Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд цэцэрлэгтэй болно

Дархан-Уул аймагт цэцэрлэгийн  насны 7000 хүүхэд байдгаас 56 нь хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээр хүүхдүүд тусгай арчилгаа, сувилгаа шаарддаг. Хүүхдээ асрахын тулд эцэг эхийн аль нэг нь ажлаасаа гардаг байна. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сургуулийн өмнөх тусгай боловсрол олгодоггүй буюу тэднийг цэцэрлэгт хамруулдаггүй ажээ. Тиймээс Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/ Дархан-Уул аймгийн долдугаар цэцэрлэгийн дэргэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан анги, сэргээн заслын төв байгуулахаар болсон байна. ТИКА барилга угсралтад 35 мянга орчим  ам.долларын хөрөнгө оруулалт хийн, хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дуусгахаар төлөвлөжээ. Шинэ анги, сэргээн заслын төв байгуулснаар улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгодог улсын хоёр дахь цэцэрлэг бий болох гэж байна.