УЦС-ийн луйварчдыг Ард иргэд яллаа!

Монголын гол ус болгон дээр УЦС барина гэж дүвчигнэж, бохир бизнес хийх гэсэн бүлэг этгээдүүдийн санаархал өдрөөс өдөрт явуургүй болж байна.
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Харганатын голд УЦС барина гэсэн зальхай этгээдүүдийг нутгийн ардууд хөөн явуулж, үйл ажиллагааг нь зогсоожээ. Энэ бол маш сайн мэдээ юм! Ямар ч хэрэглэгч, шаардлагагүй үй олон УЦС барих мунхаг бизнесийнхэнд ард түмэн ингэж байр сууриа илэрхийлж байна.
 
Үүнээс өмнө, Монгол, Оросын нутгийн иргэд, ТББ-ууд хамтран гомдол мэдүүлснээр, Дэлхийн банк Шүрэнгийн УЦС-ийн ажилд зээл олгохоос татгалзаад байгаа. Тэгвэл Эгийн голын УЦС-ийн зээлийг олгохоо больсон тухайгаа БНХАУ мэдэгдсэн. Энэ нь ийм учиртай. Монголын УЦС-иудын ажил МИНИС буюу уул уурхайн дэд бүтцийг дэмжих төслийн хүрээнд хийгдэж байгаа, манай байгалийн баялагт эзэн суусан харийнханд л ашигтай. УЦС баригдах тусам манай баялаг ихээр цөлмөгдөж, Монгол дахь харийнхан улам хүчирхэгжиж, Монгол улс улам өрөнд орж, байгаль орчин, МАА цохилтод орох дүр зураг үзэгдэж байгаа. Гэхдээ бүр гайхалтай нь, эдгээр УЦС нь усгүй газар хүртэл баригдаж, ямар ч худалдан авагчгүй балгас болох байсан гэдэг нь сүүлийн үед тодорч байгаа юм. УЦС-ийн ажлыг хятадууд их дэмжиж ирсэн.
 
ОХУ-ын нутгийг хуурайшуулах мастер төлөвлөгөө буюу Монголын 22, түүнээс ч олон бололтой УЦС-ийг барих хүйтэн дайнд Хятад ил гарахгүй байсан тул оросууд манайхантай асуудлыг ярьж байсан. Гэтэл манайхан “ард хятад ах нар байгаа” гэж омогшоод дийлдэхгүй байсан. Бүр хоёр талын уулзалтын дараа “ОХУ УЦС-иудыг дэмжлээ” гэж худал мэдээлж, ОХУ-аас эсэргүүцлийн хариу мэдэгдэл гаргаж байсан. Сүүлдээ цөхрөөд, цаад шахаатай нь ярья гэж Путин шийдэж, нээлттэй арга хэмжээн дээр монгол, хятад нөхөд үүнийг анхаар, монгол хятад нөхөдтэй нухацтай ярина гэж хэлж байв. Нухацтай ярьсных нь дараа БНХАУ: “та нар оросуудтай учраа ол, бид зээл өгөхгүй” гэж мурин манай утсан хүүхэлдэйнүүдийг маш эвгүй байдалд оруулаад байгаа билээ.
 
Ард түмний эсрэг бизнес хийж хөлжих гэсэн нүд улаан, мөнгө цагаан болсон этгээдүүд ард түмэнтэйгээ байлдаж тулалдаад ч болсон балгас барихад бэлэн байгаа. БО-ныхныг ална тална гэж дүвчигнэж буй. Төсвийн мөнгөөр барина, даян дэлхийгээс бадар барина гэж байгаа. Гэвч энэ бол зөвхөн шаралхсандаа халуурч буй хэрэг. Цаад эзэд нь боль гэсэн юм чинь. Эсвэл нууцаар дэмжиж ч болох.
 
Гэвч олны хүч оломгүй далай. Шуналын тулмууд цөөхөн, ард түмэн гурван саяулаа. Цэнгэл суманд байдаг өвөг дээдсийн зусланд мэлтэлзэх 2500 метр өндөрт орших, цасны усаар тэтгэгдэх Хар Нуурыг Б.Дагвадорж гэгч цааш нь сэтэлж урсгаад усан цахилгаан станци барина гээд явж байсан. Харганатын голыг дээрээс нь урсгалыг нь өөрчилж Хар Нуур уруу урсгана, нутгийн ард түмэн зөвшөөрсөн гэж ярьж явсан. Харганатын эхэнд зусдаг 20-иод айлын хүмүүс “огт сонсоогүй, зөвшөөрөхгүй” гээд, тэднийг очиж эсэргүүцэн хөөж явууллаа. Харганатын голыг дагаад олон зуун айл, олон айлын хадлан бэлчээр байгаа. Одоо устай хэрнээ хадландаа сайн хүрэхгүй байгаа голыг, онгон байгаль нуурыг урсгаж яах гэсэн юм бол энэ хүн.
 
Орчин үед сэргээгдэх эрчим хүч, нар салхи гээд, олон боломж байна. Гэтэл жилийн ихэнх сард хөлдүү байдаг Хар нуурыг урсгана гэх.
Усгүй бол эрчим хүчээр ч яах юм билээ.
 
БИД НУТАГ УСАА ГЭХГҮЙ БОЛ ЦӨЛЖИЖ, ХОРДСОН ИРЭЭДҮЙ ТА БИДНИЙГ ХҮЛЭЭЖ БАЙГААГ БИТГИЙ МАРТААРАЙ.
 


URL: http://www.fact.mn/282291.html

,