Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар утсаар ярьсан талаар Кремль мэдээллэв

Тус ярианы онцлох хэсгүүдийг тоймловол:
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Монгол Улсад вакцин нийлүүлэх" асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас 2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн захидлыг хүлээн авсан тухайгаа дурдаад:
-Монгол Улсын Ерөнхийлөгч болон Монголын талаас ирүүлсэн бүх хүсэлтийн хүрээнд Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон хувийн хэвшлийнхэнтэй вакцин нийлүүлэх гэрээ байгуулж байгааг мэдэгдсэн байна.
Мөн Ерөнхийлөгч Путин: "Хоёр орны түүхэн харилцааны онцгой ач холбогдлыг харгалзан үзэж, Монгол Улсад тэргүүн ээлжинд вакцин нийлүүлэхэд анхаарал хандуулж ажиллана." гэдгээ яриандаа онцлон тэмдэглэлээ гэж Кремлийн мэдээлэлд дурджээ.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-ын талд тавьсан “Спутник V” вакциныг Монгол Улсад үйлдвэрлэх санал, түүнийг хэрэгжүүлэх боломжуудын талаар талууд санал солилцсон байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Ерөнхийлөгчийн тус саналыг дэмжиж, вакцин үйлдвэрлэх боломжийг судлах "ажлын хэсэг" гаргахаар болжээ.
Ярианы төгсгөлд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгчтэй ойрын үед биечлэн уулзах боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ гэж Кремль мэдээлсэн байна.