Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Төв аймгийн нутаг, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр өнөөдөр их бороо орохыг Цаг уур, орчны шинжилгээний газрын урьдчилан мэдээлэх хэлтсээс анхаарууллаа.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр  төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь  болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд нутгийн зүүн хагаст усархаг бороо, 11-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

7 дугаар сарын 9-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, ахиухан хэмжээний усархаг бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, төвийн аймгуудын нутгийн өмнөд,  говийн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр, зарим газраар  борооны өмнө түр зуур ширүүснэ. 

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр болон Дорнод Дарьгангын тал нутгаар 30-35 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшиж, бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө бага зэрэг сэрүүсч 21-23 хэм дулаан байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газрын Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.