ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НӨХӨН ҮРЖИХҮЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ, ТӨРӨХ ҮЕИЙН ОРЧИН НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 78 дугаар тогтоолоор батлагдсан “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцах хүрээнд Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа ЭХЭМҮТ, НЭМГ, НЭМҮТ, ЭМХТ, НҮБ/ХАС зэрэг байгууллагын төлөөллүүдтэй цахим зөвлөгөөн зохион байгууллаа.

Дэлхий нийтээр баримталж буй “Тогтвортой хөгжлийн зорилт”-ууд нь 2015 онд хэрэгжилтийн хугацаа нь дуусгавар болсон “Мянганы хөгжлийн зорилт”-уудын үргэлжлэл бөгөөд энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2016 онд “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг батлан хэрэгжүүлж байгаа билээ.

“Мянганы хөгжлийн зорилт”-уудыг 2015 онд дүгнэхэд, манай улс эхийн эндэгдлийн түвшинг 1990 оны түвшнээс 75 хувиар бууруулж, 5 дахь зорилтоо биелүүлсэн есөн орны нэг болж чадсан байна. Иймд ирэх 2030 он хүртэл үргэлжлэх “Тогтвортой хөгжлийн зорилт”-уудаа биелүүлэхээр “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж байна.

Өнөөдрийн байдлаар,тус үндэсний хөтөлбөрийн суурь үзүүлэлтээс эхийн эндэгдэл 100.000 амьд төрөлтөд 17.8 хувь, 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин 1000 амьд төрөлтөд 6.6 хувь, нялхасын эндэгдлийн түвшин 5.0 хувь, нярайн эндэгдлийн түвшин 1.2 хувиар буурчээ.

Түүнчлэн жирэмсний хяналт, эх нярайн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулж, эхийн болон нялхсын эндэгдлийг бууруулах зорилтын хүрээнд “Нэрийн хяналт”үзлэгийн хуваарийгнэвтрүүлж, өрх болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн жирэмсний хяналтын мэдээллийг цахимжуулах ажлыг зохион байгуулж байна. Өрх, дүүрэгт жирэмсний хяналт, үзлэгийн хуваарийг цахимжуулснаар жирэмсэн эхэд үзүүлэх тусламж үйлчилгээг нэмэгдүүлж, төрөх болон төрсний дараах хүндрэлээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн болон төрөх үеийн тусламж үйлчилгээнд шаардлагатай тусгай зориулалтын орыг ЭХЭМҮТ, Нийслэлийн “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газарт хүлээлгэн өгч байсан бол, өдгөө ДЭМБ-ын тусламжтайгаар хөдөө орон нутгийн 10 аймагт уг орыг хүргүүлэхээр боллоо.

Цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч, өвөлжилтийн байдал хүндэрч болзошгүй эрсдэл өндөртэй Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймагт жирэмсэн эхчүүдийг амрах байранд авчрах, төрсний дараа эх нярайг гэрт нь хүргэх, нярайн гэрийн эргэлт үзлэгийг товлосон хугацаанд чанартай хийхэд зориулах шатахууны зардалд НҮБ/ХАС-аас санхүүгийн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах юм.

Коронавируст“Ковид-19” цар тахлын нөхцөл байдлаас үүдэн төрөлт өндөртэйд тооцогддог Баян-Өлгий, Дорноговь, Сэлэнгэ, Увс, Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх болон халдвартын тасгийг тохижуулах ажлыг эхлүүлж, эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах цахим сургалт мөн тогтмол хийгдэж байна.

Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа энэ удаагийн цахим зөвлөгөөгөөр “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн явцын биелэлтийг дүгнэж, охид, эмэгтэйчүүд, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүд, тэдний гэр бүл рүү чиглэсэн нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгааны ажлыг олон салбарын оролцоотой, үр өгөөжтэй зохион байгуулах, мөн жирэмсэн эхчүүдэд зонхилон тохиолдож буй ноцтой хүндрэлийг бууруулах, нөхөн үржихүйн насны охид эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг сайжруулах ажлыг эрчимжүүлэх болон бусад  асуудалд анхаарч ажиллахыг холбогдох албаны хүмүүст анхааруулж,  үүрэг чиглэл өглөө.