Үүл даргын үед унах минь бага байж шүү, Су дарга аа!!!

Сүүлийн өчнөөн жилийн хугацаанд болоогүй их хүйтрэлт болж, цас их унана гэдгийг мэргэжлийн байгууллагынхан сануулсаар байсан авч хотын захиргаанаас дорвитой арга хэмжээ аваагүйн улмаас гудамж нилэнхүйдээ тэшүүрийн талбай болоод байна.

Өнгөрсөн нийгэмд ч амьдрал сайхан байлаа шүү гэдэг шиг л юм болж байна. Уг нь бол би аль болох өнгөрсөн үеэ санагалзаж зууралдалгүй амьдрахыг хүсдэг хүн л дээ. Гэтэл энэ өвөл ч өнгөрсөн жилүүдийн өвлөө санаад л гиюүрч суух янзтай. Үүнийгээ саяын хэд хоногт орсон их цас, огцом хүйтэн, их халтиргаанаар л ухаарлаа.

Сүүлийн өчнөөн жилийн хугацаанд болоогүй их хүйтрэлт болж, цас их унана гэдгийг мэргэжлийн байгууллагынхан сануулсаар байсан авч хотын захиргаанаас дорвитой арга хэмжээ аваагүйн улмаас гудамж нилэнхүйдээ тэшүүрийн талбай болоод байна. Зарим сүйхээтэй нэг нь эртхэн шиг тэшүүр худалдаж авах тухай ярьж байна гэсэн. Ингэснээр унааны мөнгө хэмнэх сайн талтайг ч бас тэд тооцоолж л дээ. Гэтэл бид чинь XXI зууны тусгаар улсын төв хотод амьдарч байгаа юм болохоор унаа тэрэгтэйгээ тухтайхан явж, нийслэлийнхээ гудамж талбайг харангаа алхмаар санагдаад байх юм, эрхэм хотын дарга аа. Яаж ч хичээгээд гэвч болохгүй л байна, Су дарга минь. Та санаж сэдсэнгүй юу, эсхүл доод хүмүүс тань ажлаа хийхгүй байна уу? Өөрөө та хүрз барьж шоудахаасаа илүүтэй давс, бодисоо ахиухан цацуулбал ард иргэдэд хэрэгтэй гэдгийг та надаар хэлүүлэх юун. Ямартаа ч хотын замаар дүүрэн мөргөлдсөн машин, гудамжаар дүүрэн “Галбирын халтиргаа” хийж тас гэдэргээ савж унасан хүмүүс байна. Мэдээж үүний улмаас ганцхан байгаа ГССҮТ ачааллаа дийлэхгүй байгаа нь ойлгомжтой.

Су дарга аа/эсвэл Су.Батболд гэж тодотгох уу?/ эртхэн шиг цас, мөснийхөө асуудалд анхаарлаа хандуулахгүй бол давс сайн цацаж сурсанаар нь Давгаа аваргаар таныг солих тухай яриа ч сошиал ертөнцөөр гарч байгааг дуулгая. Тэгээд ч

Цастай өвөл, мөстэй өвөл... гэдэг чинь хүүхдэд зориулж бичсэн шүлэг болохоос хотын гудамжинд халтирч уначихаад зохиочихсон зүйл биш юм шүү.

Т.ДАРХАН