“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн салбар зөвлөлийг Увс аймагт Засаг даргаар ахлуулан 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, дөрвөн жилийн хугацаанд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө батлуулан ажиллаж эхлээд байна.

 

“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ын зорилго нь Монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих бэлтгэлийг бүрэн хангахад оршиж байгаа аж.

Хөтөлбөрийн төсөлд 4 зорилтын хүрээнд 56 арга хэмжээг 2020-2024 онд хэрэгжүүлэхээр тусгасан байна. Өмнөх хоёр хөтөлбөрийн хэрэгжилтэд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага голлох үүрэг гүйцэтгэсэн бол 3 дахь удаагийн энэхүү хөтөлбөрт соёл, урлаг, шинжлэх ухаан, хэвлэл мэдээлэл, төрийн бүх шатны байгууллага ижил түвшинд хамтран ажиллах шаардлагатай байна. 

Увс аймгийг хөгжүүлэх ирэх 5 жилийн үндсэн чиглэлд монгол хэл бичгийн багш нар болон иргэдийн монгол бичгийн чадварыг ахиулах, хөгжүүлэх чиглэлээр хоёр зорилт орж байгаа аж.