Хүүхэд багачуудын дунд гар зураг, зохион бичлэгийн уралдаан зарлаж байна

“Эх орон надаас эхэлнэ” уралдааны удирдамж

Зохион байгуулагч:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар

Зорилго:

Цар тахлаас үүдэлтэй хөл хорионд орж, хичээл сургууль завсарлаж, найз нөхөдтэйгөө тоглож наадах боломж бага байгаа хүүхэд багачуудын дунд гар зураг, зохион бичлэгийн уралдаан зарлаж байна.

Ингэснээр хүүхдүүдийн цаг завыг үр ашигтай, зөв боловсон өнгөрүүлэх, оюун сэтгэлгээ, ур чадвараа хөгжүүлэхэд нь түлхэц үзүүлэхийг зорьж байна. Мөн гар зураг, зохион бичлэгээр дамжуулан нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх, үзэл бодлоо бүтээлчээр чөлөөтэй илэрхийлэх, тэдний дотоод ертөнц, хүсэл мөрөөдөл, санал санаачилгыг дэмжих, уралдаанд оролцогч хүүхдүүдийн гар зураг, зохион бичлэг, эсээгээр дамжуулан нийгэмд эерэг хандлага, зөв соёлыг төлөвшүүлэхийг чухалчилж байна.

Хугацаа:

2020 оны 6 дугаар сарын 01-нээс 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл.

Насны ангилал:

Гар зургийн төрөлд оролцогчид нь:

  1. Сургуулийн өмнөх нас: 3-6;
  2. Бага нас: 7-9 насны,

Зохион бичлэгийн төрөлд оролцогчид нь:

  1. Дунд нас: 10-14 нас;
  2. Ахлах нас: 15-17 нас.

Бүтээл хүлээн авах:

Гар зургийн болон зохион бичлэгийн уралдаанд ирүүлэх бүтээлээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Танаа хэмээн хаяглаад өөрт ойр байрлах шуудангийн салбараар дамжуулан үнэ төлбөргүй илгээгээрэй.

Уралдаанд оролцож буй хүүхдийн овог, нэр, нас, цэцэрлэг, сургууль, анги, бүлэг, харилцах утасны дугаарыг заавал бичээрэй.

Харилцах утас:

51-265003, 11-328006 дугаарын утсаар дэлгэрэнгүй мэдээллийг тодруулж болно.

Шалгаруулалт:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын https://www.facebook.com/presidentMGL/ цахим хуудсанд байршуулж, хамгийн их хандалт авсан байдлыг харгалзан сэдвийн хүрээнд ирүүлсэн бүтээлийн гүйцэтгэл, ур чадвараар үнэлэн 21 аймаг, нийслэлээс тус бүр шалгаруулна.

Уралдааны үр дүнд хэрэгжүүлэх ажил:

  • Уралдаанд оролцсон хүүхдүүдийн бүтээлийг эмхэтгэн хэвлэж, олон нийтэд түгээн сурталчилна.
  • Оролцогч хүүхдүүдийн дэвшүүлсэн зарим санал санаачилга, тулгамдаж буй асуудлыг төр, засгийн бодлогод тусгуулах нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулна.
  • Уралдаанд амжилттай оролцсон хүүхэд, багачуудыг шагнан урамшуулна.