Л.Мөнхзаяа: Надад хот, хөдөөгийн ялгаа байхгүй

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын С.Магсаржавын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн дүрслэх урлагийн багш Л.Мөнхзаяатай ярилцлаа. Тэрээр сургуулийнхаа номын буланг хэрхэн тохижуулснаа “Book cafe Mongolia” бүлэгт нийтэлж, олны талархлыг хүлээсэн юм.

-Та хэрэгжүүлж буй “Номч хүүхэд” төслийнхөө талаар товч танилцуулаач?

-Төслийн санаачилгыг Хутаг-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ж.Ариунаа өмнө нь гаргачихсан байсан. Сургуулийнхаа захиралтай уулзаад л төслийнх нь талаар сонссон. Танхимын хоосон хана надад үзүүлж, энд номын булан байгуулъя гэдэг санал тавьсан. Хөрөнгө мөнгөнөөс болж хойшлоод байсан уг төслөө бид элдэв хүндрэлгүй амжилттай хэрэгжүүллээ. Би дизайнер мэргэжилтэй. Анхны цалингаараа булангаа зурж, янзалсан. Түүнийгээ өөрийн цахим хуудсаараа дамжуулж “Book cafe Mongolia” бүлэгт нийтэлсэн. Ингээд л олон хүнд хүрч, “Номч хүүхэд” төслийг маань дэмжсэний ачаар Улаанбаатар орж, найман хайрцаг номтой ирсэн. 

-Таны бичсэн зүйлийг олон нийтийн хуудаснууд хандалт авах зорилгоор олноор нийтэлсэн. Сайнаас гадна бас муу сэтгэгдлүүд ч байсан биз. Эмзэглэв үү?

-Хүмүүс хуулбарлан энд тэнд тавьсан нь надад сайн юм болсон. Саяхан Дархан хотоос ээжийнхээ төрсөн нутагт ном хандивлая гэж нэг эмэгтэй холбогдсон. Мөн “Ирмүүн” хэвлэлийн газрын захирал өөрийнхөө комик цувралуудыг өгөхөөр болсон. Энэ мэт хүмүүс ном хандивлахаар ярьж байна. Муу нь гэвэл намайг гадаадад муу сураад хөдөө багшилсан гэсэн. Тиймэрхүү зүйлийг тоохгүй байгаа.


-Та Италид урлагийн сургуульд сурч байсан. Хөдөөг зорьсон нь хүмүүст иймэрхүү сэтгэгдэл төрүүлсэн байх л даа?

-Би МУБИС-ийн дүрслэх урлаг, дизайны ангийг төгсөөд арван жил мэргэжлээрээ ажиллаж байгаад гадаадад сурахаар явсан. Коронавирусын цар тахлын улмаас Монголд ирээд удаагүй. Хөл хорионд байх хугацаандаа Хутаг-Өндөр сумын захиралтай холбогдож “Танай сумын байгаль таалагдаад, сайн дураараа багшилмаар байна. Орон тоо байхгүй бол дугуйлангийн багшаар ч болтугай ажиллая” гэж хүсэлт тавьсан. Ажиллах хүсэлтийг маань сургуулийн удирдлага зөвшөөрч, дүрслэх урлагийн багшаар хүлээн авсан. Булган аймгийн байгаль нь их таалагдсан учраас энгийн сайхан амьдрахаар шийдэж, Хутаг-Өндөр суманд ирлээ. Би таван жилийн дараа бие даасан үзэсгэлэнгээ гаргах төлөвлөгөөтэй. Ажлаа энэ газарт хийж, урлангаа байгуулахаар хичээж байна. Тиймээс эндээ шилжиж, амьдрах хүсэлтэй. Өмнө нь хүүхдүүдтэй ажиллаж үзээгүй байсан ч бага ангийнхантай ажиллах үнэхээр сайхан юм.

-Тэгвэл анхнаасаа хөдөө амьдрах сонирхолтой байжээ.

-Олон жилийн өмнөөс хөдөө амьдрах талаар бодож эхэлсэн. Гадаадаас ирээд хорионд байх хугацаандаа амьдрах газраа судалж, “Хөдөө амьдаръя” бүлгийн админтай холбогдсон. Ч.Батцэцэг гэх эмэгтэй надад амьдрах газар сонгоход тусалж, олон зүйлд зөвлөгөө өгсөн. Ингээд Булганы Хутаг-Өндөрт ирсэн дээ. Би идэвхтэй байж, амьдарч байгаа газрынхаа талаар мэдээллүүдийг олон нийтийн хуудсандаа оруулна. Ингэж надтай адил мэргэжилтэй, хүсэл сонирхолтой хэн бүхнийг хөдөө ирж амьдраасай гэж уриалахыг хүсдэг. Байгалийн сайханд бухимдахгүй,сэтгэл амар ажиллах чинь сайхан шүү дээ.


-Гадаадад мэргэжил эзэмшсэн хүмүүс ихэвчлэн тухайн орондоо үлдэх эсвэл томоохон газар ажиллаж, амьдрах хүсэлтэй байх шиг санагддаг.

-Үгүй ээ. Анхнаасаа тэгж бодоогүй. Долоон жилийн өмнө Италийн Перужа хотын Дүрслэх урлагийн академид элсэж, сурах хугацаандаа үргэлж тэтгэлэгт хамрагдаж, онц төгссөн. Уг академи 1573 онд байгуулагдсан 400 гаруй жилийн түүхтэй Италийн хоёр дахь академи. Би уран зургийн зураасан зургаар мэргэшсэн. Би чинь сургуульдаа нэр хүндтэй сурч, 2018-2019 оны академийн шилдэг оюутан болж, 2000 еврогоор шагнуулж байлаа. \инээв\ Багшлахаас гадна “Мөнхийн үсэг” болон “Bat Solution Partners”-ийн график дизайныг давхар хийдэг. Одоо багшилж байгаа сургууль маань 95 жилийн түүхтэй, 800 гаруй хүүхэд суралцдаг том сургууль. Надад хөдөө, хотын ялгаа алга. Бас Монгол-Италийн төвд дизайнер хийж байгаа. Тиймээс завгүй, ачаалал ихтэй л байна даа. 

-“Номч булан” төслийг зөвхөн Хутаг-Өндөрт гэлтгүй хөдөөгийн дараа дараагийн сумдад хэрэгжүүлмээр санагдсан?

-Багшилж эхэлснээс хойш цаг хугацаа харвасан сум шиг завгүй өнгөрч байна. Гэхдээ ханын чимэглэлийг үзээд баярлах багш, хүүхдүүдийг харах хамгийн сайхан нь байлаа. Булангийн загвараа ном уншингаа хүсэл мөрөөдөл нь дэлхий ертөнцөөс хальж, өөр өөрсдийнхөө ертөнцийг нээж, хязгааргүйгээр сэтгэж, мөрөөдөөсэй гэж бодоод сансар огторгуйн сэдэвтэй хийсэн. Чимэглэлийн ажлыг эхлүүлсний дараа сургуулийн төгсөгчдөөс сургуулиа тохижуулах саналууд ар араасаа гарч ирж байгаад нь маш их баяртай байна. Одоогоор 2005 оны төгсөгчид номын булангийн тохижилтын ажлыг хийж өгөхөөр болсон. “Номч булан”-гаа номоор дүүргэнэ. Дээрээс нь илүү гарсан номуудаа өөр сумдад хандивлах зэргээр төслөө үргэлжлүүлэхээр төлөвлөсөн зүйл олон бий.

-Та одоо ч ном цуглуулсаар байгаа юу? Номын булангаас гадна өөр юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Тийм ээ. Шведээс нэг эгч мөнгө өгье гэхээр нь үгүй ээ, ном л хандивлаж болно гэсэн. Энд хичээлийн болон зургийн хэрэгсэл авах боломжгүй хүүхдүүд олон байдаг. Тиймээс зургийн хэрэгсэл ч гэсэн авах хэрэгтэй юм байна гэж бодсон. Жишээлбэл, ангидаа зургийн хэрэгсэл аваад зөвхөн хичээлд, сурагчдаа хөгжүүлэх цаг дээр хэрэглэнэ. Хүүхдүүд зургаа зурчихаад эргүүлээд тавих байдлаар. Сумын сургуулийн багш хийсэн гэвэл миний бүтээсэн зүйл олон хүнд хүрэхгүй ч байж магадгүй. Италид сураад ирсэн гэхээр л олон хүнийг хамарсан юм шиг байна лээ. Өглөө хичээл орж байгаад хүүхдүүдээсээ та нар ном унших дуртай юу? гэхэд бүгд л дуртай гэж хариулсан. Тэгэхээр мэдээж төслөө цааш үргэлжлүүлнэ.