
Энэ нь өмнөх өдрийнхөөс өвчлөл 72 мянган хүнээр, нас баралт 987 хүнээр буурсан байна гэсэн таатай мэдээллээр ЭМЯ-ны өнөөдрийн 11.00 цагийн хэвлэлийн хурал эхэллээ.
ЭМЯ-ны Урьдчилсан сэргийлэх, Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ “Дэлхийн хэмжээнд 216 улсад 54.7 сая хүн коронавирусний халдвараар өвчилсөн. Монгол Улсын хувьд, коронавирусний 455 тохиолдол бүртгэгдсэн. Говьсүмбэр, Сэлэнгэ, Дархан-Уул, Улаанбаатар хот гэсэн дөрвөн газар өвчлөл кластер хэлбэрээр бүртгэгдээд байна. Ийм учраас иргэд халдвараас хамгаалж гэртээ байх шаардлагатай байна.
Нийслэлийн түргэн оношилгооны цэгт 9200 хүн шинжилгээ өгсөн. ЗӨСҮТ-ийн дөрвөн баг нийслэлийн шинээр гарсан голомтод халдаргүйтгэл хийж, нийт 29 обьектод эцсийн халдваргүйтгэл хийсэн. Мөн 119, 1800-0119 утаст 7239 хүн холбогдож, коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, шинжилгээ хэрхэн өгөх талаар зөвлөгөө авсан байна” гэлээ.