Шүгэл үлээгчийг 100 мянгаас 1.5 тэрбум хүртэл төгрөгөөр урамшуулна

“Шүгэл үлээгч нь нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээж, мэдээллийг монгол хэл, өөрийн эх хэл, эсхүл сайн мэдэх хэл дээр бичгээр өгнө. Бичгээр өгөх мэдээлэл нь цаасан, эсхүл цахим хэлбэртэй байна”


Т.АМАРАА

УИХ-аар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхэд бэлэн болоод байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг энэ сарын 11-нд УИХ-ын даргад өргөн барьсан. Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн, мэдээлсэн, илчилсэн тохиолдолд хууль зүйн хариуцлагад татах, дарамтлахаас мэдээлэгчийг хамгаалах, шүгэл үлээгчдийг аливаа өш хонзон, гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох үүднээс уг хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл нь таван бүлэг, 22 зүйлтэй. Хуулийн төслийн зорилт нь нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах, түүний эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэж байгаа юм. 

Хуулийн төсөлд, шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах үйл ажиллагаанд баримтлах зарчим, шүгэл үлээх үйл ажиллагааны үндсэн зорилго, шүгэл үлээх хэлбэр, шүгэл үлээгчийн мэдээллийг хянан шийдвэрлэх процесс, шүгэл үлээгчийн баталгаа буюу хувь хүний нууцын хамгаалалт, аюулгүй байдал, шүгэл үлээгч эрхээ хэрэгжүүлэх явцад өөрөө болон түүний хамаарал бүхий этгээд бусдын өс хонзон, ялгаварлан гадуурхалт, хохирол учруулах, хохирол учруулж болзошгүй аливаа хэлбэрийн цээрлүүлэлтээс ангид байх зарчим, шүгэл үлээгчид үзүүлэх хамгаалалтын арга хэлбэр, түүнийг дэмжих талаар хэрэгжүүлэх арга хэмжээ, шүгэл үлээгчийг дэмжих, урамшуулах тогтолцоо, түүнд олгох мөнгөн урамшуулал, нөхөн төлбөрийн хэмжээ зэрэг зохицуулалтууд туссан байна. 

Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцод 2005 онд нэгдэн орж, УИХ-аар соёрхон баталсан. Тус конвенцын 33 дугаар зүйлд “Оролцогч улс бүр энэхүү конвенцын дагуу тогтоосон гэмт хэргийн талаарх баримт нотолгоог сайн санааны үүднээс, үндэслэлтэйгээр эрх бүхий байгууллагад мэдээлж буй этгээдийг аливаа шударга бус хандлагаас хамгаалах арга хэмжээг өөрийн дотоодын эрх зүйн тогтолцоонд нэвтрүүлэх асуудлыг авч үзнэ” гэсэн байдаг. Энэ бол Монгол Улс гишүүн орны хувьд мэдээлэгч, илчлэгчийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх үүргийг дэлхий нийт, олон улсын байгууллагын өмнө хүлээж байна гэсэн үг юм. Анх удаа санаачлан парламентаар хэлэлцэх гэж буй Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн онцлог заалтуудыг хүргэе.  

Энэ хууль нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжих талаар нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн этгээдийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцаанд үйлчилнэ.  “Шүгэл үлээх” гэж нийтийн ашиг сонирхлыг хохироосон, хохироож болзошгүй нөхцөл байдал, үйлдлийн талаар эрх бүхий байгууллагад мэдээлэл өгөх, өргөдөл, гомдол гаргах, тайлбар өгөх /мэдээлэл өгөх/-ийг хэлнэ. 

Шүгэл үлээж мэдээлэл өгөх - 6.1-д “Шүгэл үлээгч нь нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээж, мэдээллийг монгол хэл, өөрийн эх хэл, эсхүл сайн мэдэх хэл дээр бичгээр өгнө. Бичгээр өгөх мэдээлэл нь цаасан, эсхүл цахим хэлбэртэй байна” гэжээ. 

Дараах тохиолдолд мэдээлэлд хяналт шалгалт явуулахгүй байхаар хуулийн төсөлд тусгажээ. Илт худал мэдээллээр шүгэл үлээсэн, өмнө нь шалгуулж, үр дүнг нь мэдэгдсэн асуудлаар дахин шүгэл үлээсэн, цахим орчинд, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд ил болгосон үйл баримтаас өөр шинэ баримтгүйгээр шүгэл үлээсэн, шүгэл үлээсэн мэдээллийг хүлээж авахаас өмнө нийтийн ашиг сонирхлыг хохироосон, эсхүл хохироож болзошгүй нөхцөл үүсгэсэн үйлдэл, эс үйлдэхүйг холбогдох хуулийн дагуу хянан шалгах ажиллагаа явуулж эхэлсэн, эсхүл хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон нөхцөлд хяналт шалгалт явуулахгүй аж. 

Шүгэл үлээгчид шүгэл үлээсэнтэй холбоотойгоор хохирол учруулах, хохирол учруулж болзошгүй дараах үйлдлийг хориглохоор заасан байна. Тодруулбал, шүгэл үлээсэнтэй холбогдуулан албан тушаалыг нь бууруулах, албан тушаал дэвшүүлэхийг хязгаарлах, сахилгын шийтгэл оногдуулах, ажлаас халах, ажлаас чөлөөлөгдөхийг шаардах, өөрийн зөвшөөрөлгүй албан үүргийн хуваарилалтыг өөрчлөх, шилжүүлэх, цалин хөлсийг үндэслэлгүйгээр бууруулах, ажлын үр дүнг үнэлэх болон шагнал, урамшуулал олгоход ялгаварлан гадуурхах, шүгэл үлээгчийн ажилд хууль бусаар хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын үр дүнг ил болгох, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, цуцлах, хүчингүй болгох, бараа, ажил, үйлчилгээний гэрээг цуцлах, шүгэл үлээгчийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх захиргааны болон эдийн засгийн бусад арга хэмжээ авах, шүгэл үлээгчийн ажлын байр, аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой хохирол учруулах, хохирол учруулж болзошгүй бусад үйлдэл, эс үйлдэхүйг хориглохоор заасан байна. Шүгэл үлээгч нь дээрх нөхцөл бүрдсэн гэж үзвэл эрх бүхий байгууллагад гомдол гаргаж болох ажээ.


Шүгэл үлээгчийг дараах тохиолдолд хариуцлагад татахгүй 

11.1.Төрийн албан тушаалтан нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа авлига, ашиг сонирхлын талаар олж авсан мэдээллээр нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн бол төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүвь хүний мэдээллийг хамгаалах хууль тогтоомжоор тогтоосон хязгаарлалт хамаарахгүй.

11.2.Энэ хуулийн 11.1-д зааснаас бусад этгээдийн нийтийн ашиг сонирхлын төлөө өгсөн мэдээлэл түүний ажилтай нь холбоотой байгууллагын болон хувь хүний нууцын мэдээллийг агуулсан бол шүгэл үлээгчийг бусад хууль тогтоомж, хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан ажил мэргэжлийн хүрээнд нууц хадгалах үүргээ зөрчсөн гэж үзэхгүй.

11.3.Шүгэл үлээгчийн өгсөн мэдээлэл нь нийтийн ашиг сонирхолд холбогдох хуулиар хамаарахгүй  болохыг тогтоосон, бусад хууль тогтоомж зөрчөөгүй бол шүгэл үлээгчийг мэдээлэл өгсөнтэй нь холбогдуулан Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад хуульд заасан хууль зүйн хариуцлагад татах үндэслэл болохгүй.

Харин дараах тохиолдолд шүгэл үлээгч эрх бүхий байгууллагад мөнгөн урамшуулал авах өргөдлөө гаргаж болох аж. Авлигын эсрэг хуулийн 33.2-т заасны дагуу улсад хохирол учруулсан этгээдийн эд хөрөнгө, орлогыг хураасан, хуульд заасны дагуу зохих торгох ял, торгох шийтгэл оногдуулсны дүнд төлөх ёстой байсан төлбөрийг төлүүлсэн, эрх бүхий байгууллага шүгэл үлээгчийн ирүүлсэн өргөдлийг хүлээн авснаас долоо хоногийн дотор Мөнгөн урамшууллын зөвлөлөөр өргөдлийг хэлэлцүүлж шийдвэрлэх юм байна. Мөнгөн урамшууллын зөвлөлийн олгох дүн нь, тавин сая хүртэл төгрөгийн 15 хувийг, тавин саяас хоёр зуун тавин сая хүртэл төгрөгийн 10 сая төгрөг дээр 50 сая төгрөгөөс давсан дүнгийн 12 хувийг, хоёр зуун тавин саяас нэг тэрбум хүртэл төгрөгийн 36 сая төгрөг дээр 250 сая төгрөгөөс давсан дүнгийн 10 хувийг, нэг тэрбумаас хоёр тэрбум хүртэл төгрөгийн 113 сая төгрөг дээр нэг тэрбум төгрөгөөс давсан дүнгийн зургаан хувийг, хоёр тэрбум, түүнээс дээш төгрөгийн 173 сая төгрөг дээр хоёр тэрбум төгрөгөөс давсан дүнгийн дөрвөн хувийг олгохоор тус тус тусгажээ.  Мөнгөн урамшууллын хэмжээ нь 100 мянган төгрөгөөс нэг тэрбум 500 сая төгрөг хүртэл байхаар хуулийн төсөлд заажээ. 

Түүнчлэн Авлигын эсрэг хуулийн 4.1-д заасан этгээд албан үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн мэдээллээр шүгэл үлээсэн тохиолдолд энэ хуулийн 16.4-т заасан мөнгөн урамшууллын хэмжээний 50 хувийг тооцож олгохоор заасан байна. 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин