Б.Жаргалсайхан: Эрх мэдэл нэг намд хэт төвлөрвөл бид Хойд Солонгос шиг болно

Үйлдвэр, худалдааны сайд асан, Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхантай ярилцлаа.

 

“ҮНИЙН ӨСӨЛТ 2-3 ДАХИН НЭМЭГДВЭЛ НИЙГМИЙН ДУНДАЖ ДАВХАРГА Ч БАЙХГҮЙ БОЛНО”

-Засгийн газрын хуралдаанаар 10 их наядын цогц төлөвлөгөөг баталлаа. Энэ төлөвлөгөө хэр зөв бэ? Та энэ талаар юу гэж бодож байна?

-Хамгийн гол нь эдийн засгийн цоорхойг сайн бөглөх хэрэгтэй байна. Банк санхүүгийн реформуудыг яаралтай хийх хэрэгтэй. Жишээ нь, Хадгаламжийн хүүг 0,5%-1% болгох. Арилжааны зээлүүдийн хүүг Европ, АНУ, Японы дундаж арилжааны ханшуудаар сар болгон тодорхойлж, ханшаа хатуу тогтоодог байх хэрэгтэй. Дээр нь бид дэндүү их импортоор амьдраад байна л даа. Өргөн хэрэглээний бараа, барилгын материал гээд 100 % импортоор амьдарч байна. Дотооддоо хийж байгаа зүйл бараг байхгүй. Нийт хүнсний ногооны хангамжийн 5%-ийг л дотооддоо хангаж байна шүү дээ. Бусдыг нь урд хөршөөс оруулж ирдэг. Энэ бол олон жил бодлогогүй явсны зовлон байхгүй юу. Дотоодын мөнгөө бүтээн байгуулалт хийж байна гээд барилга руу шидчихье л дээ. Залуучуудын хороолол гэх мэт. Инфляци, долларын ханш, үнийн өсөлтөө яах юм. Одоо дахиад үнийн өсөлт 2-3 дахин нэмэгдэх юм бол нийгмийн дундаж давхарга ч байхгүй болно. Бүгд үгээгүй хоосон, ядуу болох зам руу орно. Тийм учраас эхлээд банк санхүү, гадаад худалдаагаа цэгцлэх хэрэгтэй. Махныхаа экспортыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Арьс ширийг мал эмнэлэг, малын өвчлөлийн асуудлыг цэгцэлж байж шийдэх хэрэгтэй болж байна. Уг нь орчин үеийн стандарт, ариун цэврийн шаардлага хангасан 4-5 том мах комбинат байх ёстой. Гэтэл одоо мах комбинат байхгүй. Зүгээр махан цехүүд байгаа. Дээр нь импортыг орлох хэрэгтэй. Монголд үйлдвэрлэж болох импортоор орж ирдэг барааны татварыг нэмж, гаалийнхаа асуудлыг цэгцлэмээр байгаа юм. Гол нэр төрлийн хүнсний ногоогоо дотооддоо 100% хангах бүрэн боломжтой шүү дээ. Хамгийн гол нь яагаад энэ бүх ААН гарч ирж болохгүй байгаа юм? Шалтгаан нь:

  1. Импортоор хямдхан ногоо оруулж ирдэг.
  2. Тариаланчид хангалттай санхүүжилтээ авч чаддаггүй.

 

МАКРО ЭДИЙН ЗАСГАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ЖДҮ ЯРИАД НЭМЭРГҮЙ

Ажил хөдөлмөр эрхлэх нь хүн амьдрахын тулд хийх ёстой зүйл юм. Түүнээс хувийн сонирхол байж болохгүй. Эрүүл саруул хүн бүр оюуны бөгөөд биеийн хөдөлмөр эрхлэж байж амьдардаг байх ёстой. Хөдөлмөрийн хууль зүйн орчинтой болох ёстой. Хэрэв тэгэхгүй бол үр дүнгээ өгөхгүй. Манай улс дэлхийн бусад оронтой худалдааны хэлэлцээр хийх хэрэгтэй. Манай гадаад бодлого бол дандаа гадаад орноос зээл, тусламж гуйдаг. Худалдааны хэлэлцээр хийдэггүй. Гадаад худалдааны яамаа татан буулгаад байхгүй болгочихсон. Одоо Гадаад хэргийн яаманд гадаад худалдаа хариуцсан хоёрхон мэргэжилтэн сууж байгаа шүү дээ. Яаж тэгж болох юм бэ. Эхлээд макро эдийн засгаа цэгцлэхгүй бол бид ЖДҮ яриад нэмэргүй. ЖДҮ-ийн хэрэглээг өсгөхийн тулд хүн амынхаа орлогыг өсгөх хэрэгтэй байна. Өнөөдөр дундаж цалин 200 ам.доллар. Үүнээс хэдийг нь идэж, хэдийг нь байрандаа өгч, хэдийг нь унаандаа өгөх вэ? Хүрэх үү? Хүн амынхаа орлогыг нэмэгдүүлж байж ЖДҮ хөгжинө. Худалдан авагчгүй бол мянган үйлдвэр бариад яах юм. 10 их наяд төгрөгийг их зөв зарахгүй бол эргээд бид үүнээсээ их зовлон амсах болов уу гэж санаа зовж байна.

 

БАНК САНХҮҮГИЙН РЕФОРМ ХИЙХ ХЭРЭГТЭЙ

-Монголын эдийн засаг үнэхээр болохгүй байгаа юм уу? Та бизнес эрхлэгч, УИХ-ын гишүүн, сайд байсан хүн. Монголын эдийн засаг ямар байгааг иргэддээ тайлбарлаад өгөөч.

-Нийгэм, эдийн засгийн байдал хүнд байна. Дэлхий даяар шинээр эдийн засгийн бичилт эхлэх гэж байна. ОХУ-д АНУ-ын Засгийн газар, Европын холбооноос эдийн засгийн хориг арга хэмжээ авчихлаа. Хятадтай эдийн засгийн дайн зарлачихсан улам гүнзгийрч байна. Яг энэ эдийн засгийн мөчлөгт бид тулж байгаа юм. 30 жилийн турш зөндөө л мөнгө гарч байгаа шүү дээ.  Гаднаас ч хүртэл 22 миллиард ам.долларын зээл авсан. Яагаад бидний амьдрал сайжрахгүй байгаа юм бэ. Яагаад бид ажлын байртай болж чадахгүй байгаа юм, яагаад тогтвортой орлоготой болохгүй байгаа юм, яагаад ядуурал улам ихсээд байна. Энэ бол макро эдийн засгийн бодлоготой холбоотой. Өөрөөр хэлбэл, банкны зээлийн хүү, хадгаламжийн хүү асар өндөр. Тийм учраас санхүүчид зөвхөн мөнгө л хүүлэх тухай бодоод байна уу гэхээс бодит эдийн засаг, секторуудыг боддоггүй. Бид банк санхүүгийн реформ хийх хэрэгтэй. Хадгаламжийн хүүг буулгах хэрэгтэй. Улс төрчид яаж байна вэ гэхээр бага хүүтэй мөнгө аваад хадгаламжинд хийчхэж байгаа юм. Нийгмийн баялаг бүтээхгүй зүгээр л хямдхан хүүтэй мөнгө аваад банкинд хадгалж, хүүг нь идээд луйвар хийж байдгийг одоо таслан зогсоох хэрэгтэй. 30 жил үргэлжиллээ шүү дээ. Жил болгон 2-3 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв батлаад яваад байдаг. Дээр нь засаг захиргаа, төр асар замбараагүй мөнгийг зарж байна. Татвар хэн төлөх вэ гэдэг асуудал эзэнгүй.

-МАН, МАХН нэгдэх яриа гарч эхэллээ. Энэ дээр таны байр суурь ямар байна вэ?

-Айлын эрх, тэнэг хүүхдүүд шиг байх юм. Нэг салаад, нэг нийлээд л. Сонгуульд хүртэл Н.Энхбаярыг ялтай, шийтгэлтэй гээд оруулаагүй биз дээ МАН-ыхан. Ийм ёс зүйгүй байж болох юм уу ер нь. Н.Энхбаяр чинь АН-тай эвсэл болоод сонгуулиар гүйгээд байсан. Одоо нөгөө муу Х.Баттулгыгаа үзэн ядаастай, муу хэлээстэй. Одоо тэнд У.Хүрэлсүхийг магтан дуулах нь байна. Оронд нь нэг албан тушаал авах нь ээ янз нь. Тийм жудаггүй байж болох уу.

 

МАН-Д АЛБАН ТУШААЛ БАГАДААД БАЙГАА ЮМ УУ?

-Эрх мэдлийн хэт төвлөрөл эргээд нэг намын тогтолцоо руу орох нь улс оронд ямар аюултай байдаг вэ?

-Бид ер нь цаашид Хойд Солонгос шиг коммунист орон болох юм уу. Эсвэл Япон, Солонгос, Америк, Европын орнууд шиг болох юм уу. Энэ хоёрын зааг дээр байна. Алийг нь сонгох юм. Хэрвээ Хойд Солонгос шиг болъё гэж байгаа бол бүх юмыг, улс төрийн хүчнийг МАН-д өг. Тэгээд Төрийн гурван өндөрлөгөө бүгдийг нь МАН-д өгчих. Үүний дараа малаа нийгэмчил. Нэгдэлжих хөдөлгөөн байгуул. Бүх өмч, хөрөнгүүдээ хурааж аваад улсынх болго. Тэгээд бүгдээрээ цэнхэр даалимбан өмд цамцтай бол. Илүү дутуу юм өмсөж болохгүй. Дээр нь бүх мэдээллийн хэрэгслээ хаа. Интернэт, Фэйсбүүк, Твиттер бүгдийг нь хаах хэрэгтэй. Хойд Солонгос, Хятад тийм байгаа шүү дээ. Тэрийг хүсээд байвал тэг. Нэг нам өөрсөдтэй нь сөргөлддөг улс төрч бөгөөд улс төрийн хүчнийхээ “толгойг нь тасдаж хаяна”, хүний эрхийн тухай ярихаа болино гэсэн үг. Ийм замаар явсан орон зөндөө байна. Бид тэр лүү явах хэрэг байна уу. МАН-д албан тушаал багадаад байгаа юм уу. Хангалттай төрийн эрхийг авчихсан байгаа шүү. Гүйцэтгэх засаглалыг авчихсан. МАН-ынхан Бүх банк санхүү, улсын хүчний байгууллагын эрх мэдлийг өөрсдөдөө авчихсан. Одоо энэ улс орныг хөгжүүлэхэд юу саад болоод байгаа юм. Ерөнхийлөгчийн сэнтийг л авах дутаад байна уу. Дараа нь яах вэ. Өөрсдийгөө Богд гэгээн, Далай лам болгож зарлах уу. Манай залуучууд тэгж болохгүй ээ. Ухаантай байх хэрэгтэй. Ерөнхийлөгчийн сонгуулийг сайн бодож өгөх ёстой.

-АН өнгөрсөн 30 жилийн хугацаанд төрийн эрхийг ээлжлэн барьж байсан улс төрийн хүчин шүү дээ. Гэтэл одоо доороо ч гүйдлээ олохгүй дээрээ ч суудлаа олохгүй болчихлоо?

-Ардчилал монголчуудад их юм өгсөн байх аа. Улс төрийн тодорхой удирдагч нарын болчимгүй үйл ажиллагааг Монголын ардчиллыг гутаах журмаар харж болохгүй. Ардчилал бол эрх чөлөө, тусгаар тогтнол, хүний эрх. 1990 оны ардчиллыг бий болгосноороо бид Хойд Солонгосоос илүү хөгжилтэй орон болсон шүү дээ.  Аз жаргалын индексээрээ илүү өндөр амьдарч байгаа. Алдаж байгаа зүйлс байна. Нэг хэсэг нь ядуу байна. Нөгөө хэсэг нь ажил хийхгүй байна. Зарим нь хулгай хийж байна. Үнэн. Дутагдлууд байна. Үүнийг өөрчлөхийн төлөө ардчиллын үйл явцыг улам тодорхой болгох ёстой.  Бид чинь бас яг ч ардчилсан нийгэм байгуулаагүй байна шүү дээ. Сонгууль хийнэ тэр чигтээ луйвар булхай. Хууль хүчний байгууллага нь үйл ажиллагаагаа хаалттай явуулна. Энэ ардчилсан нийгэм биш ээ. Ардчилсан нийгэмд бүх юм нээлттэй байдаг.

-Баярлалаа.