Самарт явсан иргэдийг татаж байна

Самарт явсан иргэдийг харъяа орон нутагт татан авч шилжүүлэх ажил үргэлжилж байна. Хөвсгөл аймгийн удирдлага, тус аймгийн Онцгой байдлын газар Сэлэнгэ аймагт самарт явсан иргэдээ өнөөдөр татаж байна.

 Бүх нийтийн Бэлэн байдал зарлахаас өмнө Хөвсгөл аймгаас Сэлэнгэ рүү самарт явсан 260 гаруй иргэнийг үүний өмнө татан авсан юм. Одоо Сэлэнгэ аймгийн Хүдэр, Мандал сум болон Бугант тосгоноос иргэдээ татан авч байна. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын мэдээллээр Хөвсгөл аймгийн иргэдээс Хүдэр суманд 130, Ерөөд 90, мөн Мандал суманд 135 байгаа аж. Эдгээр иргэдийг Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас "COVID-19"-ийн шинжилгээнд хамруулан бүртгэж байна. 

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас 12 дугаар сарын 7-ныг хүртэл хөл хориог хязгаарлаад байсантай холбоотойгоор иргэд зорчих боломжгүй байсан. Тэгвэл энэ сарын 7-ноос хойш хөдөлгөөнийг нээсэн учир Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн удирдлага Онцгой байдлын газруудын түвшинд иргэдийг татан авах талаар ярилцаж зохих шийдвэр гарган Хөвсгөл аймгаас өнөөдөр зорчигчийн 4 автобус, халдвар хамгааллыг сахиулах төрийн 10 алба хаагчийг 4 автомашинтай гарган иргэдээ татан авч байна.