Авлигын хэрэгт холбогдсон дарга “нэр дэвшинэ” гэнэ үү

Авлигатай тэмцэх газраас Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга асан Б.Пүрэвдоржид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байлаа. Тодруулбал түүний агентлагийн даргаар ажиллаж байх үед нь АТГ-аас Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 / Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулсан /, 150 дугаар зүйлийн 150.3 / буюу бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлэн онц их хэмжээний хохирол учруулсан /-т заасан үндэслэлээр буруутган, Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг. Гэвч энэ шалгалт юу болсон. Б.Пүрэвдорж буруутай юу үгүй юу гэдэг нь тодорхойгүйгээр сураг тасарсан юм.

Тухай үед буюу Б.Пүрэвдорж “ Надад АТГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь үнэн. Гэхдээ би буруугүй. Тиймээс ажлаа өгч шалгуулья гэж бодсон. Ер нь хууль хяналтын байгууллагад шалгуулах бол албан тушаалаа өгөөд шалгуулчихдаг улс төр, төрийн албаны шинэ соёл манайханд хэрэгтэй” хэмээн сүржин мэдэгдэж хийж, албан тушаалаа өгч байв. Мөн хуулийн байгууллага шалгаад гэм буруугүй гэж тогтоовол “улс төрд буцаж ирнэ” гэж хэлж байсан юм.

Гэвч Б.Пүрэвдоржийн хувьд төрд эргүүлэн татчихмаар, саашаан магтмаар тийм ч цэвэр хүн биш юм. Тодруулбал, тэрээр Баян-Өлгий, Буянт-Ухаа, Улаанбаатар хотын гаалийн байгууллагад байцаагч, ахлах байцаагч, албаны даргаар ажиллаж байсан бөгөөд төрийн ажилд хүндэтгэлгүй хандсан, удаа дараа урт хугацаагаар ажил тасалсан, хариуцлага алдаж байсан гэх шалтгаанаар 2010 оны 2 дугаар сарын 5-ны өдөр гаалийн байгууллагаас халж байжээ. Мөн 2012 оноос Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт ирмэгцээ асуудалд хутгалдаж байв. Жишээлбэл, нэгэн нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Би энэ албан тушаалд ирснээсээ хойш гурван зүйл дээр “Хүнд суртал” гаргана гэж бодож байгаа. Нэг нь 1990 оноос хойш Монгол Улсын эдийн засаг хүнд байхад гадаад руу зорьчихоод одоо эдийн засаг сайжирсан үед Монгол улсаа гээд эргэн ирж байгаа хүмүүст хүнд сурталтай хандана” гэж утга санаагаа оновчгүй илэрхийлж, олон нийтийн дургүйцлийг хүргэж байв.

Энэ асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, Засгийн газрын түвшинд сахилгын хариуцлага тооцож байлаа.

Тэгвэл удалгүй “Чингис хаан” Олон улсын нисэх буудал дээр олны нүдэн дээр зорчигч бүртгэлийн хэсгийн ажилтанг зодож танхайрсан хэрэг үйлдэл гаргаж байсан юм. Шалтгаан нь өөрөө бүртгэлгүй мөртлөө онгоц саатуулж, суухыг завдсан, улмаар шаардлага тавьсан албан хаагчид гар хүрч танхайрсан тухай мэдээлэл тухай үед ихээр цацагдаж байлаа. Ийм асуудал үүссэн гэдгийг өөрөө ч үгүйсгээгүй.

Ингэж явсаар авлига хээл хахуулийн хэрэгт холбогдож, АТГ-аас Эрүү үүсгэж, улмаар албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байсан юм. “Хүнд гар” байгаа биз.  Тэгвэл Б.Пүрэвдоржийн хувьд арай өөр бодолтой явдаг бололтой юм. АТГ-аас шалгагдаж буй асуудал нь ч бүрэн шийдэгдээгүй байхад төрийн албыг алгасч, иргэдийн итгэлийг хүлээж, улс их орноо удирдах үйлс гар бие оролцохоор сэтгэл шулуудаж, Ховд нутагт дахин нэр дэвшихээр болж л дээ.

Дахин гэдэг нь тэрээр Ховд аймгийн Ардчилсан намын дарга байхдаа 2012 оны УИХ-ын сонгуульд Кёкүшюзан Батбаяртай хамт нэр дэвшиж ялагдаж байсан юм. Тэгвэл 2016 оны сонгуульд дахин нэр дэвшиж даагаа нэхэх бололтой юм. Учир нь тэрээр Төрийн ордоноор эргэлдэж, Ерөнхийлөгчийн үүдийг сахих болсон байна.

Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн бага ангийн багшийн хүү гэдэг. Өөрөө ч Ерөнхийлөгчийн хуурай дүү гэж ярих дуртай. Мөн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Л.Гантөмөр нарын тэргүүтэй “Нэг ардчилал” клубын гишүүн. Тиймээс дээрх хүмүүсийн дэмжлэгтэйгээр УИХ-ын гишүүн болчихно гэж бодож явдаг бололтой юм. Гэвч түүнийг гишүүн болох эсэх асуудлыг иргэд, Ховд нутгийн ард түмэн л мэднэ шүү дээ. Ховдчууд өмнө нь итгэл хүлээлгээгүй “хүнд гар”-таа энэ удаа итгэл хүлээлгэнэ гэж үү. Юу л бол доо.

Ард Аюуш