СОНГУУЛЬ ДӨХӨХӨӨР Л УРЛАГ, СПОРТ, ХЭВЛЭЛИЙНХНИЙ МАН-Д БЯЛДУУЧИЛДАГ ХУУЧ НЬ ХӨДӨЛДӨГ

Ард түмнийг урлагаар дамжуулж соёлжуулж, гэгээрүүлэх үүрэгтэй хүмүүс нь нам дагаж “салхи”-лаад, нэг даргыг ам хуурайгүй магтах нь үзэгчдэдээ эвгүй сэтгэгдэл төрүүлдэг. Хэрвээ нэг намын дэглэмтэй байсан бол ингэж болох байсаан.

Энэ жил сонгуультай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Ер нь сүүлийн олон олон сонгуулийг ажиглахад сонгуулийн сураг дуулдахтай зэрэгцээд л урлаг соёлынхон, спортынхон, бөхчүүд, зохиолч, яруу найрагчид, дээрээс нь хэвлэл мэдээллийнхэн гээд Монголын гялайж гялтайсан болгон МАН-ын хормойноос зүүгдээд л дагаад явчихдаг. Энэ нь сүүлдээ бүр ужгирч, хууч өвчин маягийн юм болоод сонгуультай жилийн хавар урлаг, спорт, хэвлэлийнхний МАН-д бялдуулчилдаг хууч нь сэдэрдэг. Манай нийгмийн арай гайгүй гэж болохоор үлгэр дуурайлал үзүүлдэг, олны нүднээ ил байдаг эрхмүүд яагаад ингэж нэг нам руу хошуурдаг “өвчин”-тэй болсныг ажиглавал, 1989 он хүртэл МАН-ыг МАХН байхаас нь дэмжиж ирсэн тэр хуучны энерциэрээ л давлагаалаад яваад байдаг юм билээ. Тэр үед ганц намын хүчтэй дарангуйлалтай байсныг ч хэлэх үү, захиргаадалттайг ч хэлэх үү одоогийнхоос өөр нийгэм байсан л даа. Гэтэл 30 жил өнгөрөөд бие нь тэр нийгмээсээ хэдийнэ салчихсан байхад оюун санаа, үзэл нь нэг намын дарангуйллаасаа уяатай хэвээр байгаа учир Ардчилал гарч ирсний утгыг алдтал хуучин нийгмийн тоосгоо үзэл бодлоороо нэг нэгээр нь зөөгөөд авчраад байх юм. Хэзээ хүртэл ингэж явах юм бэ, урлаг соёлынхоон, спортынхоон, хэвлэл мэдээллийнхээн! Ард түмэнд хэрэгтэй юм хийе, бүтээн байгуулалтыг зоригтой эхлүүлье гэсэн намыг олон түмний дэмжлэг авахад нь туслаад, МАН-тайгаа ижилхэн дэмжээд явж болдоггүй юм уу. Бусад намыг дайсан мэт үзээд есөн шидээр нь муулж, доромжилцгоох юм. Олны танил эрхмүүд ээ, та нарын энэ шударга бус хандлага, алагчаалах үзэл хэт хоцрогдсон, бүдүүлэг харагдах юм байна шүү дээ. Адилхан л шударга дэмж л дээ. Та бүхний энэ хэт нэг талыг баримталсан, бусдыг нь гутаасан үйлдэл аль хүртэл үргэлжлэх юм бэ. Аль юм болгон ингэж талцах гээд, талцуулах гээд байгаа юм, ард олныг. Та нарын ингэж талцаж дайсагнасны чинь үр болох сүүлийн 30 жилийн хөгжил цэцэглэлтэрхүү юмаа хар даа...Намчирхаад л, хэдэн хүнийг тахин шүтэж хуйларцгаагаад л, өөр бусдыг нь өрөөсөн нүдээрээ ч тоож харахгүй өстөн мэт адалж, шороотой нь хутгачихаад байна. Урлаг, спорт, хэвлэл мэдээллийнхний ингэж нэг намыг шүтэж, бусдыг эс тоон гишгэлсний гор бол өнөөдрийн энэ нийгэм. Намчирхлаараа бүтээсэн нийгмийнхээ царайг тогтож хараач. Та нар үүндээ тэгээд сэтгэл хангалуун байгаа юм уу? Монголын хөгжил удаан, ядруу байгааг хүн бүр ярьж, буруутныг нь, эзнийг нь хайцгааж байна. Улсыг дотроос нь сулруулж, хөгжлийг удаашруулж байгаа гол хор бол намчирхах үзэл, намаар талцах үзэгдэл. Улс орныг хөгжүүлэхгүй, үзэл санаагаараа хуваагдалд ороход нөлөөлж байгаа хүмүүс бол нэг намыг дагагч урлаг, спорт, хэвлэл мэдээллийнхэн та нар шүү.

Байг, энэ бол бидний эрхийн асуудал. Юугаа тахин шүтэж, ямар намаа дагах нь хувийн асуудал гэх байх. Тийм ч байх. “Одод” гэгддэг дуучид, жүжигчид, тамирчин, бөх, зохиолч гэх мэтийн олны танил хүн нэг намыг ингэж хатуу дагаж, хэт улстөржих нь эргээд уран бүтээл, спортын амьдралд нь таагүй нөлөөлж, шүтэн бишрэгчдээ алдах, цаашлаад хувийн бизнест нь сөргөөр нөлөөлөх зэрэг муу талтай. Ийм наана, цаана юмыг боддоггүй хэрэг үү. Одоохондоо нөлөөлөхгүй авч яваандаа үзэгч, олон нийт үүнийг чинь анзаарч зайгаа барьж эхлэх нь мэдээж. Ер нь аль ч салбарт гялалзаж яваа хүн улс төр рүү орохоороо, улс төртэй хэт хутгалдахаараа хөдөлмөрлөж олж авсан анхны нэр хүндээ гээж, тэгсхийгээд олон нийтийн зүгээс олигтой үнэлэмж авахаа байгаад мартагдаж орхигддог жишээ олон бий. Улс төрд амжилт олохгүй болохоор урлаг, спорт, ажиллаж байсан хэвлэл мэдээллийн салбартаа буцаад ирэхээр анхных шигээ гялалзаж чадах орон зайгүй болж, хэн ч хүлээж авдаггүй болчихдог юм.

Манай урлагийн томчууд, Ардын жүжигчид, Төрийн шагналтнууд, олимп, дэлхийн аваргын медальтнууд, авьяаслаг яруу найрагчид, гавьяат тамирчид, улсын цолтой бөхчүүд, хэвлэл мэдээллийн байгууллагын нүүр царай болж байсан хүмүүс илт улайм цайм бүгд ганц л намыг тэнгэрт тултал магтдаг. Олон хүнийг жишээлж болж байна л даа. Тэрэн дундаас “Х-Түц” хамтлагийн захирал, гавьяат жүжигчин Н.Онон сошиалд нэг намыг илтэд дэмжиж, бусад руу нь элдэв үгээр дайрдгийг хүмүүс мэддэг болж, дургүйцлээ илэрхийлэх нь сүүлийн үед ихэслээ. Нэг үгээр үзэгчид, шүтэн бишрэгчдэдээ муухай харагдаж эхэлж байгаа нь тэр юм. Тэр хүн ямар нам шүтэх нь эрхийн асуудал. Гэвч нөгөө талдаа энэ хүн олны танил, хошин шогийн жүжигчин гэдгээрээ ард түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн хүн. Гэтэл хайрлаж, хүндэтгэдэг жүжигчин нь байнга нэг намыг магтаж, бусдыг нь доош нь хийсэн хандлага үзүүлэх нь хувь жүжигчнийх нь рейтингээс гадна хамтлагийнх нь нэр хүнд, цаашлаад хамтлагийнх нь бизнест ч сөрөг байдлаар тусах магадлал өндөр.

Ард түмнийг урлагаар дамжуулж соёлжуулж, гэгээрүүлэх үүрэгтэй хүмүүс нь нам дагаж “салхи”-лаад, нэг даргыг ам хуурайгүй магтах нь үзэгчдэдээ эвгүй сэтгэгдэл төрүүлдэг. Хэрвээ нэг намын дэглэмтэй байсан бол ингэж болох байсаан. Намдаа үнэнчээ харуулаад үүнээс ч илүүг үзүүлж болох байсан шүү. Гэтэл өнөөдөр бид Ардчилсан цаг үед амьсгалж байна. Та нарын амьдраад байгаа наад нийгэм чинь ард хоцроод 30 жил боллоо. Одоо наад нийгмээсээ гарч ирээд бусад хүмүүстэйгээ хөл нийлүүлцгээ. Энэ үед 30 жил байтугай гурав хоногийн дараа юу болохыг хэн ч мэдэхгүй, аль нам нь юу болохыг урьдчилан таамаглах боломжгүй. Үлгэр дуурайлал авч, өмссөн хувцсыг нь хүртэл даган дуурайдаг бүхэл бүтэн олон нийтийг араасаа дагуулдаг эрхэм хүмүүс байж нам дагаж талцдаг байдлаа олны танил, урлаг, спорт, хэвлэл мэдээллийнхэн больж үз. Та бүхнийг дагаад ард түмэн талцаад байна. Нам дагагч ийм хэсэг бүлгийг Монголд намчирхах үзэл “тарьж” байгаа хүмүүс гээд шууд хэлчихэд буруудахгүй л байх.

Сонгууль дөхөх болгонд МАН-д бялдуучилдаг урлаг, спорт, хэвлэл мэдээллийнхний хууч өвчнийг сэдрээхгүй байхад энэ нийтлэл жаахан ч атугай эм болж очиг.

Эх сурвалж: Д.Гансаруул (dnn.mn)