МАШ ТОДОРХОЙ…

Тодорхой юм ярьдаг мөртөө тодорхой бус байлгаад байгаа хүмүүс нь улстөрчид болохоор тэдэнд хаяглав Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлагаар төр хувийн хэвшлийнхэнтэйгээ чуулалдав. Жилдээ нэг хоёр удаа иймэрхүү хурал хуйгаа хийдэг нь жам. Эдийн засгаа л эрчимжүүлэх зорилготой чуулга уулзалт. Харамсата нь иймэрхүү уулзалтаас хувийн хэвшлийнхэн нь бодитой үр дүнг хүлээдэг. Тодорхой шийдвэрүүдийг гаргаад хаана нь түгжрээ хаана нь гацаа байгааг олоод төрийн хараа хурц, гаргасан хууль тогтоомжууд нь түргэн шуурхай байгаагаас л гэдэг баялаг бүтээгчдийн чин хүсэл. Хувийн хэвшлийнхэн нь маш тодорхой саналыг гаргаж байна. Маш тодорхой шүү Бид цөөхүүлээ тэгэхээр гуравхан сая ард түмэнтэй монголчууд талцаж хуваагдаад тамын тогооны үлгэрээ үргэлжлүүлээд үхрийн шуудайнд хийсэн эвэр шиг байсаар байтал хөгжлөөрөө энэ тэнцүү байсан улсууд хэдийнэ биднийг ардаа орхиод тоосоороо булж одлоо. Сүүлийн үед хамгийн ихээр ажиглагдаж байгаа асуудал бол сошиал болон цахим сувгаар ажлаа хийдэг дарга анги бий болж байгаа нь харамсалтай. Маш ухвар мөчид шийдвэр гаргадаг. Мөнөөх гаргасан шийдвэрүүдээ маш богино хугацаанд цуцалж бас өөр нэгэн шийдвэр гаргаж байгаа нь хувийн хэвшлийнхнийг ажиллах боломжид сөргөөр нөлөөлж байгааг Шунхлай группын ерөнхийлөгч П. Батсайхан ил цагаан хэлэв. Үнэндээ ч монгол төрийн ажил цахим засаглалд шилжих бус цахим хөөсрөлтөнд шилжчихээд тун чиг удаж байгаа. Ажлын байрны илүүдэлтэй ажиллах хүн олдохгүй байна гэдэг яриаг улстөрчид ихээр хэлж нийгэмд ч иймэрхүү байдлаар залуусаа адлах бас зүхэх болоод удаж байна. Үнэндээ бол ажлын байр нь их байгаа гэх мөртөө ажиллах хүчинд олгож байгаа цалин хөлснийхөө асуудлыг тэд нэг ч удаа дуугардаггүй. Өдрийн тавин мянган төгрөгөөр ажиллах хүн олдохгүй байна барилга дээр гэдэг. Үнэндээ бол өдрийн тавин мянган төгрөгөөр барилга дээр залуусаа ажлуулах гээд зандарч суухын оронд үндэсний хэмжээний хөдөлмөрийн зах зээлийн бодлогоо харах нь зүйд нийцнэ. Хөдөлмөрийн харилцааг зохицуулж байгаа хөлсийг ч эргэн харах цаг нь болсон. Чадалтай чадвартай залуусаа төр нь дэмжээд өгөх юм бол өнөөдөр монгол улс халамжийн улсаас бүтээгч улс болох боломж нь бүрэн бий гэдгийг харьд ажиллаж байгаа хэдэн зуун мянган монгол залуус бэлхнээ баталж байна. Тэднийг дарамталдаггүй татварын бодлого хөдөлмөрийн хөлсийг хамгийн бодитойгоор үнэлсэн орчин байгаа учраас монгол залуус харийн оронд ажиллахыг хүсэж ажиллаж байгаа нь эх орондоо эргээд ирэх хүсэлгүй байсаар байна. Авлига бууруулна. Төр аж ахуйн нэгжүүдээ дарамтлагч бус үйлчлэгч байна гээд л яриад байгаа мөртлөө зам дээр тээврийн хэрэгсэлтэй яваа иргэний халаасыг ухаад ир гэдэг үүргийг зохицуулагч нартаа монгол төр өгнө. Өдрийн торгууль хураамж оногдуулах лимит тогтоогоод түүндээ хүрэхгүй бол төр хөдөлгөөн зохицуулагч нарынхаа цалинтай цаашлаад албан тушаалтай нь ярина. Ийм л гажиг гэмээр тогтолцоог монгол төр өөрөө далд хэрэгжүүлэх мөртөө авлига бууруулна, аж ахуйн нэгжүүдээ дарамтлах бус хамтдаа хөгждөг агентлагуудтай байна гэж ярих. Үнэндээ бол өнөөдөр монгол төрийн далд гэмээр энэ л тогтолцоо нь өөрөө монголын нийгмийн монголын хөгжлийн хамгийн том гацаа нь гэдгийг төрийн гурван өндөрлөг минь мэдүүштэй. Дарга сайдаас хамаарсан тогтолцоотой бус харин дарга сайдаас хамааралгүй нийгэм л хамгийн хурдацтай хөгжиж байгааг сануулах нь зүйтэй. Маш тодорхой гаргасан бизнесийн салбарынхны саналыг маш тодорхой байдлаар хуулиндаа тусгаад хэрэгжүүлэх юм бол энэ улс хөгжинө. Харин маш тодорхой бус олон асуудал нийгэмд байгаа, хариуцлага хүлээдэг хуулийн зохицуулалт нь хаа хаанаа алдагдчихаад байгаа учраас энэ улсын түмэн олон бухимдалтай байна.