“Оюутолгой” ХХК зарим ажил үйлчилгээг “оффшор” гэрээнд хамааруулан татвараас зайлсхийжээ

Татварын байгууллагаас “Оюутолгой” компанийн 2016-2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Энэ удаагийн хяналт шалгалтаар олон улсын татварын асуудлыг хөндөж, зөрчил илрүүлсэн талаар Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газраас өнөөдөр мэдээлэв.

 

Хяналт шалгалтын үр дүнд “Оюутолгой” ХХК-д нийт 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан ба ирээдүйд шилжүүлэх алдагдлын дүнг 3.4 их наяд төгрөгөөр бууруулахаар шийдвэрлэсэн акт үйлджээ. Мөн үндэстэн дамнасан групп компаниуд татварын ашиг хүртэх зорилгоор хийдэг үнэ шилжилтийг “Оюутолгой” ХХК нь Рио Тинто групп, тэдгээрийн харилцан хамаарал бүхий талуудтайгаа  хийснийг Татварын алба тогтоосон тухай мэдээлэлд онцолсон байна.

 

Үнэ шилжилтийн хяналт шалгалтын хүрээнд харилцан хамаарал бүхий компани хооронд хийсэн хэд хэдэн төрлийн ажил гүйлгээнд томоохон хэмжээний тохируулга хийсэн байжээ. Уг зөрчлийг илрүүлэн тогтооход олон улсад нийтлэг хэрэгжүүлдэг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ) -аас гаргасан “Үндэстэн дамнасан аж ахуйн нэгжүүд болон Татварын албадад зориулсан Үнэ шилжилтийн зөвлөмж”, BEPS хөтөлбөрийн 8-10 дахь үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх зөвлөмжийг ашигласан байна.

 

Энэ төрлийн хяналт шалгалт нь аль ч улсад нэлээд нарийн төвөгтэйд тооцогддог  бөгөөд Монголын Татварын алба сүүлийн 10 -аад жил ЭЗХАХБ, Олон улсын валютын сан, Дэлхийн банк, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр, Жайка, Засгийн газар хоорондын форумтай хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж тэдгээрийн багш, мэргэжилтэн, зөвлөхүүдийн зөвлөмж, арга зүйн хүрээнд ажилласны үр дүнд Үнэ шилжилтийн хяналт шалгалтыг олон улсын жишигт нийцүүлэн хийсэн.

 

Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтад дэлхийд өндөр зэрэглэлд тооцогддог инженеринг, угсралт, суурилуулалт, техник, зөвлөх үйлчилгээ, мэдээлэл, технологийн гэх мэт 250 гаруй компанид ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр компаниудад олон улсад баримталдаг эх үүсвэрийн дүрэм буюу Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлогод Монгол Улс татвар ногдуулах зарчмыг баримтлан татварын хяналт шалгалтыг хийж гүйцэтгэжээ. “Оюутолгой” ХХК нь Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгээгүй ажил, үзүүлээгүй үйлчилгээ гэж үзэн тодорхой ажил, үйлчилгээг “оффшор” гэрээнд хамааруулан холбогдох татварыг суутган авч төлөхгүй байгаа нь Монгол Улсын татварын хууль тогтоомжид тусгасан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эх үүсвэрийн дүрмийг зөрчсөн хэмээн татварын алба үзжээ.

 

Цаашид “Оюутолгой” ХХК нь 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын татварын багц хуулийн хүрээнд олон улсын стандарт жишигт нийцсэн үнэ шилжилтийн тайланг гарган тайлагнаж, Хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтворжуулсан татварын хувь хэмжээгээр татвараа үнэн зөв ногдуулан тайлагнаж, төлөх үүрэгтэйг мөн мэдээлэлд дурдсан байна.