Шинээр 11 хүн коронавирусээр халдварлажээ

Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Ховд аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 4-нд нийт 20 240 хүнд шинжилгээ хийснээс 11 хүнд коронавирус илэрчээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр, “Улаанбаатар хотод шинээр гурван тохиолдол бүртгэгдсэнээс хоёр нь өмнөх хавьтлын давтан шинжилгээ бөгөөд нэг тохиолдол нв автобусны жолоочтой ойр харилцсан хүн байна. Нийт автобус баазын 512 хүнийг шинжилгээнд хамруулахад коронавирус илрээгүй. Улаанбаатар хотод кластер халдварын нийт 99 тохиолдол бүртгэгдээд байна.

Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн дөрвөн тохиолдол нь гэр бүлийн болон ойрын хавьтлын шинжилгээнээс коронавирус илэрчээ. Дорновь аймгийн Замын-Үүд суманд дөрвөн тохиолдол бүртгэгдсэн нь  мөн ойрын хавьтал байв. Ингэснээр Сэлэнгэ аймагт 197,  Дорноговь аймагт 25 тохиолдол болж байна” хэмээв.

 

Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт шинэ тохиолдол нэмэгдээгүй байна.

 

Өнөөдрийн байдлаар, манай улсад "COVID-19" халдварын тохиолдол 842 болж байна. Өнгөрсөн 24 цагт ХӨСҮТ-ээс нэг хүн эдгэрч, дараагийн шатанд шилжсэнээр 368 хүн эдгэрээд байна. Ажиглалтад 35 , гэрийн хяналтад 11 хүн байгаа бол 322 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ.

 

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт коронавирусний улмаас 465 хүн эмчлүүлж байгаагаас 2 хүн маш хүнд, 6 нь хүнд, 76 нь хүндэвтэр, 377 нь хөнгөн байгаа аж.

Түүнчлэн Сэлэнгэ аймагт дөрвөн хүн эмчлүүлж байгаа юм.