Д.Цэрэндулам: Монгол бичгээ сурахыг Цээгий миний бие уриалж байна!

2025 оноос бүх нийтээр хос бичигтэн болох зорилт тавин монгол бичгийг төрийн болон нийтийн хэрэглээнд оруулахаар төлөвлөж байгаа. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга монгол бичиг сурахыг нийтэд уриалан телевизээр анхан шатны цахим хичээл зааж эхэлсэн билээ. Энэхүү хичээлийг 80 настай буурлаас 8 настай балчир мөн ажлын талбар дээрээ байгаа залуус маань ч идэвхтэй үзэж, нэг хэсэг нь анхлан суралцаж, нөгөө хэсэг нь үзсэнээ бататгаж байна.
Шивээ хүрэн боомтод нүүрс тээврийн жолоочоор ажиллаж байгаа Д.Цэрэндулам бүсгүй монгол бичгийн мэдлэгээ энэхүү хичээлийн тусламжтайгаар бататгаж “Төрийн сүлд минь өршөө! Монгол Улсынхаа төрийн тэргүүний зааж байгаа монгол бичгийн хичээлийг нөр их ажлынхаа заваар амжуулан өмнө сурснаа сэргээх сайхан боломж тохиолоо. Би Шивээ хүрэн боомтод жолооч болоод бараг 4 жил болж байна. Энд нийтдээ 3000 жолооч Монгол улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулан өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Монгол Улсын хилээр гарч орох тоолондоо бид үндэсний тусгаар тогтнол, үндэсний бичиг, үндэсний гэх бүх зүйлээ хайрлах сэтгэл эгнэгт төрдөг шүү. Алтан шар замын жинхэнэ баатарлаг эрчүүд, эмэгтэйчүүддээ Монгол бичгээ сурахыг Цээгий миний бие уриалж байна!” хэмээн залууст уриалжээ.