт хүн, намайг өршөө” гэж хэлээд дээшээ арай удаан харах байсан гэдэг ч юм уу, байнга ингэж өөрийгөө хөглөдөг. Ялангуяа энэ удаагийн тоглолт, эргэн төрөлт дээр Х.Цасчихэрийн оронд ар нурууны сценд тоглож байгаа, үүндээ үнэхээр дуртай шүү. Энд байгаагаараа би үзэл санааг үзэгчдэд хүргэх ариун үйлсэд тус дэм болж буй. Хоёрдугаарт, тайзан дээр цаг хуга­цаа­гаа аз жаргалтайгаар өнгө­рүүлж байна. Түүнчлэн миний ур чадвар, мэдрэмж хөглөгдөж, хөгжиж байна. Раскольниковын дүр бол аливаа уран бүтээлчид мөн үзэгчдийн хайртай дүр. Түүнээс хэн татгалзахыг хүсэх юм бэ, тийм биз. -“Гэм зэм” жүжиг нийт 30 гаруй удаа тоглогдлоо. Энэ хугацаанд ямар нэгэн зайлшгүй асуудлаас болоод хэн нэгэн нь хоцорч, та тухайн жүжигчнийг хэсэгхэн хуга­цаанд ч болтугай орлон тоглож байв уу? -Манайхан хариуцлагатай л даа. Гурав, дөрвөн цаг гэхэд ирчих­сэн байдаг. Түгжрэлээс шалтгаа­­лаад нэг жүжигчин маань үзэгдэл­­дээ хоцорсон юм. Гэхдээ зөвхөн ээжийн захидлын хэсэгт тоглогдох хөдөлгөөн байсан учраас би орлосон. Яагаад гэвэл би хөдөлгөөний найруулагчаар нь ажиллаж байгаа хүн. Хөдөлгөөн гэдэг миний мэргэжлийн давуу тал. Хэрвээ нөхцөл байдал өөрөөр эргэсэн бол би бэлэн байлаа. “Гэм зэм” жүжигт хэд хэдэн дүрээр гардаг. Гэвч нэг хүн олон хөрвөлт хийхээр төөрөх тохиолдол бий. Тэгээд ч бүгд тус тусдаа дүр. Зайлшгүй үед л биш бол тухайн дүрийг бүтээхийн тулд оюун санаа, бие сэтгэл, цаг хугацаагаа зарчихсан хүний өмнөөс дуурайж, барлана гэдэг асуудал ерөөсөө байж болохгүй. -Жүжгийн зохиол уншиж бай­хад тухайн дүр хаана, хэзээ, ямар үйлдэл, яаж хийхийг биччихсэн байдаг. Таны хувьд уг жүжигт ямар арга барилтай ажиллаж, хэрхэн шинэлэг байсан юм бэ? -Бид энэ удаад бүх урьтлыг авч хаясан. Энэ бол постдрам. Миний ойлгож байгаагаар үзэгчдэд үзэл санаагаа урлагийн аль нэг төрлийг хүссэнээрээ ашиглан хүргэх боломж олдож байгаа юм. Тэдгээрийг авч хаясныхаа дараа бүгд ярилцсан. Цоо шинээр хүргэхийн тулд бусдыг даган дуурайхгүйгээр хийх ямар сэтгэлгээ байна гэдгийг сценүүдээ хувааж аваад өглөө долоон цагаас 12 цаг хүртэл хуралддаг байлаа. Ф.М.Достоевскийн “Гэм зэм”-ийн хөдөлгөөний найруулгын хувьд дүрүүд дээр учиргүй шинээр дэглээд, найруулаад байх зүйл надаас нэхэгдээгүй. Харин хамгийн сонин нь маш сайн имрэх, тэмтрэх, нарийн мэдрэх хэрэгтэй болсон. Өнөөдөр Лужиныг бүтээж буй Ш.Доржсүрэн ахын хувьд түүнтэй нийцэж буй үйлдэл, дүрийнх нь шаардаж байгаа үйлдэл юу вэ, энэ хоёр мөргөлдөхөд тухайн хүнээс гарах сэтгэл хөдлөл ямар байх бол гэх мэтээр бүх дүрүүдтэй ажилласан даа. Түүнээс гадна явж байгаа текст, тайлбарыг дүрсжүүлэх маягаар ээжийн захидлын хэсгийг найрууллаа. Олон зүйл рүү халирах гэж үзсэн. Ер нь хөдөлгөөнөөр үнэхээр шоу үзүүлье л гэх юм бол тэнд зайлшгүй мэргэжлийн хөдөлгөөнчид хэрэгтэй. Харин манай жүжигчид үе үеийнхэн бий. Тэгэхээр ёстой тэр хүнээ мэдрэх ёстой гэдэг шиг өөрөөс нь гарч, өөрт нь эвтэйхэн байгаа хөдөлгөөнийг үзэгчдэд хэрхэн сонирхолтой, сонин болгож харагдуулах вэ, хэлэх гээд байгаа санаа руугаа хэрхэн чиглүүлэх вэ гэдэгт төвлөрсөн юм. -Тэгвэл аллагын зураглалын тухайд юу хэлэх вэ? -Их сонирхолтой. Яасан бэ гэхээр бид аллагыг аллагаар үзүүлэх ёстой юм уу, цус урсгах уу эсвэл сүүдрийн театр тавих уу гээд маш олон санаа гаргасан. Дэлгэхээр дотроос нь байшин босоод ирдэг ном байдаг даа. Түүний нэгдүгээр хуудсыг нь би эргүүлмэгц байшин дотор хэвтэж байгаа Раскольников унаад л, түүн рүү камер татангуут хүмүүст мультифильм үзэж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэхээр сэтгээд хийсэн. Сүүлдээ ширээгээ давж үсрээд, дээр нь хэвтэж үзээд, ер нь энэ ширээ байх шаардлагатай ч юм уу, үгүй ч юм уу гэсэн санаа төрлөө. Тэгэнгүүт бүр минимал, маш энгийн мөртлөө сонин байж болох нь юу вэ гэж найруулагч бид хоёр ярилцаж эхэлсэн. Уг нь бүх үзэгдлээс сүүлд хийгдсэн юм. Гэвч босохдоо богино хугацаа зарцуулсан. Ул суурьтай бодож явсан зүйлийг “юм” болгох амархан байдаг гэдгийн баталгаа бол аллагын зураглал. Эрсдэлтэй мөртлөө эвтэйхэн, эвтэйхэн атлаа утга учрыг бүрэн илэрхийлэх ёстой. Мөн хөдөлгөөн, дүрслэл, жижиг хэрэглэл, камерын зураглал, жүжигчний сэтгэл зүйн динамик хөдөлгөөн, дүрдээ орж буй байдал нэгдэж байж тэгж хувирсан даа. -Үйл хөдлөл гэдэг сэтгэлийн хөдөлгөөнийг лавшруулж байгаа хэлбэр гэж ойлгодог. Тиймээс таныг Раскольниковын ар нурууны сцен дуусаад бууж байхдаа сэтгэл хөдлөлдөө автаад хальт гишгээд уначихвий гэсэн айдас үзэгчдэд төрсөн ч байж мэднэ. Энэ тал дээр та ямар бодолтой байна? -Алуурчин Раскольниковоос гараад явж байгаа хэсэг гэж би боддог. Сонягийн өмнө хамаг гэм нүглээ наминчилчихаад, хашхи­рахад тэр хүний биеэс сүүдэр нь гараад явчихаж буй мэт илэрхийлэмж. Тийм учраас тухайн хүний муу санаа, гэм нүгэл, гэмшил зэрэг хүнд зүйлсийг нь тээхийн тулд булчин минь удаан ажиллах хэрэгтэй. Хэчнээн сэтгэл хөдөлсөн ч түүнийгээ дарж, барьж, хянаж байх нь мэргэжлийн жүжигчинд байх ёстой чадвар. Өдөр болгон нэг хүн тайзнаасаа өнхөрч унаад байвал монголын театрт жүжигчин үлдэхгүй биз дээ. Гэхдээ туршлага, мэргэжлийн байдал, тооцоолол чухал. Тайзны алхаа болгон тоо­цоолол. Урдаас бөөн гэрэл тусахаар урдах газраа хардаггүй. Гэхдээ хэт тооцоолсон, схемчилсэн зүйл худлаа харагддаг. Зарим үед хазайх, зугтаах тохиолдол байдаг. Би жүжигчдэдээ “жүжгийнхээ өмнө бодоорой” гэж байнга хэлдэг. Шатаар өгсөх болгондоо өөрийн жинд тохирсон үйлчлэлийг үзүүлэх хэрэгтэй. Хамгийн сүүлд Раскольников сандал чирээд дээшээ гарахдаа хойшоо савах мэдрэмж тайзнаа харагддаг шүү дээ. Энэ үед хүний таазны тэнхлэг биеийн голчоосоо 15 градус хазайсан л байх юм бол тэнцвэр алдаж, унах аюултай. Жүжигчид тайзан дээр гарч ирээд амьдарч байгаа нь манай жүжгийн онцлог. Тэд хөшигний араар орон ортлоо амьдарна. Тухайн тайзыг бид өөрс­дөөсөө хол хөндий бодож, төмөр гэж үзэх юм бол хүлээн зөвшөөрөг­дөхгүй тул өөрсдийнхөө эд эс, эрхтэн мэт санах учиртай. Тайзны эргэлт, хөдөлгөөн, шат хүртэл бидний нэг хэсэг. -Хөдөлгөөний найруулагчийн хувьд байх ёстой онцлог, чадвар гэвэл? -Хөдөлгөөний найруулагч болгон өөр өөрийн гэсэн онцлогтой. Харин тэд ямар суурьтай вэ гэдэг л сонин. Драмын урлагт бүжиг суурьтай хүн яаж хандах бол, энэ бүхнээс үүдээд шийдлүүд, нарийн мэдрэмжтэй хөдөлгөөн урган гардаг. Бүх уран бүтээлчдийн ертөнцийг үзэх үзэл маш чухал. Чи хүний амьдралыг юу гэж боддог вэ, нийгмийг хэрхэн харж байна, цаг хугацааны тухай, хайр дурлалын тухай юу гэж боддог юм. Чиний хаяж чадахгүй, эвхээтэй чигээр нь хадгалаад байгаа үзэл бодол хүртэл яагаад чамд байсаар л байгаа юм бэ. Энэ бүхэн уран бүтээлч хүнд хүчтэй нөлөөлдөг. Мөн уран бүтээл гэдэг судалгаа шүү дээ. Судлаач байхын дээр ертөнцийг үзэх үзлээ тунхаглан зарлах хэрэгтэй. Гэхдээ түүний хажуугаар бусдын үзэл бодлыг хүндэтгэх ёстой. Үнэн амьдрахын тулд жүжигчид маань үйлдлээ хязгаарлаад эхэлдэг. Хямарсан бол гараа атгаад л гуниглаад суух ёстой гэж ойлгодог. Гэтэл бодит амьдрал дээр тухайн хүн гараа атгаад суухдаа хумсаа имэрч байх юм уу, хоёр удаа нусаа татах юм уу гээд бүгдийг бодно. Гэхдээ би болоогүй байна аа. Хааяа хөдөлгөөний найруулагч өөрийн мэдэлгүй ерөнхий найруулагчид таалагдах, бодож олоогүй санааг өгсөн байдаг. Заримдаа хэчнээн хичээгээд ч найруулагчийн бодолд хүрч чаддаггүй. Миний зүгээс уран бүтээлчдэд хэлэхийг хүсдэг зүйл бол тухайн “уран бүтээл дээр өөрийгөө хая”. Энэ л зөв, ингэх л учиртай гээд эхэлвэл маш том хана босоод ирнэ. Тэр босгосон хананы урд, хойноос нь харах гээд үзэгчид ядарна шүү дээ. Тэгэхээр найруулагч болон жүжигчидтэйгээ сайн зөвшилцөх хэрэгтэй. Үргэлж бие биеийнхээ дутууг гүйцээж, дундуурыг нөхөж ирснээрээ театр одоо хүртэл оршин тогтнож байна. М.Батболд найруулагчийн хувьд хөдөлгөөний, хөгжмийн, харилцааны гайхалтай мэдрэмжтэй хүн. Зарим найруулагч хөдөлгөөнийг чи шийдчих, чамд би угаасаа алга ташна гэдэг. Гэтэл энэ хандлага уран бүтээлч хүнийг асар их ганцаардуулдаг. Тэр ганцаардал дундаа өөрийгөө алдаж ч мэднэ. -Чухам юунд захирагдаж хөдөл­­­гөөн бий болж, мэдрэмж үүсээд байдаг юм бол доо? -Хэн, юуг, хэзээ, хаана, яаж, өгүүлж байна вэ. Тухайн дүр өөрөө бодож, түүнээсээ сэтгэл хөдлөл үүсээд, гадагш дамжуулж байна уу гэдэг нэг өөр. Эсвэл бодолд нь хөндлөнгийн харилцан тоглогч хүчтэй нөлөөлөл бүхий холилдсон сэтгэл зүйн үйлдэл гарч ирж байна уу бас л өөр. Үүнтэй адил үндсэн санаа руу хөгжмийн зохиолч юуг мэдрээд яаж ая зохиов, түүнийг сонссон жүжигчин дүр рүүгээ хэрхэн чиглүүлж хүлээн авав, энэ хоёрын илэрхийлэмж яавал зөв байхыг хөдөлгөөний найруулагч хэрхэн мэдэрч байна гэх мэт. Расколниковын сандлаа чирээд явж байгаа хэсэгт ганцхан эмэгтэй хоолой явдаг. Энэ бол алслал. Холын хол руу сонсогдож байгаа юм шиг боловч холын холоос надад сонсогдож байгаа хэрэг. Холбоос ингэж үүсдэг. Ерөнхийдөө хүн хаашаа чанга хашхирмаар байгаагаа ойлгож, хаанаас өөр рүү нь хашхираад байгааг сонсчихлоо гэсэн үг. -Жүжигт “сандал”-уудын үүрэг их байсан. Яагаад заавал сандал гэж? -Өдөр бүр шигдэн суух тухтай, тухгүй сандал бол бидний байр суурь. Зарим хүмүүс “гоё хээ хуартай сандал байлга л даа” гэж шүүмжлэлтэй хандаж байлаа. Хэрвээ тэгвэл бид өөрсдийн байр сууринаас зугтаж буйн илрэл болно. Өөрсдийгөө өндрөөс харах, алдаагаа нуух гэж бүтээсэн бурхнаа шүтэх гэсэн үзэл санаа цухалзаад байгаа юм. Найруулагч бид хоёр “хоёулаа бууж өгөхгүй биз дээ, тийм биз дээ” гэж ярилцсан боловч нэг орой “тэгээд модон сандал болгох уу, эсвэл өөр юу байж болох вэ” гэж бодож эхэлсэн. Гэхдээ бууж өгөөгүй л дээ. Порфирий Петровитой уулзахад “та наашаа суу л даа” гэдэг нь “хийсэн зүйлдээ ир л дээ, битгий ай” хэмээн бага багаар Раскольниковыг гэм нүгэлд нь урин дуудаад байгаа юм. Ер нүднээ харагдаад байх тусам үнэн рүү дөхдөг юм шиг ээ. Энэ бүх хөдөлгөөн бол аялгуунаас, гэрлээс, мэдрэмжээс л үүсдэг дээ. -Та дүр сонголт дээр ямар бодолтой байгаа вэ. Ялангуяа Раскольниковын дотор гагц ингээд орхихын аргагүй, илэрхийлэхийн туйлбаргүй тэмцлүүд өрнөж байдаг шүү дээ? -Ер нь, тайлбарлахын эцэсгүй маш олон зүйл байсан. Хүмүүсийн яриаг сонсож байгаа байдал, өөрийг нь гутаан доромжилсныг тэсэж тэвчиж гарах, там диваажин хоёрын хооронд хэр хол зай байдаг вэ гээд л. Би дүр сонголтод баярладаг. Хэрвээ Раскольниковын дүрийг Д.Лхагва ах биш 20-30 насны жүжигчин бүтээсэн бол тун өөр харагдана. -Яагаад? -Хөдөлгөөн, сэтгэл зүйн уналт босолт хүртэл өөр. Монголчууд “дөч гарсан эр, дөрвөө дарсан ат” гэж ярьдаг даа. Жүжигчний мэргэжлийг дан ганц дасгал сургуулилалт, сэтгэл хөдлөл, ур чадвараар давдаггүй юм. Үүнийг давахад амьдралыг туулж ирсэн мэдлэг туршлага, нөхцөл байдалд хандах хандлага, бусдыг сонсох, өрөөлд өөрийгөө хүргэж чадах ухаан хэрэгтэй. Тиймээс энэ олон тоглолтын явцад унахгүй, тэр олон шүүмжлэлд тэнцэж, магтаалд ташуурахгүй дүрээ бүтээж байна. Хэрвээ би байсан бол зарим өдөр үнэхээр хулчийх байх, хааяа хэтэрхий давуулан биелүүлэх гэж үзэх байсан даа гэж боддог. Үнэхээр тухайн жүжигчний хэлснээр дахин төрсөн гэдэгт нь би ч гэсэн итгэлтэй байна. Бидний нүдэн дээр өөрчлөгдөж байна шүү дээ. Үзэгчид ядаж үүний тухай бодоод гараасай. Хүн гэгч сэтгэлээрээ өдөрт хэд ч үхэж болно. Бодол бүрдээ ялагдаж үхэхийг хэн ч үгүйсгэхгүй. -Та бүхэн эх романаасаа хэр хол зугтаахыг оролдсон бэ. Мөн өөрөө Ф.М.Достоевскийн гүн ухааныг хэрхэн хүлээж авч байх юм? -Найруулагчийн багаар ярилцсаны гол цөм нь энэ байсан. Хүмүүст мессежүүдийг өгөхийн тулд оюун санаа, сэтгэлд нөлөөлж болох бүх деталийг имэрч үзсэн. Ингэх бүр роман руугаа орж, түүнийгээ үзэгчдэд тайлбарлах гэж оролдоод байв. Гэтэл түүнийг цоо шинээр жүжиг болгон бичсэн шүү дээ. Хамгийн гол нь бид сургуулилтынхаа дундаас мэдэрч чадсан юм. Раскольников Мармеладовыг гэрт нь хүргэж өгдөг хэсэг миний сэтгэлд тод үлджээ. Эхнэр нь Мармеладовыг харааж зүхэж байхад нус нь гоожчихсон уйлж байгаа дүүгийнхээ чихийг дараад буланд шигдэж буй эгчийн харц, түүнийг хараад зогсож буй Раскольниковын эмзэглэл. Энэ бүхнээс тэр айлын үнэр нь үнэртэж, чимээ нь сонсогдсон хэрэг. Тийм болохоор Ф.М.Достоевский нийгэм доторх авиаг, ахуйг маш сайнаар “Май энэ бол та нарын үнэн, бас балаг” гээд чулуудчихсан. Уншихад хүртэл хүнд роман шүү дээ. Орос хэлтэйсэн бол эх хэлээр нь уншихсан гэж хүсдэг. -Уран бүтээлчийн хувьд таныг дотроос тань түлхэж, дүрэлзүүлж, шатааж байдаг зүйл юу юм бэ? -Айхтар асуулт байна шүү. Өөр рүүгээ буцаад буугаад иртэл нам гацаж байна. Хэлбэр талаас нь яривал мэргэжилдээ эзэн байх. Хоёрдугаарт, театрын ёс зүй, хэм хэмжээг баримтлах юм. ¬Ер нь бодоод байхад эмзэглэл л намайг хөдөлгөдөг юм шиг байна. Эмзэглэлээс эргэцүүлэлд хүрч, эргэл­зээнээсээ шийдвэрт хөл тавьж байгаа. Үүнээс шалтгаалан өөртэйгөө хамт гуниглаж, ган­цаарддаг. Энэ бүхэн намайг хүчтэй байлгадаг, хүн болгодог. Ийм л байна даа, миний сэтгэл хөдлөөд байна. Өөрийн үзэгдлийн хувцсыг өмсөөд, бэлдээд ирэхээр маш хүчтэй болчихдог. Өнөөдөр гэхэд л би тайзны ард ханиалгаад байлаа. Ингэх бүрдээ санаа зовно. Гэхдээ жүжиг дуустал нэг ч ханиалгадаггүй. Сонин хүч л дээ. -Эрэгтэй, эмэгтэй дүрүүдийн хөдөлгөөн гайхалтай чамин, эр­чимлэг байсан шүү? -Түүнд зориулж, ийм зүйл заана гэж бодоод эхлэхээр ажил гараас гардаггүй. Нэг л сэтгэлд бууж өгөхгүй. Хөдөлгөөн бол харилцан яриан дундаас над руу өндийж байгаа эрчим энерги, зураглал. Таван Порфирий бол тэр чигээрээ зураглал, орон зайг туулах хөндлөн хэрээсүүд юм. Яагаад ч юм, далд ухамсраас “энэ тавыг ийшээ хөдөл­гөөч, ингээч” гэх мэтээр шивнэдэг. Тэд бол эрээлжлэл, солиорол шүү дээ. Харин эмэгтэй, эрэгтэй хүний бие махбод л өөр болохоос сэтгэл зүйн уналт, босолт, уярал адилхан. Тиймээс бүгд давхцаад ирэхээр өөрөөс гарах үйлдэл хар аяндаа л ороод ирдэг гэсэн үг. Зөв мэдэрч чадвал надаас эмэгтэйлэг хөдөлгөөн өөрийн эрхгүй үүсдэг. -Ер нь, энэ жүжигт хэчнээн дүр бүтээв ээ, үзэгчдэд сонин байна байх. Нуулгүй хэлэхэд би ч эхэндээ анзаараагүй. Яагаад юм бол гэж бодоод үзэхээр таны харц өөр, өөр байж л дээ. Аллагын зураглал үзүүлэхэд тийм догшин байсан харц төдий чинээний эрчээ алдсан л байгаа байхгүй юу? -Жүжиг төгсөх хүртэлх шилжилт, огтлолцол, зогсоцууд дээр жүжигчний нүдийг л харсаар байгаад дуусдаг гэж ярьдаг. Жишээлбэл, Заметов, манай нийгмийн доторх гавьяагүй гавьяатнуудын нэг төлөөлөл. Хийх ёстой зүйлээ л хийдэг. Гэхдээ Раскольниковтой бааранд уулздаг хэсэг дээр “би ойлгож байна,одоо больчих л доо” гэж түүнээс гуйхыг хүсдэг. Шүүх хурал эхлэхэд би сэтгэлдээ ямар ч тээшгүй Заметовын дүрээр орж ирсэн. Ээжийн захидлын хэсэгт бусдыг доромжилж, өрөөлийг дээрээс харахыг хичээдэг нийгмийн нэгэн болж гарч ирнэ. Түүнээсээ гараад Раскольниковыг Сонятай уулзахад ар нуруу нь болдог. Үүнийг хуулбар гэж ярьж болохгүй. Би тэнд Раскольников л байсан. Гэхдээ Раскольниковын эхний монологийг заавал дуустал нь үзчихээд ордог юм. -Яагаад гэдгийг нь тайлбар­лахгүй юу? -Тэр бол аллагын зураглалын дэвсгэр. Мөн барилгачдын яриаг ч сайн сонсох ёстой. Тэгж байж аллага үйлдэгчийн нүд, харц надад бий болно. Раскольников аллагын дараа гэртээ хариад цэл хүйтэн усанд толгойгоо дүрээд авсан юм болов уу эсвэл цусаа гартал хумсаа мэрээд суусан юм болов уу. Достоевский юу харсныг би мэдэхгүй л дээ. Хэцүү. Ярихад хүртэл сэтгэл хөдлөл маань шилжээд байна. Гэхдээ бид сценээсээ гарч ирээд тухайн сэтгэл зүйгээ устгах хэрэгтэй. Үгүй бол бидний сэтгэл зүйд өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй. Тиймээс өөрсдийгөө дандаа тайтгаруулж, тайвшруулж байх хэрэгтэй. Жүжигчдийг зарим нь энд тэнд явж байхад алив нэг инээлгээдхээч гээд “солиороод” байдаг шүү дээ. Бид чинь ажлаа л хийж байгаа хүмүүс. Яг тэр тайзан дээр өөр, бас дүрдээ эзэн байх учиртай. -“Гэм зэм”-ийн хөтлөн аваачих ертөнцийн тухай, үзэгчдийг ийш татан оруулах шалтгааны тухай яриагаар ярилцлагаа дуусгая гэж бодлоо? -Бид үгсээс илүү үйлдэл дунд амьдардаг. Заримдаа дотроо эрчилсэн шуургатай эсвэл тунчиг үзэсгэлэнтэй байгалтай, дүрэлзсэн улаан галтай янз бүрээр сэрдэг. Сэрэх нь хүртэл зовхины хөдөлгөөн, сэтгэлийн дамжлага. Өдөрт хар мянган хөдөлгөөн хийж байгаа. Ярилцахгүйгээр нэгнийхээ нүдний хөдөлгөөн, биеийн хэлэмжээр асар их зүйлсийг хоорондоо солилцдог. “Гэм зэм” жүжигт энэ онцлог шинжүүдийг дүрүүд өөрсдөө гаргаж ирж чаддаг. Харилцан ярианаасаа илүү хэн хэнийгээ яаж үнэлж байгаа нь хүзүүний хөдөлгөөн, алхаа гишгээнээс харагдана. Оросын соёлын төвд олон хүний мөр гарч байна. Өөрчлөлтийг хийх гэж хичээж буй бидний алхам, жүжиг үзэхээр ирж буй хүмүүсийн алхамтай нийлээд айл болгоны босгыг даваасай. Хэлэхийг зорьсон санааг маань тээгээд гэртээ, ажилдаа, өдөр болгон явдаг гудамжиндаа “шинэ мөр” гаргаасай гэж хүсэж байна. Гуниг дүүрэн амьдрал дотор инээмсэглүүлж чаддаг хүн байхад л бүх зүйл өөрчлөгддөг шиг. Гэхдээ л харьж очоод өнөөх харанхуй руугаа алхан орж ч мэднэ. Тухайн хүний сэтгэлд өчүүхэн гэрэл тээглээд үлдчихсэн байхад л харанхуйд бид төөрөхгүй. Манай жүжгийн гол томъёолол бол “харанхуйд төөрсөн хүн гэрэлт зурвасыг олж харлаа” гэх үг. Хүн бүр өөрийн амьдралын гэрэлт зурвасыг олж харах болтугай. Харах л чухал. Ийм зүйлсийн тухай яриад сууж байгаадаа баярлаж байна. Уран бүтээлчид тайзан дээр байдаг шиг ээ үргэлж сайн сайхны дуулал байж чаддаггүй юм шүү дээ. М.Дэвээжаргал